Газрын албанд ТАВАН сар судлагдаж буй “гай”-тай ганц бичиг
2019-09-23

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүнд суртлаараа төрийн байгууллагуудыг тэргүүлдэг үзүүлэлтийг гайхах юм алга. Энэ байгууллагад ирсэн бичиг хаа нэг тийшээ ор сураггүй алга болж, эсвэл хэлтэс албадын хооронд “төөрчихдөг” юм байна. Хэн нэгэн албан тушаалтны ширээн дээр хэвтэж байхгүй, алга болсон бичгийн буруу байх.

 

 

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, олны мэддэгээр Улаанбаатар паласе-ын хойд талд иргэн Б зөвшөөрөлгүйгээр барилга барьж, иргэдийг хохироов, хэдэн жилийн өмнө. Хажуудаа байх орон сууцны цонхыг хааж, иргэдийн нар салхи үзэх эрхийг боов. Цаашлаад тухайн орон сууц өмчлөгчдийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн асуудал шүүхэд тулав. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд анхлан хэлэлцэгдсэн эл асуудал хэдэн жилийг дамнан үргэлжилж, шүүхээс орон суугчдын эрхийг хангах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл иргэн Б-ын барилгыг хэсэгчлэн нураах шийдвэрийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж, Улсын дээд шүүх баталгаажуулав.

 

Ингэж шүүхийн явц дуустал асуудал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирээд нам гацаж, таван сарын нүүрийг үзэж байна. Ном журмын дагуу шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хандан, мэдэгдэл хүргүүлэв. Энэ мэдэгдлийг нийслэлийн Хууль эрхзүйн хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байна. Ингэхдээ Шүүхийн тухай хуулийн 32.1-д заасны дагуу шүүхийн мэдэгдлийг ханган ажиллаж, хариу мэдэгдэхийг хүсчээ.

 

Шүүхийн тухай хуулийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй хэмээн заасан байдаг.

 

Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хөдөлсөнгүй. Ганц хуудас бичгийг бүтэн таван сар “судалсан” нь энэ.

 

Нэхэмжлэгч нар тавдугаар сард нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн З.Мөнхжинд хандаж, асуудал хаана явж буйг тодруулав. Тэр мэдээж “судалж байгаа” гэсэн хариу өгсөн. Хэсэг хугацааны дараа буюу долоодугаар сард газрын албанд очиход хариуцсан З.Мөнхжин ээлжийн амралтаа авсан учраас хуулийн мэргэжилтэн Я.Ариунцэцэгт хандаж, Баянгол дүүргийн газрын алба руу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар зөвлөмж өгнө, өнөө маргаашгүй гэсэн нааштай хариу сонсов. Гэвч үнэн хэрэгтээ тэр зөвлөмжөө явуулаагүй, харин Баянгол дүүргийн газрын албаны Баярмагнай гэх эрхэмтэй утсаар ярьж, шүүхийн шийдвэрийн талаар дуулгасан гэнэ. Албан бичгээ бариад зогсч байхад асуудлыг тоодоггүй төрийн албаныхан утсаар яриад ажлаа хийх үү?! Үгүй л дээ.

 

Ингэж сунжирсаар есдүгээр сарын эхэнд мөн л З.Мөнхжинтэй нүүр туллаа. Тэр энэ удаа алга дарам цаасыг маань нэлээн удаан хайлаа. Хажуугийн хаалганд байх Газар зохион байгуулалтын албанаасаа асуулаа, алга. Цаашлаад Баянгол дүүргийн Газрын алба руу утас цохилоо. Дүүргийн Газрын алба энэ асуудлыг мэдэж байгаа нь утасны ярианы өнгөнөөс илт. Гэхдээ л бидэнд хэлдэг шигээ бичиг цаас нэхэж байгаа нь илэрхий. Дахиад тэр Өлзийбаяр гэх мэргэжилтэн рүү залгалаа. Харин тэр нь ээлжийн амралттай байгаа сурагтай, утсаа авсангүй. Ингээд эрэл мухардав, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай албан бичиг, өргөдөл гомдол хаашаа ч юм ор сураггүй алга болжээ. Энэ уулзалтаас хойш хоёр долоо хоног өнгөрч, эцэстээ З.Мөнхжин ч утсаа авахгүй мурилаа.

 

Уг нь нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гайхамшиг бүтээж, байхгүй зүйлийг бий болгох гэж зовоод байгаа юм биш. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай чиглэл төдий бичгийг Баянгол дүүргийн Газрын алба руу илгээж, тэндээс албадан нураах тухай Засаг даргын захирамж гаргахад л болох асуудал. Бусад бүх асуудлыг шүүх хийгээд өгчихсөн.

 

Монгол Улсын шүүх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэнбугай ч биелүүлэх хуулийн заалттай. Харин хуулийн энэ заалт нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үйлчилдэггүй аж. Тиймдээ ч албаны бичгийг таван сар дарж, эцэст нь алга болгож, хэн нь хариу өгөх нь мэдэгдэхгүй уймарч байна. Хичнээн олон иргэний асуудлыг ингэж дарж суугааг таах ч боломжгүй.

 

Монгол төрийн ажил ингэж явагддаг, төрийн албан хаагчид нь ийм хариуцлагагүй учраас Монгол Улс хөгждөггүй. Албан хаагч бүр өөр өөрийн хариуцлагатай бол ажил цалгардана гэж үү?!

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин