БНАСАУ: Солонгосын хойгийн хэлэлцээрт дэвшил гарахгүй байгаад АНУ, БНСУ буруутай

НҮБ-ын дэргэдэх БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ким Сон Ерөнхий ассамблейн хурал дээр үг хэлэхдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох явцад дэвшил гарахгүй байгаад АНУ болон БНСУ буруутай гэж мэдэгдсэн талаар ТАСС дамжууллаа.
Ким Соны өгүүлснээр БНАСАУ цөмийн зэвсэг турших болон тив алгасах баллистик пуужин хөөргөхөөс 20 сар гаруй хугацаанд татгалзаж, ингэснээрээ энх тайван тогтвортой байдалд хүрэх эрмэлзлээ илэрхийлсэн ч үүнд нь "АНУ-ын улс төрийн болоод цэргийн өдөөн хатгалга" саад болж байгаа гэнэ.
Харин Өмнөд Солонгос "БНАСАУ руу чиглэсэн" цэргийн сургуулийг АНУ-тай хамтран зохион байгуулж "хоёр талд үйлчилж" байгаа ч энх тайвны санаачилга гаргасан хэвээр байгаа хэмээн Хойд Солонгосын байнгын төлөөлөгч мэдэгджээ.
Эргэн сануулахад, 2018 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уулзан, хамтарсан тунхагт гарын үсэг зурсан. Энэ тунхагийн дагуу Пхеньян Вашингтоны зүгээс аюулгүй байдлын баталгаа авсны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хариуцлага хүлээсэн юм. Харин 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрээгүй.
Мөн энэ оны 10 дугаар сарын тавны өдөр АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд уулзсан ч ажлын түвшний хэлэлцээр мөн л үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн юм.
БНАСАУ: АНУ -ын хандлагаас болж хоёр орны хэлэлцээр
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ