Ерөнхий сайдад томилогдох Михаил Мишустин гэж хэн бэ?

Нэгдүгээр сарын 15-ны лхагва гаригт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт тавьсны дараа Засгийн газрыг долоон жил удирдсан Дмитрий Медведев танхимаа огцруулж байгаа тухай мэдэгдсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайдын албан тушаалд Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг санал болгосон юм.
Засгийн газар огцорсны шалтгаан
Засгийн газар огцрох болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гэж Медведев мэдэгдсэн.
"Эдгээр өөрчлөлтүүдийг хийвэл Үндсэн хуулинд ихээхэн өөрчлөлт орохоос гадна засаглалын тэнвцэртэй байдалд, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон шүүх засаглалд өөрчлөлт орно. Энэ утгаараа, ОХУ-ын Засгийн газар болох бид улс орныхоо ерөнхийлөгчид шаардлагатай шийдвэр гаргах боломжийг олгох ёстой гэж бид үзэж байгаагийн дээр энэ нөхцөлд ОХУ-ын Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан нь зөв гэж би бодож байна" хэмээн Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдсэн юм.
Ажиглагчдын хувьд Засгийн газар ийнхүү гэнэт огцрох болсныг өөр өөрөө тайлбарлаж байгаа ч ихэвчлэн "засаглалыг шилжүүлэх явцыг эхлүүлэх алхам, тактикийн нүүдэл" гэдэг дээр санал нэгдэж байна.
Сайд нарын танхим огцорсон нь эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд Ерөнхийлөгч сэтгэл дундуур байгааг илтгэж буй хэрэг байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Ерөнхийлөгч далд санаагаар зарласан засаглалыг шилжүүлэх явцын хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд нэн чухал бөгөөд эдийн засгийн хөгжил уналттай биш өсөлттэй нөхцөлд засаглалыг шилжүүлэх явцыг явуулах ёстой гэж судлаачид үзжээ.
Мөн зарим судлаачдын үзэж байгаагаар, өнөөгийн засгийн газар Ерөнхийлөгчийн амбицтай, нийгмийн даалгавруудыг биелүүлэхэд хариуцлага хүлээх чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэнэ.
Мишустин гэж хэн бэ?
Михаил Мишустин 1966 онд Москвад төрсөн. 1989 онд "инженер-системийн техникч" мэргэжил эзэмшин, 1995 он хүртэл Олон улсын компьютерын клубын туршилтын лабораторийн захирлаар ажиллаж байжээ.
1998 онд Улсын татварын албаны даргын татвар төлөлтийн бүртгэл, хяналтын мэдээллийн систем хариуцсан туслахаар ажиллаж байсан.
1999 оноос 2004 оны гуравдугаар сарыг дуустал Татвар хураамжийн дэд сайд, 2006 он хүртэл Үл хөдлөх хөрөнгийн объектуудын кадастрын холбооны агентлагийн дарга, 2007-2008 онд Онцгой эдийн засгийн бүсийн удирдлагын холбооны агентлагийн дарга, 2008-2010 онд UFG Capital Partners-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2010 оны дөрөвдүгээр сараас Холбооны татварын албаны дарга болжээ.
ОХУ-ын Засгийн газар огцорно, цаашлаад яах вэ?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ