Хонконг: БНХАУ-ын 70 жилийн ойн арга хэмжээг цөөлжээ
2019-09-30

Ирэх сарын нэгэнд болох БНХАУ-ын 70 жилийн ойтой холбоотойгоор Хонконгод зохион байгуулахаар төлөвлөж байсан арга хэмжээнүүдийн тоог цөөлсөн талаар Хонконгийн захиргаа мэдэгджээ.

 

Энэ хотод үргэлжилж буй эсэргүүцлийн арга хэмжээний улмаас баярын ёслолын буудлага төлөвлөснийг цуцлан, гадаа талбайд төрийн дуулал эгшиглүүлэн далбаа мандуулах ёслолыг олон нийтийн оролцоогүйгээр гүйцэтгэхээр болсон байна. Аюулгүй байдлын үүднээс зочид энэ үйл явдлыг үзэсгэлэнгийн төв дотроос дэлгэцээр харахаар төлөвлөжээ. 

 

Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам, Засгийн газрын сайд нар, ихэнх хууль тогтоогчид энэ арга хэмжээнд оролцохгүй. Учир нь тэд мягмар гаригт цэргийн парад болох Тяньаньмэний талбайд зохион байгуулагдах ёслолын ажиллагаанд оролцох 240 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн багт багтан Бээжинг зорьжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Кэрри Лам 10 дугаар сарын нэгний орой Шэнжэнээр дамжин Хонконгод ирэх бөгөөд түүний эзгүйд Ерөнхий нарийн бичгийн дарга Мэттью Чжан албан үүргийг нь орлох юм байна.

 

Эргэн сануулахад, зургаадугаар сараас эхлэн Хонконгод эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн давалгаа эхлэсэн юм. Хотын захиргаа энэ хуулийн төслөөс татгалзсан ч залуусын хөдөлгөөн эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоогоогүй бөгөөд улмаар эмх замбараагүй байдал, цагдаагийнхантай мөргөлдсөн хэрэг үргэлжилсээр байна.

 

Засгийн газрын эсрэг дараагийн том жагсаал 10 дугаар сарын нэгэнд зохион байгуулагдана гэж залуусын хөдөлгөөн мэдэгджээ. 

 

 

Хонконг: Олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг хориглов

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин