УКРАИН ба COVID-19: Эмх замбараагүй байдалд оролцсон 24 хүнийг баривчилжээ
2020-02-21

 

 

Украин улс COVID-19 вирусийн голомт болсон Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж, улмаар эмнэлэгт тусгаарлах гэхэд нутгийн оршин суугчид эсэргүүцэн үймээн гаргасан. 

COVID-19: Уханиас ирсэн украинчуудыг оруулахгүйн тулд зам хааж эсэргүүцжээ

 

Улмаар энэ үймээнд оролцсон хэргээр Украины Полтав мужид 24 хүнийг саатуулжээ. 

 

Үйл явдлыг тодруулвал, пүрэв гаригт Хятадаас Украин руу 73 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэднийг шаардлагатай эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа Полтав мужийн Новые Санжары сууринд байрлах Украины Үндэсний гвардын анагаахын төвд тусгаарлахаар болжээ. Харин үүнд нутгийн оршин суугчид дургүйцэн, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, автомашины дугуй, техникээр эмнэлгийн орох хэсгүүдийг хаасан байна. 

 

Ухань хотоос ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй хэмээн эсэргүүцэж, жагсаал зохион байгуулан, дугуй шатаасны дээр Чернобыль рүү илгээ гэж хашгиралдаж байсан гэнэ. Улмаар хэв журам сахиулахаар ирсэн цагдаагийнхныг эсэргүүцэн, мөргөлдөөн үүсчээ.

 

Нөхцөл байдал хүндэрсний улмаас Украины Ерөнхийлөгч Зеленский "хүнлэг бай" хэмээн сануулан мэдэгдэл хийсний дээр сайд Аваковыг газар дээр нь ажиллуулахаар илгээсэн байна.

 

Украины Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименкогийн мэдээлснээр, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд оролцсон хүн бүрийг шалгахаар болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин