Япон: Хаан ширээнд залах ёслол эхэллээ
2019-10-22

Японд эзэн хааны гурван сүмд зан үйл гүйцэтгэснээр Нарухито хаан ширээнд суух ёслол эхэллээ. Цагаан хувцас өмссөн хаан Касикодокоро  сүм рүү орж, Нарны бурхан, өвөг дээдсийн сүнс болон бурхадад өнөөдөр хаан ширээний ёслол болж байгааг дуулгасан гэж NHK мэдээллээ. 

 

Хаан ширээнд залах ёслолын гол арга хэмжээ орон нутгийн цагаар 13:00 цагт /Улаанбаатарын цагаар 12.00/ эхлэх юм. Энэ ёслолд хоёр мянга гаруй зочин оролцох юм байна.

 

Ёслолын үеэр хаан Нарухито Такамикура сэнтийд суун, хаан ширээнд заларч байгаагаа албан ёсоор зарлах аж. Үүний араас Ерөнхий сайд баяр хүргэн мэндчилж, дараа нь эзэн хаанд урт удаан наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээг дэвшүүлэх гэнэ.

 

Энд дуулгахад, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Акихито хаан нас дээр болсонтой холбоотойгоор хаан ширээнээс бууж, улмаар тавдугаар сарын нэгэнд түүний том хүү Нарухито хаан болсон юм. Тухайн үед үүнтэй холбоотойгоор билэгдлийн зан үйл гүйцэтгэсэн бөгөөд шинэ хаан заларсан тул Японд "Рэйва" шинэ эрин ирсэн байна.

 

Мөн Нарухито хаан ширээнд суусантай холбоотойгоор Японы Засгийн газар 550 мянган хүнд өршөөл үзүүлжээ. 

 

Япон: Хаан ширээнд залах ёслолд 147 сая ам.доллар зарцуулжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин