Арабын эвсэл Йеменд цэргийн ажиллагаа эхлүүлэв 
2019-09-20

Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл Йемений хойд хэсэгт “цэргийн объектууд”-ын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн талаар Вести мэдээллээ. 


Эвслийн төлөөлөгч  Турки аль-Малики мэдэгдэл хийхдээ цэргийн ажиллагаа явуулах бай болсон объектуудаас энгийн иргэдийг хол байхыг анхааруулсан гэж онцолсны дээр “олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд нийцүүлэн” ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад онцгой анхаарч байгаа хэмээн цохон тэмдэглэсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, баасан гаригт эхлэсэн цэргийн ажиллагааны үеэр алсын удирдлагатай завь, тэнгисийн минүүд байсан дөрвөн объектыг устгажээ. 


Энд дуулгахад, энэхүү цэргийн ажиллагаа нь саяхан Саудын Арабт болсон дронуудын халдлагад өгч байгаа хариу үйлдэл байж мэдэх юм. Өнгөрсөн долоо хоногт Саудын Араб дахь дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр дронуудын халдлагад өртөж, үйл ажиллагаа нь зогссон. Халдлагыг 10 дрон ашиглан газрын тосны хоёр үйлдвэрийн эсрэг хийсэн бөгөөд энэ хэргийн хариуцлагыг Йемений босогч хуситууд өөрсөд дээрээ авсан юм. Тэд Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл Йемений хэрэгт оролцохоо зогсоох хүртэл энэ төрлийн арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байлаа


Харин энэхүү дроны халдлагад хуситууд биш Иран оролцсон гэж АНУ үзэж байгаа юм. 

 

АНУ: Газрын тосны объектуудын халдлагад Ираныг буруутгаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин