Каталони: Эсэргүүцлийн шалтгаан хийгээд өнөөгийн өрнөл
2019-10-21

10 дугаар сарын 14-нд Испанийн дээд шүүх тусгаар тогтнолын талаарх санал асуулга зохион байгуулахад оролцсон Каталонийн улс төрчдийн хэргийг шүүж, салан тусгаарлах хөдөлгөөнийг тэргүүлсэн 12 хүнд 9- 13 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэсний дараа дээрх эсэргүүцлийн арга хэмжээ эхлэсэн юм. Энэ  тогтоол каталоничуудын дургүйцлийг төрүүлэв. Каталонийн Засгийн газрын тэргүүн Ким Торра хоригдсон хүмүүсийг өршөөхийг уриалж байсан бөгөөд буулт хийхгүй бол үр дагавар нь аюултай байна хэмээн "заналхийлж" байсан ч тусыг эс олсон юм. 

 

Каталонид өрнөж буй үйл явдал 

 

Аравдугаар сарын 14-нөөс эхлэн Каталонийн Барселона, Жирноа, Таррагон, Вика гэсэн бүхий л том хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн даваа гаригт тусгаар тогтнолыг дэмжигчид Барселонагийн нисэх буудлыг эзлэхээр оролдож байв. Тухайн үед автозамууд дээр хаалт тавьж байсан бол аравдугаар сарын 16-наас эхлэн бусад хотуудаас хүмүүс Барселонад ирэн эсэргүүцэлд нэгдэх болсон юм. 

 

Улмаар 10 дугаар сарын 17-ны өдөр Барселонад олныг хамарсан мөргөлдөөн гарав. Энэ мөргөлдөөнд Испанийн нэгдмэл байдлын төлөөх Испанийн хэт барууныхан, салан тусгаарлагчид болон цагдаагийнхан гэсэн гурван талынхан оролцсон юм. Хүчирхийлэл газар авахаас зайлсхийхийн тулд хууль сахиулагчид хүч хэрэглэхээс аргагүйдсэн ч хэт даврагч салан тусгаарлагчид Барселонаг хэдийнэ иргэдийн эмх замбараагүй байдлын талбар болгон хувиргаж, хог шатаан, жижиг тэсрэх төхөөрөмж дэлбэлэн, тээврийн судлуудыг бүрэн хажээ. 

 

Аравдугаар сарын 18-нд болсон эсэргүүцлийн жагсаал ч мөн адил эмх замбараагүй байдлаар өндөрлөв. Олон зуун мянган хүн оролцсон Барселона дахь жагсаал харьцангуй тайван өнгөрсөн ч энэ өдрийнхөө үдэш хотын төвд Цагдаагийн газрын ойролцоо мөргөлдөөн эхэлж, 90 иргэн гэмтэж бэртэн, 30 гаруй хүн баривчлагджээ. Энэ эсэргүүцлийн жагсаал 19, 20-ны өдрүүдэд ч үргэлжилсэн байна.

 

Каталонид эсэргүүцлийн ажиллагаа эхлэснээс хойш 200 гаруй цагдаагийн албан хаагч, 60 орчим сэтгүүлч гэмтжээ.

 

Хэдийгээр ийнхүү эмх замбараагүй байдал удаа дараа гарч, олон хүн гэмтэж бэртэж байгаа ч Каталонийн Засгийн газрын тэргүүн Ким Торра эсэргүүцлийн хөдөлгөөнийг тайван замаар явагдаж байгаа хэмээсэн байна.

 

"Бид хариуцлага шаардаж байна, хүчирхийлэл бол бидний арга биш, бидний арга бол ардчилал. Испанийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг хэлэлцээрийн ширээний ард суухыг бид уриалж байна. Каталонийн асуудлыг шийдэх ардчилсан шийдэл олох хэрэгтэй" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Энэ зуур Каталони хэдийнэ эмх замбараагүй байдалд дасан зохицож эхлэсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өглөөгүүр орон сууцны үйлчилгээний албаныхан шөнө эмх замбараагүй байдал болсон газруудыг хаан, тусгай техникчид эвдэрч хэмхэрсэн зүйлсийг засах бол кафе, зоогийн газрын эзэд өөрсдийн байгууллагынх нь гадаах хог, шилний хагархайг цэвэрлэх бол тэднийг тойрон жуулчид гэрэл зураг авах нь ердийн үзэгдэл болжээ. 

 

Каталоничууд яагаад тусгаар тогтнолын талаар бодох болов? 

 

Испанийн зүүн зүүн хойд хэсэгт салан тусгаарлах хөдөлгөөн үүсээд хэдийнэ 100 гаруй жил болсон. 2008 оны дэлхий дахины санхүүгийн хямралын дараа энэ бүс нутгийн оршин суугчид тусгаар тогтнохыг илүүтэй ихээр хүсдэг болсон гэх. Тухайн үед эдийн засгийн хямралын улмаас Испанийн бусад хэсгүүд хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулж байхад Каталонийн эдийн засаг өсөлттэй байж, Каталони төв засгийн газраас авдгаасаа хавьгүй ихийг улсын төсөвт оруулдаг байжээ. 

 

2010-аад оны үед орон нутгийн сонгуульд салан тусгаарлагчид ялалт байгуулах болж улмаар 2017 онд салан тусгаарлагчдын бүрдүүлсэн захиргаа Испани болон дэлхийн улс орнуудын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй, тусгаар тогтнолын тухай санал асуулга явуулсан юм. 

 

Энэ үеэр Испанитай нэгдмэл байхыг дэмжигчид санал асуулга явуулахад ихээхэн саад болсон нь санал хураалтын ирцэд нөлөөлсөн байна. Санал асуулгад каталоничуудын 43% нь оролцсон бөгөөд тэдний 90% нь тусгаар тогтнолыг дэмжсэн бөгөөд харин санал хураалтыг эсэргүүцэж байсан хүмүүс санал хураалт хууль бус хэмээн үзэж байв. 

 

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Каталонийн эрх баригчид Испаниас салан тусгаарлаж байгаагаа зарлав. Үүний хариуд Испани улс Үндсэн хуулийнхаа 155 дугаар зүйл заалтыг ашиглан орон нутгийн удирдлагын эрх мэдлийг хүчингүй болгосон юм. Улмаар Каталонийн тэргүүн Карлес Пучдемон эрх мэдлээ алдсан тул улс орноосоо дүрвэхээс аргагүй болсон юм. Гэвч түүний орлогч Ориол Жункерас үлдэн, цагдаагинханд баривчлагдан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бослого үймээнд бэлдсэн, хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр 13 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.  Жункерас болон түүнтэй ижил үзэл бодолтой 11 улс төрчийг ийнхүү хорих ялаар шийтгэсэн нь өнөөгийн эсэргүүцлийн шалтгаан болсон юм. 

 

Каталони: Бүх нийтийн ажил хаялтын улмаас 50 нислэг цуцлагджээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин