Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна
2020-02-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдөрөөс хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин