Ухань хотыг цэргийн хамгаалалтад оруулж, иргэдэд халуун хэмжигч тарааж байна 
2020-01-24

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотоос халдвар дахин тархахаас сэргийлж, хотыг бүрэн хаасан. 


Одоо энэ хотод 600 гаруй хүн халдвар авсан бөгөөд хотын орох гарах гарцыг бүхэлд нь хааж, онгоцны нислэгүүдийг цуцлан, галт тэрэг, нийтийн тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм. 

 

Ухань хотод нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотод амьдарч буй Оросын иргэн  Комсомольская правда сонинд мэдээлэл өгсөн байна. 


“Бүх хүмүүс амны хаалт зүүсэн, аюулгүй байдлын албаныхан зөөврийн шүршигч, машин зэргийг ашиглан бүхий л боломжит хувилбараар ариутгал хийж байна. Тэр ч бүү хэл нисдэг тэрэг ч ариутгалын ажилд оролцож байгаа” хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Өөр нэгэн иргэн мэдээлэл өгөхдөө “Метрог хаасан, такси ч бараг байхгүй. Гудамж хов хоосон байна. Хүн бүр л нэгнээ сэрдсэн байдалтай. Хотын эрх баригчид хүмүүст халуун хэмжигч тараан, “Тахлын үеийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж байгаа” хэмээжээ. 


Ухань хотод амьдарч буй хүмүүсийн өгсөн мэдээллээр, хоёр хоногийн дараа гэхэд л энэ хотоос гарах ямар ч боломжгүй болох гэнэ. Хятадын арми хотыг бүхэлд нь хамгаалалтад авч байгаа аж. 


Иргэний мэдээлснээр, дэлгүүр худалдааны төвүүдэд хүмүүс олноор цуглан, аль болох их хүнс нөөцлөхөөр хичээж байгаа гэнэ. Мөн нөхцөл байдал хүндэрсэн үед дамын худалдаа эрхлэгчид эм бэлдмэл, амны хаалтны үнийг хэд дахин өсгөж байгаа аж. 


Тиймээс, үнэ өсгөсөн эмийн сангуудын талаар мэдээлэл өгөх шуурхай утас гаргасан байна. Гэсэн ч энэ хотод амны хаалтны эрэлт нэмэгдэж, оршин суугчид амны хаалт олж авахад хүндрэлтэй байгаа гэнэ.

 

Шинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна 

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин