АВТОБУС №21: "Бялууны л мөнгөтэй боллоо"
2020-01-02
Гэрэл зургийг MPA.mn


 

Өмнөхийг ЭНД дарж унших боломжтой

 

Бүх юм бүтчих шиг санаа амарсан, бялууны үлдэгдлээ барах гэж ганц нэг халбагадсан, буйдан дээр тухалж суваг сольсон амар тайван, аз жаргалтай нэгдүгээр сарын 1-ний өдрийн дараах “өнөөдрөөс л шинээр эхэлнэ” хэмээн шинэ урам зориг, шинэ тэмүүлэл тээсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярласан уу манайхаан?.

 

Ахмадуудын зээлийг тэглэх тухай Ерөнхийлөгчийн амлалттай айхтар сайхан шинэ жил бидэнд ирлээ. Сонгуулийн жил тул ерөөс бүхэлдээ амлалтын жил байх нигууртай. Ингээд энэ удаад шинэ он солигдохын өмнөхөн автобусаар аялж адал явдал хайсан тэмдэглэлээ дэлгэж байна. Таалан болгооно уу.

 

Цаг 21.00 минутыг заана. Яг гурван цагийн дараа он солигдох дөхсөн энэ цаг дор баярын ширээгээ базаачихаад адал явдал л хайж автобусанд суусан хүн надаас өөр байгаагүй биз. Бүгд л хаа нэг тийшээ, хэн нэгэн рүү яарч явна. Гэхдээ миний адил нэг зорилгогүй нөхөр Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд зорчиж байна аа.

 

Үл ялиг халамцсан 30 шүргэж яваа болов уу гэмээр насны эрд яарах ажил үгүй бололтой. Байсхийгээд л найзууд руугаа ээлжлэн залгаж “гэр бүлтэй хүмүүс сайхан юм” гэх зэргээр үг чулуудна. Тэгснээ утсаа салгаж нэг их санаа алдана.

 

- Байна уу, андаа. За баярлах гээд л байна уу?

 

-Аан тийм үү. Мань чинь яахав автобусанд л явж байна. Хаачсан ч яахав дээ. Яараад очих эхнэр, хүүхэдгүй ганц бие хүнд баярын өдөр очих айл олддоггүй юм байна шт андаа. Сая нэг газар орж ганц, нэг пиво уугаад сууж байсан чинь манайх хаалаа, та гар гээд шууд хөөдөг байна шт хаха. Аргагүй биздээ, бас л харих гэж яардаг байлгүй. Хөөш андаа ер нь хүн бүр гэр рүүгээ яарч байна аа. Маньд нь яарах юм алга дөө...

 

-Хаачихав даа. Ингэж явж байгаад талбай дээр очиж он гаргадаг юм бил үү. Хамт явах уу. Чи ч юу болсон гэж надтай явахав дээ.

 

-Заза анд нь он солигдонгуут танайд очно шүү. Хүлээж авна биз дээ. Хүүхдэд чинь бэлэгтэй, ёолконд чинь мөнгөтэй очно оо...гэсээр утсаа салгав.

 

10 дугаар хорооллоос автобусанд суусан настайвтар ах мөн л утсаар ярина.

 

- Захирал мөнгөгүй гээд цалин буухгүй гээд...бид нар бүр сахиж хүлээж, уурлаж байж нэг юм хэдэн цаас салгаж авлаа. Их биш ээ ханиа ямар ч байсан торт, шампанскны мөнгөтэй болсон. Сая харин дэлгүүрт оочерлож байж бялуу олж авлаа. Шампанск бол хаанаас ч олдох байлгүй. Гудамжны үзүүрийн дэлгүүрээс авъя гэж бодож явна...

 

- За та хэд буузаа хийж байна уу. Салат хутгах юм уу. Хиам аваад орох уу...Хүүе ханиа өнөөдөр муу нохойгоо нэг сайхан хооллох юм шүү...зэрэг дулаахан яриа өрнүүлэх ах гэртээ хүлээж буй эхнэр, хүүхдүүддээ баярын бялуутай очиж буйдаа баахан баяртай яваа бололтой.

 

Ахын чанга дуугаар утсаар ярихыг сонссон өмнө дурдсан сайхь эр сүрхий эргэж харснаа нэг муу юм инээмсэглэж байна. Тэр дотроо ханьтай, үртэй, харих гэж яарч яваа ахад магадгүй цагаахан атаархсан байж мэдэх.

 

Автобус хоосон шахуу явсаар Драгон ороод ирлээ. Түгжрэл ч яаггүй л байна. Автобусны жолооч эр мөн  л гэрийнхэнтэйгээ утсаар ярина.

 

- Хань нь одоо ганц л тойрчихвол буух гээд байна. Тэгээд бааз орж автобусаа оруулчихаад харина даа. Гадаа түгжрэл аймар байна, оноос өмнө харьж амжих нь уу. Амжуулахыг л бодно доо....Би очиж амжихгүй бол хүүгээрээ л шампанскаа буудуулна даа хэхэ. Маргааш хэдүүлээ сайхан амарна аа. Доржоо ахынхан явж гулгах уу гэж байна лээ. Яасан ч яахав дээ тэ....хэмээн тайвнаар утсаар ярьж суусан түүнийг араас босч ирсэн залуу бүсгүйн “Ахаа, хурдлаарай” гэх үг шавдуулав.

 

Жолооч -  Хүүш ээ, би одоо яах юм болж байна аа. Автобусаа орхиод ах нь чамайг үүрээд гүйх юм уу яршиг хэхэ

 

Бүсгүй - Хэхэ. Гэхдээ л ахаа сүлжиж мүлждэг ч юмуу жаахан л урагшилчихвал уулзвар гарчихвал гайгүй байх тэ. Он гарах гээд байдаг, хамаг юмаа бэлдээгүй их яарч байна аа.

 

Жолооч: Ах нь боломжоороо л хурдан явж байна даа дүү

 

Бүсгүйн утас дугарч “Байна уу, очиж явна аа одоохон. Ажил тарахгүй удчихлаа. Удахгүй орлоо, орлоо” гэж утсаар ярисаар “ахаа ингээд буучихья” гэж хэлээд бууж одлоо. Бүсгүй гүйсээр харанхуйд замхарч одов.

 

Зам түгжрэлтэй хэвээр. Автобусны цонхоор бодол тэнүүлж явахад энэ олон машины жолооч он солигдоход тун бага цаг үлдсэн байхад яагаад ингээд олон олноороо зам дээр түгжирч зогсоо юм бол гэх бодол зурсхийнэ. Хүслээр болдог бол хэн ч ингээд түгжрээд зогсохыг хүсэхгүй л байх. Цалин цаваг нь цагтаа буудаггүй, цаг зав нь амждаггүй болоод л ингээд цагийг нь тулгаад түгжирч явдаг биз дээ. Арайхийж оны өмнөхөн цалингаа авсан ах бялуутай харьж буйдаа л сэтгэл тэнэгэр байхад тэд ч мөн амьдралын шалтгаанаар түгжирч яваа байх...

 

Миний адил яарах ажилгүй яваа нөгөөх эр унтчихаж. Автобус огцом тоормослоход сая сэрж нэг нүдээ онийлгон цонхоор ажигласнаа жаахан сэргэв бололтой 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буухаар хаалга зүглэлээ.

 

Тэр тийм ч дорой нэгэн биш. Уулзаж амжаагүй бүсгүй бүрийн зүгт учрал хайж яваа залуухан эр. Ганц бие хүмүүс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг ийм нэгэн баярын өдрүүдэд эрхгүй ганцаардах нь бий...Хэзээ нэг өдөр гэр бүлтэй болчихоод хүүхдээ өхөөрдөн хөөрцөглөн суух өдөр түүнд ч ирнэ дээ.

 

Ийнхүү шинэ он солигдохын өмнөхөн адал явдал хайж автобусанд суусан тэмдэглэлээ дуусгаж байна. Монголчууд бид баяр, гуниг ээлжлэн сүлэлдсэн 365 хоногийг үдлээ. Биднийг дахиад аз сорьж, учиг сүлсэн өдөр хоногууд хүлээж байна. Хэцүү байсан ч удахгүй ирэх гэрэлт өдрүүдийн зүг инээмсэглэж, уйлмаар байвч урт холын мөрөөдлөө бодож тайвшраад аз жаргалын тийш алгаа даллаарай. Амьдрал сайхан даа....

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
mongol er hun:
AAVTAI HUN AARHAJ AMIDARDAG GEJ UNEN UG UMAA, AAVIIGAA UNGURSNUUS HOISH AARHAH BUU HEL, YAMAR CH YUM SETGEL TATAHAA BAILAA, GOY HOUSE, SAIHAN MASHIN, UNETEI UTAS, HUVTSAS GGED YU CH SONIN BISH UM BNA, ZUGEER L UR HUUHDUUDIINHEE DERGED HARAGDAJ L YAVBAL BARAV BOLJDEE, BI INGEJ BAIHAD EEJID MAANI BUUR HETSUU BAIGAA DAA, UM MAANI BADMI HUM
2020-01-11
zochin:
Гэр бүлгүй, үр хүүхэдгүй, ах дүүгүй байх үнэхээр хэцүү шүү. Сэтгүүлч овоо өөр өнцгөөс харж бичсэн байна. Би хүүхэд асрах газар өссөн хүн л дээ. Ялангуяа шинэ жил, цагаан сараар их хэцүү байдаг юм
2020-01-02