“Харь гаригийн ангуучид” хорих ялаар шийтгүүлэв 
2019-09-18

Америкийн Невада мужийн шүүх “51 дүгээр бүс” нэрээр алдаршсан, цэргийн бааз руу хууль бусаар нэвтрэх гэсэн Голландын видео блогчин Говерт Свип болон Тис Гранзье нарт 10 хоног хоригдох ял оноожээ. 


Тэднийг нууц бааз байрлах нутаг дэвсгэр дээрээс баричилсан бөгөөд нэгжлэг хийх үеэр тэдний машинаас дүрс бичлэг хийх хэрэгслүүд олдсон байна. Баазын нутаг дэвсгэр рүү нэвтэрч болохгүй гэдгийг анхааруулсан тэмдгийг харсан ч хууль бусаар нэвтрэхээр шийдсэн гэж блогчид мэдүүлжээ. 


“51 дүгээр бүс” нь цэргийн нууц бааз бөгөөд эртнээс энд харь гаригийнхныг судалдаг гэх мэдээлэл харь гариг сонирхогчдын дунд тархсаар байсан юм. Энэ бааз байдаг талаар АНУ 2013 онд л мэдэгдэж байлаа. Харин энэ жилээс энэ баазыг сонирхох хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, бааз руу “дайрч орох”-ыг уриалсан  фейсбүүк постоос болж хоёр сая гаруй хүн жагсаалд нэгдэхийг дэмжсэн юм. Анхандаа энэ пост наргиа төдий байсан ч хэдийнэ газар авч, харь гариг сонирхогчид есдүгээр сарын 20-ны өдөр “51 дүгээр бүс” рүү дайрахаар бэлдэж байгаа гэх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр гарсаар байна. 


Харин АНУ-ын БХЯ энэ нууц бааз руу дайрсан тохиолдолд хариу арга хэмжээ авна хэмээн сануулсаар байгаа юм. 

Нууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин