Иранчууд жагсаж, Трамп жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалав
2020-01-13

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегеран Вашингтонтой хэлэлцээр хийх эсэх нь хамаагүй, гол нь Иран цөмийн зэвсэггүй , түүнчлэн тус улс дахь эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байх ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар ням гаригт Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

 

"Ираныг хэлэлцээр хийхээс аргагүй байдалд хүргэхийн тулд хориг арга хэмжээ авахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх надад санал болголоо. Үнэн хэрэгтээ тэд хэлэлцээр хийх эсэх нь надад сонин биш байна. Энэ нь тэднээс л шалтгаална, хамгийн гол нь ямар ч цөмийн зэвсэггүй байхын дээр "эсэргүүцэгчдийг хөнөөж болохгүй" хэмээн тэрбээр бичжээ. 

 

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Роберт О'Брайен мэдэгдэл хийхдээ Ираны тусгай хүчний командлагч Касем Сулеймани генерал Америкийн цохилтын улмаас амиа алдсаны дараа Тегеран Вашингтонтой хэлэлцээр хийх боломж илүү болсон гэж онцолж байлаа. Генерал Сулемайниг нэгдүгээр сарын гуравны өдөр хөнөөсөн нь Ойрх Дорнод дахь нөхцөл байдал эрс хурцдах шалтгаан болсон юм. Энэ үйл явдлын хариу болгож нэгдүгээр сарын найманд шилжих шөнө Иран Ирак дахь Америкийн цэргийн хоёр объектод пуужингийн цохилт өгсөн юм. 

 

Иранчууд Засгийн газрынхаа эсрэг жагсаж байна 

 

Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж, нэгдүгээр сарын найманд Иран Америкийн цэргийн баазууд руу цохилт өгсний дараахан Тегеранд Украины зорчигч тээврийн "Боинг-737" онгоц сүйрсэн юм. Сүйрлийн улмаас онгоцонд явсан 176 хүн бүгд амиа алдсан. Амиа алдсан хүмүүс нь Афганистан, Герман, Иран, Канад, Украины иргэд байв.

 

Анхандаа энэ онгоцыг техникийн гэмтлээс болж сүйрсэн байж болзошгүй гэж Ираны тал мэдэгдэж байсан ч онгоц гадны нөлөөтэйгээр, тэр дундаа пуужингийн цохилтын улмаас сүйрсэн гэсэн хувилбар яригдаж байлаа. 

 

Үүний дараа, нэгдүгээр сарын 10-ны өдөр Канад, Их Британийн Ерөнхий сайд нар онгоцыг Иран пуужингаар харвасан гэх тагнуулын мэдээлэл бий хэмээн мэдэгдэж байв.  Иран улс "газар-агаар" ангиллын пуужингаар онгоцыг санаандгүй сөнөөсөн гэсэн тагнуулын мэдээлэл бий гэж тэд онцолж байлаа. 

 

Удалгүй, өнгөрсөн бямба гаригт, Ираны Зэвсэгт хүчин Украины онгоцны сүйрлийн хариуцлагыг өөр дээрээ авсан юм. Тодруулбал,тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах систем зорчигч тээврийн онгоцыг далавчит пуужинтай андууран, алдаа гаргаж, онгоцыг сөнөөсөн гэж  нэгдүгээр сарын 11-ний өдөр Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэн. 

 

Ийнхүү Ираны зэвсэгт хүчин онгоцны сүйрлийн хариуцлагыг өөр дээрээ авсны дараа тус улсад ард иргэдийн эсэргүүцэл гарсан юм. 

 

Бямба гаригаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал олон хотод өрнөж, цагдаа болон тусгайгийнхан хамгаалалтад гарсан ч шинээр жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн ням гаригт гарсан байна. Жагсагчид онгоцны сүйрэлд холбоотой албаны этгээдүүдийг огцрохыг шаардан, "Америк бидний дайсан гэж худлаа хэлж байна. Манай дайсан энд байна" гэх зэргээр Засгийн газраа эсэргүүцсэн уриа лоозон хэлж байжээ.  Мөн Азади талбай дээр цугласан олныг тараах ажиллагаа эхлэх үеэр жагсагчид болон аюулгүй байдлын хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсан байна.

 

Мөн ийм мөргөлдөөн бямба гаригт ч гарчээ. Тодруулбал, оюутнууд Тегераны хоёр сургуулийн гадаа онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр цугласан ч орой нь цагдаагийнхантай мөргөлдөж, улмаар хууль сахиулагчид оюутнуудын эсрэг нулимс асгаруулах хий ашигласан байна.

 

Түүнчлэн ням гаригт амиа алдсан генерал Сулейманигийн дурсгалыг хүндэтгэж, АНУ, Их Британийг эсэргүүцсэн жагсаал ч болжээ. 

 

Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
BRITANI KANADYN TAGNUULUUD MUNDAG BAINAA
2020-01-13
Самбуу:
Онгоцыг буудаж сөнөөснийг тэгэхдээ бүр санамсаргүйгээр гэдгийг нь хүртэл шүү. Тэгэхээр тагнуул нь ямар түвшинд гайхамшигтай ажиллаж байгаад атаархаад ханашгүй.
2020-01-13