Трамп: Талибууд халдлага үйлдэж байгаа үед хэлэлцээр хийхгүй 
2019-09-18

Афганы Парван болон Кабулд үйлдсэн шиг халдлагуудыг талибууд хийсээр байвал хэт даврагч “Талибан” хөдөлгөөнтэй энх тайвны хэлэлцээр хийхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 


“Афганы ард түмний эсрэг хийсэн талибуудын халдлагуудыг АНУ эрс шүүмжилж байна. Ерөнхийлөгч талибууд энэ төрлийн халдлага хийсээр байвал энхийн хэлэлцээр байгуулах тухай авч хэлэлцэхгүй гэдгийг онцолсон” хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Энд дуулгахад, АНУ өнгөрсөн оны намраас эхлэн талибуудтай энхийн хэлэлцээр хийх ажиллагааг эхлүүлсэн. Афганистаны засгийн газар энэ ажиллагаанд оролцоогүй бөгөөд энхийн хэлэлцээр нь салан тусгаарлах үзлийг нь дэмжсэн гэж АНУ-ыг буруутгаж байлаа.  Хоёр тал есөн удаа уулзсаны дүнгээр талибуудтай энхийн тухай зарчмын тохиролцоонд хүрч АНУ Афганистанаас 5000 гаруй цэргээ гаргана гэж тохиролцоонд тусгасан юм. 


Эргэн сануулахад, мягмар гаригт Афганистаны Парван суурин болон нийслэл Кабулд болсон халдлагуудын хариуцлагыг талибууд хүлээсэн. Парван сууринд ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн өмнөх сурталчилгааны штабаас холгүйхэн хоёр дэлбэрэлт болж, 24 хүн амиа алдан, 30 гаруй хүн шархадсан юм. Энэ халдлагын дараахан Кабулын төвд дахин нэг халдлага гарчээ. 

 

 

Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас 24 хүн амиа алдав 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин