Ираны эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй боллоо
2019-09-23

Ираны эмэгтэйчүүд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах тоглолтуудаас эхлээд хөлбөмбөгийн тоглолт үзэх боломжтой болжээ. Эдгээр тоглолтууд  10 дугаар сард эхлэх юм. 

Саяхан Иранд хөлбөмбөгийн тоглолт үзснийхээ төлөө шүүхээр шийтгүүлэх болсон эмэгтэй өөрийгөө шатаан, зулын гол болсон хэрэг гарсан. Хөлбөмбөгийн дэмжигч бүсгүйтэй тохиолдсон энэхүү эмгэнэлт үйл явдлын дараа ФИФА-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино Ираны эрх баригчидтай энэ асуудлаар хэлэлцэж, улмаар эмэгтэйчүүд тоглолтуудыг чөлөөтэй үзэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Энд дуулгахад, 1979 онд Иранд исламын хувьсгал гарсны дараагаас эрчүүд тоглож буй цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийг орохыг хориглосон юм.

Эргэн сануулахад, энэ сарын эхээр Ираны хөгжөөн дэмжигч Сахар Ходайяри эрэгтэй хувцас өмсөн цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх гэж байхдаа баривчлагдаж, улмаар шоронд хоригдохоос эмээн шүүхийн гадаа өөрийгөө шатаасан. Тэрбээр их хэмжээний түлэгдэлтийн улмаас долоо хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. 

Түүний энэ эмгэнэлт үхэл Иранд төдийгүй хилийн чанадад ч олны эсэргүүцлийг дагуулсан юм.

Амиа алдсан бүсгүйг дэмжиж байгаагаа илэрхийлэн Европын эмэгтэй хөлбөмбөгчид дэмждэг багийнхаа хөх өнгийн өмсгөлийг өмссөн байсан Ходайяригийн дурсгалд зориулан талбай дээр цэнхэр өнгийн алчууртай гарч ирсэн.  Мөн энэ хэргийн улмаас Ираны холбоог ФИФА-аас хасах уриалга улам бүр нэмэгдсэн юм.

Ираны хөлбөмбөгийн багийн дэмжигч бүсгүй зулын гол болжээ

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин