Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж Хуульзүйн хорооны дарга мэдэгдлээ
2019-12-05

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ хэтрүүлсэн бөгөөд түүний үйлдэл импичмент зарлах суурь нөхцлийг бүрдүүлж байна гэж АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын хуульзүйн хорооны тэргүүн Жеррольд Надлер мэдэгдлээ. 

 

Хуульзүйн хороо 12 дугаар сарын дөрвөнд  импичментийн асуудлаарх тайланг хэлэлцэх нийтийн сонсголыг эхлүүлсэн юм. 

 

Сонсголын дүнгээр хуульзүйн хорооны дарга Ерөнхийлөгчийг импичмент зарлах нөхцлийг бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзсэн байна. Дональд Трамп гадаадын улс орныг Америкийн сонгуульд оролцохыг хүссэн, түүнчлэн хоёр ч удаа мөрдөн байцаагчдад саад учруулсан гэж хуульзүйн хороо мэдэгдлээ.

 

Түүнчлэн Трампын үйлдэл нь үндэсний аюулгүй байдал, дараагийн сонгуульд шууд аюул занал учруулж байна хэмээн Надлер мэдэгджээ.

 

Энэ сонсгол болохоос өмнөх өдөр буюу 12 дугаар сарын гуравны өдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдэгдэл хийхдээ ардчилсан намынхны бэлдсэн тайланд Америкийн төрийн тэргүүний буруутайг нотлох ямар ч баримт байхгүй хэмээн онцолж байв.

 

Эргэн сануулахад, Трампыг суудлаас нь огцруулах буюу импичмент зарлах ажиллагаа энэ оны намар эхэлсэн. Дональд Трамп 2020 оны сонгуульд өөрийнх нь хүчтэй өрсөлдөгч болох, дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг "замаасаа зайлуулах"-ын тулд хүүг нь Украинд хэрэгт холбогдуулан шалгахыг Украинд тулган, дарамталсан гэж буруутгаж байгаа юм.

 

 

Трампын импичментийн асуудал дараагийн шатанд шилжлээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин