Трампын сул амнаас болж эргүүлэн татагдсан гэх тагнуулчийн дуулиан 
2019-09-11

Оросын Засгийн газарт ажиллаж байсан “Тагнуулын төв газрын тагнуул”-ын тухай түүх ихээхэн шуугиан тарьж байна. 


Оросын бодлогын талаар нууц мэдээллүүдийг АНУ-д дамжуулдаг, Кремльд өндөр албан тушаалтан мэтээр халхавчин дор ажилладаг байсан тагнуулаа илчлэгдэхээс нь сэргийлж Америкийн Тагнуулын төв газар 2017 онд нууцаар эргүүлэн татсан талаарх мэдээллийг Си Эн Эн агентлаг дамжуулсан тухай бид мягмар гаригт мэдээлсэн. 

CNN: Кремльд ажиллаж байсан тагнуулаа АНУ нууцаар хил нэвтрүүлсэн 


Энэ мэдээлэлд тагнуулчийн нэр гараагүй, гагцхүү “Оросын Засгийн газарт өндөр албан тушаалд ажиллаж байсан” гэж онцолсон байна. 

Үүний араас,  The New York Times-ын мэдээлснээр, тагнуулч “Кремлийн өндөр албан тушаалтнуудтай уулзах боломжтой нөлөө бүхий албан тушаал хашиж байсан” гэнэ. 


АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуульд “Оросын тал хөндлөнгөөс оролцсон” гэж АНУ-ын тагнуулууд шалгаж эхлэх үеэр түүнийг Оросоос буцахыг санал болгожээ. Гэвч тагнуулч гэр бүлийн байдлаас үүдэн татгалзсан гэнэ. Ийм шийдвэр гаргасан нь Америкийн тагнуулын удирдлагуудад сэжиг төрүүлж, түүнийг үнэнчээр ажиллаж байгаа эсэхэд эргэлзэж эхэлжээ. 


Улмаар, хэдэн сарын дараа, 2017 онд дахин санал тавихад энэ удаад тагнуулч зөвшөөрөн, Оросыг орхин гарсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. 


Нууц ажилтныг шилжүүлсэн шалтгаан нь Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров болон тухайн үед Оросын Элчин сайд байсан Сергей Кисляк нартай уулзах үеэрээ “Исламын улс” бүлэглэлийн үйлдэлтэй холбоотой тагнуулын нууц мэдээллийг Оросын талд задруулсантай холбоотой гэж Си Эн Эн мэдээлсэн юм. 
Үүний дараа Америкийн Тагнуулын төв газар мэдээллийг няцаасан бол Дональд Трамп “юу ч мэдэхгүй” хэмээн мэдэгджээ. 


“Тагнуулын төв газар хариултаа өгчихсөн байна. Тэдний мэдэгдэлтэй би санал нэг. Би юу ч мэдэхгүй” хэмээн Трамп мэдэгдсэн байна. 


Тагнуулч жинхэнэ нэрээрээ Вашингтоноос холгүй амьдардаг 


Орост ажиллаж байсан тагнуулын тухай мэдээлэл цацагдаж, дуулиан тарьсны дараа Америкийн NBC телевизийн нэг сэтгүүлч, есдүгээр сарын есний өдөр,  Тагнуулын төв газрын мэдээлэгч байж магадгүй хүн амьдардаг, Вашингтоноос холгүй орших, Виржиния мужид байх байшинд очжээ. Гэвч сэтгүүлчийг очсноос хэдхэн минутын дараа том машинтай хоёр залуу ойртон ирж, байшингийн эзний найзууд хэмээн өөрсдийгөө танилцуулаад, ямар учраас энэ байшинг сонирхож байгаа талаар асууж эхлэсэн байна. 


Хувь хүний аюулгүй байдлын үүднээс байшингийн эзний нэрийг NBC суваг зарлаагүй бөгөөд харин “Оросын өндөр албан тушаалтан ” нэрийн дор тагнуулч хийж байсан хүн өөрийнхөө нэрээр энд амьдарч байсан хэмээн онцолжээ. 


Мөн энэ телевизид өөр хоёр эх сурвалж мэдээлэл өгөхдөө, тэрхүү байшинд амьдардаг хүн нь 2017 онд Оросоос авчирсан тагнуулч мөн гэж батласан бөгөөд түүний аюулгүй байдлын үүднээс удалгүй өөр газарт шилжүүлэх байх хэмээсэн байна.

 
Тагнуулч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газарт ажилладаг байв уу? 


Энэ мэдээлэл цацагдснаас хойш Оросын хэвлэлүүд тагнуулчийн “эрэлд гарч”, улмаар Оросын төрийн тэргүүний хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан Олег Смоленков гэх хүн тагнуулч байсан байж болзошгүй хэмээн мэдээлсэн юм.  Үүний зэрэгцээ, Смоленковыг өөр газарт ажиллаж байсан ч гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. 


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Елена Крылова түүнийг энэ байгууллагад хэзээ ч ажиллаж байгаагүй хэмээн мэдэгдсэн бол Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Смоленковыг Ерөнхийлөгчийн захиргаанд өмнө нь ажиллаж байгаад халагдсан гэж батлажээ. 


“Смоленков Ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн жилийн өмнө дотоод тушаалаар халагдсан. Түүний ажил өндөр албан тушаалын зэрэглэлд хамаардаггүй байсан” гэж Песков мэдэгдсэн ч ямар шалтгаанаар халагдсан талаар тайлбар өгөөгүй байна. 


Мөн Смоленков Ерөнхийлөгчтэй шууд холбоо тогтоох хэмжээний албан тушаалд байгаагүй гэдгийг онцолжээ. 


Харин Смоленков Тагнуулын төв газрын тагнуул байсан эсэх талаарх асуултад “Би үүнийг батлаж чадахгүй. Яагаад гэвэл тэр тагнуул байсан эсэхийг би мэдэхгүй. Ганц л зүйл та бүхэнд батлан хэлье. Захиргаанд тийм ажилтан байсан, дараа нь халагдсан” хэмээн хариулсан байна. 


Смоленковыг одоо хаана байгаа талаар Кремль ямар мэдээлэлтэй байгааг сэтгүүлчид асуухад: 


“Бид хүмүүсийг эрэн сурвалжилдаггүй. Кремлиэс халагдсныхаа дараа Смоленков хаана ажилласан, Оросоос алга болсон эсэх талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй” хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин