ТИТЭМ ВИРУС: АНУ дахь өвчтөн эдгэрсэн бол Хятадад тусламж нэн шаардлагатай байна
2020-02-04

 

АНУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар  авсан анхны өвчтнийг хэрхэн эмчилсэн талаар  The New England Journal of Medicinе сэтгүүл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтон мужид нэгдүгээр сарын 19-ний өдөр 35 настай эр ханиад, халуурсан шинж тэмдэгтэйгээр дөрөв хоносон гэж эмнэлэгт хандсан байна. Тэрбээр нэгдүгээр сарын 15-ны өдөр Хятадын Ухань хотоос ирсэн байжээ. 

 

Үзлэгээр өвчтөний биеийн халуун 37,2 °С, цээж нь хэржигнэж байсан ч рентген зураг авахад ямар нэг өөрчлөлт гараагүй байна. А, Б төрлийн ханиад болон титэм вирусийн HKU1, NL63, 229Eболон OC43 гэсэн дөрвөн үзүүлэлтээр шинжилгээ авахад мөн л сөрөг гарсан байна.  Ингээд эмч нар түүнийг шинэ төрлийн титэм вирус болох 2019-nCoV вирустэй эсэхийг шинжлэхэд хариу нь эерэг гарчээ. Улмаар өвчтөнийг эмнэлэгт тусгаарласан байна.

 

Энэ хугацаанд өвчтөнд дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч байсны дээр өвчтөн ядарч сульдаж байгаагаа эмч нарт хэлж байжээ. Эмч нар түүнд дотор муухайрах шинж тэмдгийг зогсоох найрлага бүхий уусмал зэрэг дэмжих эмчилгээ хийсэн байна. Өвчтөн зургаа болон долоо дахь өдрөөс суулгаж, улмаар өтгөн, амны хаалтан дахь наалдацаас шинжилгээ авахад вирус илэрчээ. Ингээд түүнд халуун бууруулах эм, ханиадны бэлдмэл бичиж өгсөн байна.

 

Эмнэлэгт хэвтсэнээс хойших ес дэх өдөр рентген зураг авахад зүүн уушгиний доод талд өвчин илэрч, хүчил төрөгчийн хангамж нь 90% хүртэл унасан тул өвчтөнд хамраар нь нэмэлт хүчилтөрөгч залгажээ.  Мөн ванкомицин, цефепим зэрэг эм бичиж өгсөн байна. 

 

Эмчилгээний 10 дахь өдөр хоёр уушгинд судалтай харлалт ажиглагдсан бөгөөд цээж нь хэржигнээнтэй байсан тул өмнө нь бичиж өгсөн эмнүүдийг зогсоон судсаар нь вирусийн эсрэг тариа хийжээ. Улмаар эмчилгээний 12 дахь өдөр өвчтөний биеийн байдал сайжирч, цээж нь хэржигнэхээ больж, халуун буурч, хоолны дуршил хэвийн болсны дээр хүчилтөрөгчийн хангамж хэвийн болсон байна. Ингээд эмчилгээний 15 дахь өдөр өвчтөнд бага зэргийн ханиалга үлджээ. 

 

Хятадад улс орнууд тусалж байгаа ч эмнэлгийн хэрэгсэл хангалтгүй байна 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ үл мэдэгдэх өвчин гарсан талаар мэдээлж байлаа. Хубэй мужийн Ухань хотод дэгдсэн энэ өвчний үүсгэгч нь 2019-nCoV гэх шинэ төрлийн титэм вирус болохыг удалгүй тогтоосон юм. 

 

Энэ өвчний улмаас дэлхий даяар халдвар авсан хүний тоо 20 мянга, амиа алдсан хүний тоо 425-д хүрээд байна. 

 

Хамгийн хүнд нөхцөл байдал Хятадад байгаа ч хойд хөрш Орос зэрэг олон оронд энэ өвчин хэдийнэ бүртгэгдсэн юм. ДЭМБ шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийг олон улсын хэмжээний онц байдал хэмээн хүлээн зөвшөөрөөд, дэлхийн орнуудыг урьдчилан сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг уриалсан. 

 

Энэ өвчин нэгээс хоёр метрийн зайнаас агаар дуслын замаар болон бохир гараар нүдэнд хүрэх зэргээр халдварладаг. Өвчний гол шинж тэмдэг нь хуурай ханиалга, амьсгал хүндрэх, халуурах, сульдах зэрэг аж. Халдвар авсан ихэнх тохиолдолд ханиалга бага, өндөр халуурахгүй байх тохиолдол илэрсэн бөгөөд шинж тэмдэг бага илэрсэн ч бусдад халдвар өгөх боломжтой гэж эмч нар анхааруулсан юм. 

 

Хятадад дэгдсэн энэ өвчний улмаас Монгол, Орос, Хойд Солонгос зэрэг тус улстай хил залгаа орнууд төдийгүй  нутаг дэвсгэрийн хувьд алс орших орнууд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн боомтуудаа хаах, хорио цээрийн дэглэм тавих зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

 

Харин ийм шалтгаанаар АНУ улсдаа онц байдал зарласан нь Хятадын дургүйцлийг төрүүлжээ. Тодруулбал Хятадын Засгийн газар АНУ-ыг олон нийтийг цочирдуулж байна хэмээн буруутгасан юм.

 

АНУ дорвитой тусламж үзүүлээгүй ч олныг  цочирдуулж байна хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин даваа гаригт мэдэгдсэн байна.

 

Хятад улс одоогоор Өмнөд Солонгос, Япон, Британи, Франц, Пакистан, Казахстан, Унгар, Иран, Беларусь, Индонез зэрэг 11 орон мөн ЮНИСЕФ-ээс титэм вирустэй тэмцэхэд тусламж авсан юм. Олон улсын зүгээс тусламжийн гараа сунгаж байгаа ч "Хятадад эмнэлгийн амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил нэн шаардлагатай байгаа" хэмээн Хуа Чуньин мэдэгджээ. 

 

Ухань: 1000 ортой хээрийн эмнэлгийг 10 хоногт барьж дуусав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Amerik er heden Hund haldvaraa taraad an bol !!?
2020-02-05