Грета Тунберг шагналаас татгалзжээ
2019-10-30

НҮБ-ийн цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлснийхээ дараа дэлхий даяар алдаршсан экологийн идэвхитэн Грета Тунбергт Умардын зөвлөл байгаль орчныг хамгаалах салбарын шагнал олгосон ч охин шагналыг авахаас татгалзсан талаар РИА Новости мэдээллээ.

 

Умардын зөвлөл жил бүр утга зохиолч, хөгжимчид, киноны уран бүтээлчид болон байгаль орчныг хамгаалагчдад шагнал олгодог уламжлалтай бөгөөд энэ жил Гретагийн нэрийг Норвеги болон Швед улс дэвшүүлжээ.

 

Шагналтны нэрийг тайзнаас зарлах үед Грета Тунбергийн хамтрагчид тайзнаа гарч, Гретаг Калифорнид байгаа гэдгийг дуулгаад тэрбээр шагналаас татгалзсан талаар мэдээлсэн байна.

 

"Манай улс цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон алхам хийж болох орнуудын тоонд багтдаг ч юу ч хийхгүй байна. Та бүхэн эрдэмтдийн зөвлөгөөний дагуу ажиллаж эхлээгүй цагт би ч Fridays for future хөдөлгөөн ч Умардын зөвлөлийн шагнал болон мөнгөн шагналыг авахгүй" хэмээсэн Гретагийн зурвасыг хамтрагчид нь уншиж танилцуулжээ.

 

 

Түүнчлэн байгаль хамгаалахын тулд шагнал биш харин улс орны удирдлагууд сонсож сурах нь чухлыг Грета онцолсон байна.

 

Умардын Зөвлөлөөс олгодог шагналыг 350 мянган крон буюу 136 сая орчим төгрөгийн мөнгөн шагнал дагалддаг аж.

 

Дашрамд дуулгахад, Умардын зөвлөл нь 1952 онд байгуулагдсан,  Дани, Исланд, Норвеги, Швед, Финлянд гэсэн Умард Европын орнуудын парламентчдын хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллага юм. Энэ зөвлөл умрад бүс нутгийн асуудлаарх санаачилгуудыг дэмжин ажилладаг бөгөөд умардын орнуудын парламентын төлөөлөгчид жилд нэг удаа цуглан, хамтын ажиллагааны тулгамдсан сэдвүүдийг хэлэлцдэг аж.

 

 

Грета Тунберг шинэ пиар төсөл үү? 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин