"Исламын улс"-ын толгойлогчийг устгасан гэдэгт Сирийн ерөнхийлөгч эргэлзэв
2019-11-01

"Исламын улс" бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадиг устгасан талаар нотлох баримт харуулаагүй тул түүнийг үнэхээр хөнөөсөн гэдэгт эргэлзэж байна хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. 

 

"Толгойлогч аль-Багдадиг устгасан асуудлаар Америкийн талтай холбогдоогүй. Мөн үнэхээр ийм ажиллагаа явагдсан эсэхийг бид мэдэхгүй байгаа нь чухал" хэмээн Башар Асад мэдэгдээд Вашингтон алан хядагчийн үхлийг нотлох баримт үзүүлээгүй мөн "Дамаск тусласан" талаар хэвлэлээс л мэдсэн гэдгээ онцолжээ.

 

Түүнчлэн алан хядах үзэл суртал оршиж байгаа цагт аль-Багдади тэр бүү хэл бүх дайчдыг устгасан ч ямар ч нэмэргүй гэж тэрбээр онцолсон байна.

 

Эргэн сануулахад, "Исламын улс" бүлэглэлийн толгойлогч аль-Багдадиг Сирийн Идлиб сууринд устгасан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдсэн юм.

 

Тэрбээр ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэнд Орос, Турк, Сири, Иракд талархал илэрхийлж байв. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яам Исламын улсын толгойлогчийг устгасан гэдэгт эргэлзэж байсан.

 

Аравдугаар сарын 30-ны өдөр Пентагон аль-Багдадиг устгах ажиллагааны дүрс бичлэгийг нийтлэсэн бол 10 дугаар сарын 31-нд "Исламын улс" бүлэглэл аль-Багдади амиа алдсан гэдгийг батласан юм.

 

Исламын улсын тэргүүнийг устгажээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин