Хилс хэргээр 30 жил хоригдсон эрийг суллажээ
1-15

Нэгдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын шүүх 1991 онд гаргасан ялын тогтоолыг хүчингүй болгож, 62 настай хоригдол Жерри Томасыг сулласан талаар The Guardian мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 1987 онд Детройт хотын оршин суугч эмэгтэй хүнсний дэлгүүрийн орчимд машиндаа сууж байхад нь үл таних этгээд халдсан хэмээн цагдаад өргөдөл гаргасан байна. Хоёр жилийн дараа хохирогч эмэгтэй өөр рүү нь дайрсан хүн нь Томас гэж мэдүүлжээ.

 

Хэдийгээр цагдаагийнханд нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг байгаагүй ч бусдын амь насанд халдах оролдлого хийсэн хэмээн Томасыг буруутган, 50 жилийн хорих ял оноосон байна. Улмаар хууль бусаар яллагдсан хүмүүсийг цагаатгах зорилготой The Innocence Project гэх хууль зүйн байгууллагын төлөөлөгчид  2010 онд энэ хэргийг авсан байна. 

 

Хэргийг шалгах явцад хуульчид хохирогч эмэгтэй  Ford Escort гэх жижиг машин дотор сууж байсан гэдгийг тогтоосон байна. 1987 онд хэрэг үйлдэгдэх үед Томас 190 сантиметр өндөр, 115 кг жинтэй байжээ. Ийм нөхцөлд түүнийг машин руу хялбар орж, хэрэг үйлдэх боломжгүй гэж хуульчид үзсэн байна. 

 

"Томастай биеэр ижил хүнийг олж, Ford Escort машинд суулган зургийг нь авсан" гээд ингэхэд тухайн хүн арай ядан багтаж байсныг онцолжээ. Мөн бусад төрлийн шинжилгээ, туршилтуудыг ч хийж, Томасыг гэм буруугүйг баталсан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны наймдугаар сард Америкийн Невада мужид нэгэн эмэгтэй мөн л хилс хэргээр 35 жил хоригдсоны эцэст суллагдан, олон сая долларын нөхөн төлбөр авсан тухай мэдээлэл гарч байлаа. Энэ эмэгтэйн өмгөөлөгч нь одоо сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Хилс хэргээр 35 жил хоригдсон эмэгтэй 3 сая ам.доллар авахаар болжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин