АНУ, Ираны сөргөлдөөн газрын тосны нийлүүлтэд хэрхэн нөлөөлөх вэ?
2020-01-09

Ираны Касем Сулеймани генералыг хөнөөснөөс үүдэлтэй АНУ, Ираны ээлжит сөргөлдөөн газрын тосны үнийг гурван хувиар өсгөж, 68 ам.доллараас давуулав. Хэдхэн хоногийн өмнө Брент маркийн газрынэ тос Лондонгийн бирж дээр 70 ам.доллараас давсан үнэлгээгээр худалдаалагдсан нь өнгөрсөн оны хавраас хойш тохиогоогүй үзэгдэл байлаа. 

 

Үйл явдлын өрнөл дунд талуудын хийсэн эрс шийдэмгий мэдэгдэл, сүрдүүлгүүд зах зээлд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой байсан гэж шинжээчид үзэж байна. Дотоодын хэрэгт нь оролцсонд Иран туйлдаа хүртэл бухимдан, хариу барихаар амлаж, улмаар өчигдөр Америкийн агаарын цэргийн баазууд руу пуужин харвасан юм.

 

Мөн Иран Ормузын хоолойн хойд эргийг хяналтандаа байлгадаг тул энэ хоолойг хаачих тэнхээтэй. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын мэдээллээр энэ сувгаар 2018 онд дэлхийн зах зээлд нийлүүлсэн нийт газрын тосны 21 хувь нь дамжин өнгөрчээ.  Энэ хоолойгоор Ирак, Иран, Кувейт, Катар, Саудын Араб, АНЭУ зэрэг орнуудаас ирэх хар алтны нийлүүлэлт дамжин өнгөрдөг юм. Тиймдээ ч энэ усан замыг хаачихвал газрын тосны баррелийн үнэ огцом өснө гэж шинжээчид үзэж байна. 

 

Нөгөө талаас, Вашингтоныг дутуу үнэлэх, эсвэл Цагаан ордон бодлогогүй шийдвэр гаргана гэж үзэх хэрэггүйг ажиглагчид онцолж байгаа юм. АНУ-ын хувьд газрын тосны үнэ өндөр байх хэрэггүй. АНУ-д хар алтны баррелийн үнээс бензиний үнэ ихээхэн хамаардаг бөгөөд газрын тос үнэтэй болвол сонгогчдын халаас дундрах аюултай. Харин одоо, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн, газрын тосны өртгийг нэмэгдүүлэх тоглоом тоглох нь Дональд Трампад туйлын ашиггүй хэмээн зарим судлаачид үзэж байна. 

 

Өмнө нь АНУ Ираны эсрэг хориг тавихдаа Ираны газрын тосыг авсан хэвээр байх боломжийг найман оронд олгож байлаа. Тухайн үед ч дэлхийн зах зээл энэ үйл явдалд цочир хариу өгсөн бөгөөд үнийн өсөлт төдийлөн буурахгүй багагүй хугацаа өнгөрсөн юм. 

 

Зарим судлаачдын үзэж байгаагаар Ормузын хоолойг хаасан тохиолдолд Ойрх Дорнодын орнуудад газрын тосоо нийлүүлэх өөр маршрутууд байгаа тиймдээ ч Иран дэлхийн зах зээлд хүрэх Ойрх Дорнодын газрын тосны замыг бүрэн хаах боломжгүй аж. Түүнчлэн ОПЕК-ийн орнуудаар холбогдсон бусад түншүүдтэйгээ зөрчилдөх алхам хийхгүй л болов уу. 

 

Мөн Иран энэ хоолойгоор дамжуулан, АНУ-ын хоригоос ангид газрын тосоо нийлүүлдэг тул Ормузын хоолойг хаах алхам хийх нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байна.

 

АНУ, Ираны ээлжит сөргөлдөөн хар алтны үнийг түр хугацаанд өсгөсөн ч гэлээ дэлхийн зах зээлийн хувьд тогтвортой байдлыг алдагдуулах хүчин зүйл болохын дээр сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид онцолжээ.

 

Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин