AP: Зеленскийг тангараг өргөхөөс өмнө Трамп "дарамталсан"

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд 2019 оны тавдугаар сард төрийн тэргүүний тангараг өргөхөөс хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өмгөөлөгч Рудольф Жулиани нарын зүгээс шахалт үзүүлсэн гэж Associated Press агентлаг гурван эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2014 онд удирдлагын бүрэлдэхүүнд нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байдены хүү Хантер багтаж байсан, Burisma хийн компанитай холбоотойгоор авлигын эсрэг мөрдөн шалгалт хийхийг Трамп өөрөөс нь шахсан гэж Зеленский туслахууддаа мэдээлж байжээ. Зеленский тухай үед сонгуулийн өмнөх штабын гишүүдтэйгээ эрчим хүчний асуудлаар уулзалт хийх байсан ч уулзалт нь Америкийн Ерөнхийлөгчийн зүгээс ирсэн дарамт шахалтыг хэрхэн давах талаарх яриа болж хувирсан гэнэ.
Эргэн сануулахад, Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үедээ Зеленскийд шахалт үзүүлэхээр оролдож, ирэх оны сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Жо Байдены хүүгийн эсрэг хэрэг үүсгэхээр шахсан гэсэн шуугиан АНУ-д өнгөрсөн сар дэгдсэн. Тодруулбал, Трамп утсаар ярих үеэрээ Киевт үзүүлэх санхүү болон цэргийн тусламжийн хариуд Жо Байдены хүүгийн эсрэг мөрдөн шалгалт явуулахыг шаардсан гэж сөрөг хүчнийхэн баталсан юм.
Улмаар Цагаан ордон АНУ, Украины төрийн тэргүүнүүдийн долоодугаар сарын утасны ярианы бичлэгийг дэлгэхэд Трамп Зеленскийгээс Хантер Байдены эсрэг хэрэг үүсгэхийг шахаагүй нь тодорхой болсны дээр АНУ-ын Хуульзүйн яам цаашид мөрдөн шалгалт хийх шаардлагагүй, утасны ярианд хууль зөрчсөн зүйл агуулагдаагүй хэмээн мэдэгдэж байлаа.
Жозеф Байден ирэх оны 11 дүгээр сард болох сонгуульд Трампын гол өрсөлдөгчөөр нэрлэгдээд байгаа бөгөөд Трамп Зеленскийд дарамт үзүүлэх замаар дахин сонгогдох "замаа засч байна" хэмээн ардчилсан намынхан үзэж байгаа юм.
Трамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ