Чили: Эсэргүүцэл намжаах үүднээс иргэдийн амьжиргааг дэмжихээр шийдвэрлэжээ
2019-10-23

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Чилид үүссэн эсэргүүцлийн арга хэмжээ, эмх замбараагүй байдалтай холбоотой нөхцөл байдлыг зохицуулах үүднээс иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэгдсэн цогц арга хэмжээг тус улсын Засгийн газар боловсруулан Конгрессоор хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдснийг ТАСС агентлаг дамжууллаа.

 

"Хуулийн дагуу энэхүү арга хэмжээг Конгрессоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Засгийн газарт боломж ирмэгц бид хэрэгжүүлнэ" хэмээн тэрбээр Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчийн өгүүлснээр, цогц арга хэмжээнд тэтгэвэр нэмэх, цахилгаан эрчим хүчний тарифыг бууруулах, эмчилгээний зардлыг хэсэгчлэн улсаас гаргах, эм бэлдмэлийн үнийг бууруулах, ажилчдын хамгийн доод баталгаат орлогыг тогтоох зэрэг асуудлууд багтжээ.

 

Түүнчлэн, Чили улсын засгийн газар өндөр орлоготой этгээдүүдийн татварыг нэмэх хуулийн төслийг Парламентад оруулахаар зэхэж байгаа аж. Ингэснээр "төсөвт төвлөрөх татварын орлогыг нэмэгдүүлж, нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болно" гэж Пиньера мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, метроны үнэ нэмэгдсэний улмаас Сантьяго хотод 10 дугаар сарын 14-нөөс эхлэн эсэргүүцлийн жагсаал болж, улмаар эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид удаа дараа цагдаагийнхантай мөргөлдсөн юм. Эмх замбараагүй байдал Чили улсын бусад хотуудад ч өрнөн, улмаар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Пиньера нийслэл хот болон бусад хотуудад онц байдал тогтоож, метроны үнийн өсөлтийг цуцалсан ч эсэргүүцэл өнөө хэр нь намжаагүй байна. 

 

Дөрвөн центээс үүдэлтэй эсэргүүцэл

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин