Автобус №25: Нулимсаа тэвчье...
2020-02-14

Гэгээн хайрын баярын мэндийг гэгээн өглөөний мэндтэй хамтатган хүргэе. Өчүүхэн миний бичвэрийг тоон уншиж, таалан болгоож буй та бүхэнд баярлалаа. Бас намайг “зохиол бичлээ” хэмээн шүүмжилж буйд ч талархъя. Мэдэрч л чадвал автобусанд, гудамжинд ерөөс алхам бүрт гол дүртэй зохиолууд хөвөрч буй...Хий, хоосонгүй, хэлбэр хөөсөн худалгүй инээд, гуниг, баяр, жаргал бидний дунд л алхаж явдаг юм. Оршилоо орхиж хоёрдугаар эгнээнээс такси барихаар зогсоо шаргал үст хөлчүү хүүхэнтэй өөр нэг өглөөг эхлүүлсэн тэмдэглэлээ хүргэе.

 

Өмнөхийг ЭНД дарж унших боломжтой

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Согтуу хүүхэн

 

Автобус Таваншараас хөдөлж Саппоро өнгөрөөд явж байтал гэнэтхэн замын дундаас гар ороод ирэх нь тэр. Жолооч хачин их сандарч жолоогоо мулт дарсандаа бүсгүйг шүргэчихэлгүй өнгөрөв.

 

-“Ёоо золтой л шүргэчихсэнгүй. Балай согтуу хүүхэн чинь дайруулах нь байна шт. Замын дундаас машин зогсоох гээд байгаагаа мэдэж байгаа ч юм алга. Өөртөө итгэлтэй зогсож байна шүү” гэв.

 

Өглөө эрт тул гадаа гэгээ дөнгөж л орж байсан юм. Бүсгүй шөнөжин шоудсан нь лавтай. Автобусны толинд харвал тэр гар өргөн замын дунд зогссоор алсарлаа. Тэнэг хог чинь дайруулах вий дээ...

 

"За яршиг, золгож л таарна"

 

“Найз нь Нарантуул явж байна” хэмээн чангаар ярих цав цагаан масктай ах нүдэнд туслаа.

 

- Өө жаал юм цуглуулах санаатай, эртхэн гараад явж байна. Харин чи хаа хүрч явна хө

 

- Ажилдаа л явж байна

 

-Аан ажил хаана вэ?

 

-13-т. Жаал зам нийлэх нь. За тэгээд сонин сайхан юу байна хө, эхнэр хүүхэд сайн уу?

 

-Өө сайн сайн. Эхнэр ажилтай. Би өнөөдөр амарч байгаа юм. Тэгээд л зах орох санаатай явна.

 

-За цагаан сард бэлдэх нь үү. Баярлуулахгүй гээд байгаа юм биш үү цаагуур чинь.

 

-За яршиг, золгож л таарна. Тэгээд яахын дүү нар давхиад ороод ирдэг. Юу ч бэлдээгүй мэлийгээд сууж байвал муухай биз дээ.

 

-Золгож болохгүй гээд л зурагтаар яриад байх юм байна шт. Өнөө муухай вирусийг нь халдчихвал баярлахаасаа эссэн юм болно биз дээ. Ерөнхийлөгч хорьчихсон биз дээ.

 

-Айл хэсэхгүй ч гэсэн гэртээ золгоно биз дээ. Тавгийн идээгүй хоосон золгоно гэж юу байхав ээ. Ямар ч байсан хэдэн бууз чимхээд хөлдөөчихсөн. Одоо зах орж ойр зуурын юм авах санаатай. Өө тэгээд гайгүй биз. Манай ажлын нэг залуу угаасаа манайд орж ирэхгүй ээ, та санаа зоволтгүй гэсэн. Энэ өвчин нь хүйтэн оронд орж ирдэггүй юм биш үү.

 

- Ай мэдэхгүй, их л хэцүү өвчин юм гэсэн. Урд Хятадад өчнөөн хүн үхсэн юм биш үү, хэд гэв ээ арай мянга хүрсэн гээгүй байгаа.

 

- Монгол хүмүүс чинь дархлаа сайтай. Цагаан идээ, мах сайн иддэг хүмүүс чинь нуль кальцтай. Арай ч нэг муу ханиадны вирус тусаад үхчихгүй байлгүй дээ хэхэ. Чи тэгж их айгаад байж маск зүүхгүй яагаа вэ?

 

- Нэг маск байсан алга болчихож ээ. Буугаад эмийн сан таарвал авахаас...

 

Хижээл насны хэнэггүй, гүндүүгүй ахын ярианаас манай иргэдийн цагаан сарын хандлага илэрч байна. Цагаан масктай ах битүүны орой Дэнжийн мянгад байдаг бага дүүгийндээ давхиад хүрнэ гэсэн.

 

"Гадаадад, метронд явж байгаа юм шиг санагдчихлаа"

 

-Картаа цэнэглэхгүй яасан юм бэ

 

-Яах юм, дамжин суухгүй юм чинь гэх бэлэн мөнгө төлж суусан бүсгүйчүүдэд нийтийн тээврийн хөгжил цэцэглэлт хамаагүй бололтой. Зөвхөн дамжин суух хэрэгцээ гарвал л картаа цэнэглэх гэнэ. Картаа цэнэглэчихэд яахав дээ. Ядаж л дөрвөн цагийн дараа дахиад дамжин суухад үнэгүй шүү дээ.

 

Нээрэн нийтийн тээврийн хөгжил гэснээс туршилтаар явж байгаа цахилгаан автобусанд сууж үзлээ. Дулаахан, цэвэрхэн тун аятайхан юм. Жолооч нь ч бэлэн мөнгө авахгүй гэж гүрийж байгаа нь догь. Харин бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан байх юм. Хэрэв энэ автобусны туршилт амжилттай болвол араас нь бүр олныг оруулж ирж бүрэн парк шинэчлэлт хийх юм гэсэн. Тэгвэл буцаад бэлэн мөнгөний хайрцаг нэвтрүүлэх гэж байгаа юм уу гэж саналаа.

 

Валентин, чихэр, шоколад ярьсан охидод энэ автобус бас таалагдсан бололтой юм.

 

- Ийм хөндлөн суудалтай цэвэрхэн автобусанд суусан чинь гадаадад метронд явж байгаа юм шиг санагдчихлаа хэхэ

 

- Ооё чи метронд сууж үзсэн юм уу

 

- Үзээгүй л дээ хэхэ. Солонгос кинонд дээр гараад л байдаг биз дээ

 

Охидын ийм нэг гэмгүй, гэгээхэн яриа хөөрхөн дөө...

 

"Салсан охиноо бодохоор сэтгэл сонин болоод л..."

 

Өнөөдөр Валентины баярын өдөр. Үеийн охин, хөвгүүн хоёр хаа хамаагүй юм хамж шимээд л ярьж байна. Хайр дурлал, хажуу ангийн хөвгүүн, харж явдаг охин гээд л хөөрхөн зүйлс олныг ярилаа.

 

Автобусны хөгжмөөр “Хурд” хамтлагийн “Бүсгүй”, “Ээждээ өргөх дуу”, “Чи минь байгаа болохоор, “Нулимсаа тэвчье” зэрэг дуунууд ар араасаа хөвөрлөө. Энэ дундаас хөвгүүн “Нулимсаа тэвчье” дууны талаар сүрхий том хүн шиг зүйл ярьж байна.

 

- Энэ ёстой зэвүүн үгтэй дуу шүү тэ.

 

- Ямар утгатай юм

 

- Эмэгтэй нь салаад явчихсан. Тэгээд эрэгтэй нь ерөөсөө мартаж чадахгүй явж байгаад гурван жилийн дараа хуриман дээр нь ирж байгаа биз дээ

 

- Юу нь тийм зэвүүн байгаа юм. Яасан чамд мартаж чадаагүй хайр дурлал байгаа юм уу?

 

- Байсан шт. Би одоогийн найз охинтойгоо үерхэхээс дөрвөн сарын өмнө нэг охиноос салсан юм. Тэр охиныг одоо ч гэсэн бодохоор сэтгэл нээх сонин болоод байдаг шт хэхэ.

 

- Паа чи юун балиар юм. Одоо найз охинтой юм байж эксийгээ бодоод...

 

- Хэхэ, тоглосон юм аа.

 

- Ооё үнэнээ хэлчихээд

 

- За тэр яахав ээ. Нээрээ энэ дууны үгийг хэн зохиосныг мэдэх үү

 

- Мэдэхгүй

 

-Хэн зохиосныг нь хэн ч мэддэггүй гэсэн. Хурд хамтлагын нэг гишүүн нь Дэнжийн мянгад явж байгаад хог дээрээс ийм шүлэгтэй цаас олсон гэсэн. Тэгээд дууны үг болгосон гэж ярьж байсан.

 

- Өө тийм үү, эзэн нь би шт хэхэ

 

- За байлаа юу?

 

- Нээрээ хөөе...

 

"Үлдсэн ааруулаа яах вэ"

 

Энэ хоёр энэ мэт хөөрхөн зүйл ихийг ярилаа. Ёстой нэг, хайр юм аа та нар.  Араас нь “Байна уу, байна уу, дуулдахгүй байна аа” гэх дээлтэй эгчийн чанга яриа залуусын хайр, дурлалын талаарх яриаг нэвт “зүсээл” ороод ирлээ.

 

Улаан дээлээр ижилсэж, мөнгөн бүс зүүсэн хөдөөний ах, эгч хоёр хойно, урд суужээ. Эгч утсаар ярьсаар

 

- Өө энэ хотоор чинь цагаан сар хориглочихсон ааруул, өрөм авах хүн олдохоо байлаа. Балай юм болж байна.

 

- Одоо үлдсэн ааруулаа яах вэ. Би бол яагаад ч зарж чадахгүй юм байна, бүр авахаа больчихлоо.

 

- Хөгшин бид хоёр тэгээд Төмөрөөгийнд очих гээд автобусанд л явж байна....хэмээн ярьж дуусаагүй байхад нь хөгшин нь араас нь ёворч “Хүүш ээ ирчихлээ, бууя” гэснээр тэр хоёр санд мэнд 13 дээр бууж одлоо.

 

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлддэг. 

 

Өнөө жилийн хувьд дэлхий дахинаа тархаад буй аюулт вирусийн улмаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг Ерөнхийлөгч даалгасан. Зуны турш “Сар шинийн баяраар л хот орж борлуулна” хэмээн хуруудаа хураасан малчид үзэсгэлэн худалдаа зориод ирсэн ч “шатаж” байгаа бололтой. Ааруулын цаана амьдрал бий...

 

Энэ хүрээд тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. 

 

НИИТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үргэлжлүүлээд бичиж байгаарай, хөөрхөн юмаа
2020-02-20
Иргэн:
Цагаан сараар амраахгүй ажлын өдөр болговол таарна
2020-02-17