Asahi: БНАСАУ пуужин хөөргөх нэмэлт талбай байгуулж байна
13 өдөр

 

БНАСАУ-ын цэргийнхэн энэ оны зунаас эхлэн тив алгасах зэрэг төрөл бүрийн пуужин хөөргөх боломжтой бетонон талбайнуудыг хэдэн арваар нь улс орон даяараа байгуулсан гэж Японы Асахи сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр талбайн хэмжээ нь урт болон өргөнөөрөө олон арван метр гэнэ. Энгийн хөрсөн дээрээс пуужин хөөргөх нь зөөврийн төхөөрөмжийг эвдэлж, пуужингийн нислэгийн чиглэлийг өөрчилдөг тул БНАСАУ пуужин хөөргөхийн тулд урьдчилан бэлтгэсэн бат бөх талбай ашиглахыг эрхэмлэдэг аж.

 

Түүнчлэн ээлжит пуужин хөөргөсөн газрыг тодорхойлоход хүндрэлтэй байлгах үүднээс талбайн тоог нэмэж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, 2017 оны 11 дүгээр сард БНАСАУ  АНУ-ын нутаг дэвсгэр дэх байг онох чадалтай "Хвасон-15" тив алгасан баллистик пуужин хөөргөж байсан. Тэр үеэс хойш Пхеньян Вашингтонтой хийх хэлэлцээрийг хурцадмал байдалд оруулахгүйн үүднээс тив алгасах пуужингийн туршилтыг нэг ч удаа хийгээгүй юм.

 

Гэвч 2019 онд хоёр орны хэлэлцээрт онцгой дэвшилт гараагүй бөгөөд энэ оны хоёрдугаар сард Вьетнамын Ханойд болсон Дональд Трамп болон Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт бүтэлгүйтсэн.  

 

Улмаар Пхеньян бага тусгалтай пуужин хөөргөх, тийрэлтэт төхөөрөмжийн туршилтуудаа сэргээж, энэ оны тавдугаар сараас хойш нийтдээ 13 туршилт хийжээ. 

 

Энэ ондоо багтааж БНАСАУ  дунд эсвэл холын тусгалт пуужин шинээр туршиж магадгүй гэж Асахи сонин мэдээлсэн байна. 

 

 

Ким Жон Уны баруунд өгсөн морьтой сануулга

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин