АВТОБУС №22: "Цагаан сараар манайд ирсэн хүн сэтгэл дүүрэн буцах ёстой"
2020-01-13

Ууц өвчүү, ул боовны эрэлд хатаж урт холын бодолд дарагдаж алхах өдрүүдийн өмнөх хэсэгхэн паузласан энэ өдрийн мэндийг уншигч танд хүргэе. Баяраас баярын хооронд халаастайгаа хамт нимгэрчих гээд хаа нэгтээ алхаж л явна уу. Европын шинэ жилийг угтсан ч, үндэсний шинэ жилээ угтахад яг сарын хугацаа үлдсэн энэ өдрүүдэд өнөө жил Жуужаадаа 10-т аль эсвэл 20-тын дэвсгэрттэй золгох эсэхээ шийдчихсэн үү. Бас ч болоогүй байна даа. Оршилоо орхиж Төв номын сангаас Зайсан хүрсэн автобусны тэмдэглэлээ хүргэе.

 

Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Цагаан сараа л ад үзчих юм"

 

Оршил хэсэгт сар шинийн тухай дурдсан учир нь бэл бэнчинтэй, баярт хотойдоггүй хоёр бүсгүйн хууч хөөрсөн яриа сонслоо.

 

Бүсгүй 1: Бусад өдрүүдэд үхтлээ ууж иддэг хэр нь ганц цагаан сараа л ад үзчих юм хүмүүс.

 

Бүсгүй 2: Нээрэн тийм шүү тэ. Шинэ жил, төрсөн өдөр, Март гээд л хэхэ. Манайх нээрээн яагаад ийм олон баяртай юм бэ.

 

Бүсгүй 1: Би хувьдаа цагаан сараар манайд ороод гарсан хүн сэтгэл дүүрэн буцах ёстой гэж боддог. Ямар хар элгийн хүн дайлж байгаа биш. Дандаа ах дүү, хамаатан саднаа ганц удаа нэг сайхан дайлж, цайлаад гаргахад юу нь болдоггүй юм. Бусад баяраар үхтлээ л ууж иддэг биз дээ. Тэгснээ цагаан сараар л хэдэн хамаатнаа цайлаад гаргахад ядуурчих гээд байна гэнэ, яршиг шт ёстой.

 

Бүсгүй 2: Бэлгэнд их ач холбогдол өгөх юм хүмүүс. Хоёр, гурван мянган төгрөг өгөөд гаргасан ч болно шт тэ.

 

Бүсгүй 1: Хорь, гучаар нь өг хаха хэмээн элдвийг хуучилсаар бүсгүйчүүд “Оргил”-ын автобусны буудал дээр бууж одлоо.

 

"Гэр хорооллын амьдрал үзүүлнэ"

 

Тэдэнтэй зөрж суусан хоёр залуу оюутан бололтой. Амралт нь эхэлсэн залуус нэгнийдээ очиж гоймон чанаж идэх гэнэ. Өмнөх шөнө шоудсан юм уу даа. Гэр хороололд амьдардаг нэг нь Зайсанд амьдардаг найзындаа очиж усанд орохоор яваа нь ярианаас нь ойлгогдлоо.

 

Залуу 1: Танайд очиж сайхан усанд оръё.

 

Залуу 2: Дурак чинь дандаа л усанд орно гэж ярьж явахын

 

Залуу 1: Тэгэлгүй яахын бэ андаа, мань чинь гэр хорооллын хүн шүү дээ. Хаана халуун ус, шүршүүр таарна. Тэнд л усанд ороод явахгүй бол гэрт усанд орно гэдэг бас л алаан байхгүй юу хаха.

 

Залуу 2: Халуун усны газрууд байдаг биз дээ?

 

Залуу 1: Байгаа л даа. Чи яадаг гэж санана. Усанд ороод зогсож байнгуут гэнэт аймар халуун ус гоожоод шатаачих шахна. Тэгснээ гэнэт цэл хүйтэн ус гоожоод хөлдөөх шахна.

 

Залуу 2: Тэгээд хэдэн төгрөг гэх үү?

 

Залуу 1: 25 минут нь 2500 төгрөг шт. Саяхан үнэ нь нэмэгдээд 3000 болчихсон байна лээ.

 

Залуу 2: Гайгүй хямдхан юм биш үү.

 

Залуу 1: Юу нь хямдхан байгаа юм. Чи ер нь гэр хорооллын халуун усан орж үзэж байсан уу?

 

Залуу 2: Үгүй шт.

 

Залуу 1: Хаха. Чи арай ванн дотор халуун ус гоожуулаад л хэвтэж байдаг юм бодоод байгаа юм биш биз дээ. Цэвэр байдал энэ тэр бас л хэцүү шүү дээ. Миний өмнө хүн усанд ороод гарангуут цэвэрлэгч нь ороод шалыг нь арчсан болоод л за ор гэнэ. Заваан санагдаад байдаг юм. Эхнэр, нөхрүүд цуг ороод гарахаар бүр юу ч хийчихсэн юм билээ гэж бодогдоод хаха. Би наана чинь орохгүй гэдэг юм.

 

Залуу 2: Өө заза алчихдаг юм байна

 

Залуу 1: Мань тэгж байгаад чамд гэр хорооллын амьдрал үзүүлнэ ээ за хаха

 

Гэр хорооллын халуун усны газрын байр байдлыг ёстой л нөгөө нүдэнд харагдаж, сэтгэлд буутал “халсан” залуу найзын хамтаар ХААИС-ийн автобусны буудал дээр буулаа.

 

Оюутан байхад нээрэн ингээд л байр түрээслэдэг эсвэл байртай нэгнийдээ очиж усанд орохын “хүслэн” байдаг байж билээ. Гэлээ гээд гэр хороололд өсөн торниж, үргэлжлүүлээд хүн болсных буруудсан, буртаг үнэртээд байгаа юм одоо алга аа. Гэр дүүрэн гэц татаад гэгээ ортол ээж хувцасаа угаагаад дэлгэнэ. Цэмбийтэл угаагаад хатаахаар дэлгэсэн орны даавууны ард дүү нуугдчихаад “Намайг олоорой” гэх. Хөл нь цухуйгаад байгааг хараагүй мэт ээж тэндээс "Ээжийн бор хүү хааччих ваа" хэмээн хээв нэг худлаа хэлэх халуун дулаан өдрүүдэд болдог бол буцаад очмоор л байна. 

 

Автобус эцсийн буудал хүрээд эргэлээ. Жолооч намайг “Буухгүй юм байхдаа” гэсэн байртай нэг сүрхий харснаа эцсийн буудлаас бид хоёр хоёулхнаа хөдлөв. Дараагийн буудлаас бөөн хүмүүс сууснаар жолооч ч намайг анзаархаа байв.

 

"37-р Точка гэж монгол кино юм уу"

 

Арван жилийнх болов уу гэмээр залуу охид “37-р Точка” киноны тухай яриа өрнүүлэв.

 

Охин 1: Ёоо чи хагассайнд гарсан ангийг нь үзэв үү?

 

Охин 2: Би аль хэдийн Скай го-өөр үзчисхээн.

 

Охин 1: Өө тийм үү. Тэгвэл надад яриад өг л дөө.

 

Охин 2: Яах юм бэ, хүнээс яриулчихаад үзэхээр шал утгагүй байдаг юм.

 

Охин 1: Нээрэн ч тийм дээ. Ямар ч байсан Солонгоо Лутааг хүн алсныг тэгээд оронд нь Ялалт шоронд явсныг мэдчихсэн шт. Тэр Солонгын дүрд тоглосон охин үнэхээр хөөрхөн юмаа тэ.

 

Охин 2: Тэр хэсэг нь дөнгөж гарч байгаа юм уу. Тэгээд одоо....Заза ярихаа болилоо хэхэ.

 

Охин 1: Угаасаа яриад хэрэггүй ээ, өөрөө үзмээр байна хэхэ.

 

Охин 2: Тэгээд нэг жагсаал, цуглаан гараад байгаа биз дээ. Ээж 1990-ээд оны өлсгөлөн, Ардчилал ялсан тухай, ямар юмны товчоо огцорсон тухай гарч байна гээд байлаа даа.

 

Охидын ийн ярих зуур хажууд нь сууж явсан ахмад настан тэдний ярианд оролцож “Та нар МАХН-ын Улс төрийн товчоон огцорсон тухай яриад байна аа даа. 1992 оноос Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг юм шүү дээ. Ямар кинон дээр тийм юм гарч байна гэнэ ээ гэвэл охид уралдах шахам “37-р точка” гээд кинон дээр.

 

Ахмад: Ямар юм аа?. Монгол кино юмуу тэр нь.

 

Охин 1: Тиймээ, Монгол кино. НТВ телевиз дээр хагассайны орой болгон 22.00 цагт гардаг.

 

Ахмад: Хцс.Одооны кино гэж ямар олигтой юм байхав дээ. Нэг намаас мөнгө авчихаад л таануусын ухамсарт нөлөөлж ухуулах санаатай л нэг муу кино шуу юм хийгээ биз.

 

Ахмадын дургүйцсэн үгийн хариуд охид юм хэлсэнгүй бие биенээ нударчихаад чимээгүй болов. Хэсэг байснаа дахин өөр сэдвээр яриа өрнүүллээ.

 

Охин 1: Нээрэн өвөл хүмүүс гадаад руу их аялах юм. Мөнгөтэй хүмүүс гоё юмөө тэ. Инстаграмм орохоор Монголд хүн үлдэж байгаа юмуу гэж бодтол гадаад явж байгаа бичлэг, зурагаа оруулсан байх юм.

 

Охин 2: Бас хэн явчихсан байна хэхэ.

 

Охин 1: Яагаад нөгөө дуучин Укагийн дүү Уранзаяа гээд байдаг шт. Тэр хүүхэн, хүүхэд нөхөртэйгээ хамт хаашаа гэнэв ээ нэг тийшээ аялалаар явлаа гээд пост оруулчихаж, энийг хар даа.

 

Охин 2: Хөөх гоё юмаа. Тэгээд яадаг бол. Эндээс өвлийн куртик, гутлаа өмсөж яваад тэнд очоод яадаг юм бол хэхэ. Эсвэл онгоцны буудал дээр орхидог юм болов уу хэхэ.

 

Охин 1: Мэдэхгүй, аваад явдаг байлгүй дээ.

 

Өнөөх ахмад охидын ярианд дахиад л оролцож “Одооны залуучууд та нар гадаад явна, гадаад л гоё гэж их ярих юм. Эх орон чинь яачихаад байгаа юм. Энэ эх орныг чинь та нар л хөгжүүлэх учиртай юм байгаа биз дээ. Гэтэл гадаад гадаад гээд л үхчих гээд байх юм. Гадаад явах та нарт тийм сайхан уу айн” хэмээн сүрхий ширтвэл охид мөн л биенээ нударч мөрөө хавчаад “Хоёулаа хойшилье” гэсээр ахмадаас холдож зогслоо.

 

Автобус аажуухан урагшилсаар Төв номын сангийн буудал хүрснээр миний тэмдэглэл дууслаа. Аягатай кофе барьсан, чихэндээ хөгжимтэй залуус холхисон их хотын гудамж. Улаан, хүрэн, хар, цагаан өнгийн бойтгон, буузан хоншоорт, цасны, цаа бугын арьсан гуталнууд зөрж өнгөрсөөр. Энэ гуталнууд хаа нэг тийшээ л яарч яваа даа...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Anya:
Neeree Taksi geed Huurhun niitlel bdg blaa. Hoobon yasan yum boloo. Hamgiin suuld solongost ochood l ... tegeed suraggui bolson
2020-01-14
Хоовлн таксигаа мөргөлдүүлээд явган болсон гэртээ хүүхдээ харж байгаа
2020-01-13
зочин:
Tаkси- г хүлээн хүлээн уншдаг байлаа..Xоовон Xөх нас барчихсан юм уу...?
2020-01-13
сүүгий:
болж байна. амьдрал
2020-01-13
сүүгий:
болж байна. амьдрал
2020-01-13
Deegii:
Huurhun temdeglel bn. Hoowon huh ah min haachiwaa
2020-01-13