Амжих уу, Б.Энх-Амгалан сайд аа?

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдээд байгаа. Энэ үнэн үү? Ажил хэрхэн явагдаж буй талаар хэдэн өдрийн өмнө энд бичиж байв.
Зам барилгыг таван хэсэг болгон хувааж, тус тусдаа гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Үүн дээр туслан гүйцэтгэгчийг нэмээд нийтдээ 20 компани Улаанбаатар-Дарханы замыг шинээр барихаар болж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас тус чиглэлийн замыг хаасан. Ингэж ард иргэдийн "зовлон" эхэлсэн ч ирэх намар гэхэд шинэ замаар сүнгэнэхээс хойш түр тэснэ гэсэн итгэл бадарсан.
Төсөлд сонгон шалгарсан таван компанийн ажлын явцыг танилцуулбал:
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 43.71 хувьтай
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 18.92 хувьтай,
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 34:26 хувьтай,
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 10.9 хувьтай
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 24.3 хувьтай байна.
Олон улсын хэмжээнд тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан энэхүү томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Тууз хайчилж нээлт хийсэн эл өдрөөс хойшхи дөрвөн сарын байдлаар ажлын гүйцэтгэл 10-37 хувьтай байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас ирэх арваннэгдүгээр сарын 1-нд замын хөдөлгөөнийг нээнэ хэмээн мэдэгдэж буй ч төслийг гацааж буй зарим гүйцэтгэгчийг солих саналыг Азийн хөгжлийн банкинд тавих тухай ярьж байна.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы замын бүтээн байгуулалтын 1,3,5 дугаар багц хэвийн явж байгаа. Харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Танилцуулга нь бол сайн. Гэвч муу салбар компаниа оруулж ирсэн юм болов уу, төслийг гацааж байгаа. Иймд АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина" хэмээсэн.
Хар ухаанаар бодоход ч, зам засварын ажлын гүйцэтгэлийг өчигдөрхөн харсан хүний хувьд хэлэхэд ч ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Дарханы замыг нээх боломж тун хомс. Үнэндээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болсон. Үүнийг ч Зам тээврийн хөгжлийн яамнаас хүлээн зөвшөөрч "Хөдөлгөөнийг нээнэ гэдэг нь улсын комисс хүлээн авч ажил бүрэн дуусна гэсэн үг биш" хэмээсэн.
Ямартай ч Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг тус яамны удирдлагууд хэлж байна. Амжих болов уу, Б.Энх-Амгалан сайд аа?
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ