Автобус №26: “Хань нь уугаагүй ээ, харьж явна”
2020-02-21

Өмнөхийг ЭНДЭЭС 

 

Баасан гарагийн мэнд. Өнөөдрийг л давчихвал цаана нь тав хоногийн амралт биднийг хүлээж байна, догь биз. Энэ жилийн цагаан сар өмнөхөөс ялгаатай нь айл хэсэхгүй, алт мөнгө цуглуулахгүй. Эрүүл л байвал тэрмуу алт, мөнгө олдоно доо. Эрүүл л байвал ижий, аавдаа улсын наадмын хуушуур аваад хүрээд очно шүү дээ. Сар шинийн энэ өдрүүдэд л гэр гэртээ буузаа жигнэж идээд хаашаа ч гарахгүй нам хэвтээд шинэ сартай, шинэ долоо хоногийг эхлүүлчихэд урь ирж, урд хөршийн аюул ч намжих юм шиг монгол хүний зөн совин татаад байна хэхэ...Ээ дээ, хичээдэг юм шүү, манайхаан. Ингээд ээлжит автобусны тэмдэглэлээ хүргэе. Энэ удаад ХМК-Офиферуудын ордон чиглэлийн автобусаар ажил тарах цагаар зорчиж амь халуун мэдрэмж тээгээд буулаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Би уугаагүй ээ...”

 

Орой 18.00 цагийн орчимд Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр цагаан өнгийн “Приус 20” зогсож байна. Хүн хүлээж байгаа бололтой. Автобуснууд бараа сураггүй. Багшийн дээд орчимд л гацчихсан байх л даа. Автобусаа хүлээсэн олны харц өнөөх приусэнд гүйсээр суусан, дараа нь жолоочид үнсүүлээд хөдөлсөн бүсгүй дээр тусав. “Машин нь дулаахан байгаа даа” гэж бодохоос хүйтэнд хөлөө савчиж зогссон надад лав атаархмаар санагдсан. Тэгтэл хажууд зогсож байсан бүсгүй

 

-Хаана байхав даа, автобус хүлээгээд хөлдөж үхэх гээд зогсож байна...Ирэхгүй байна аа ирэхгүй байна. Гар хөлгүй хүн байгаа биш өөрөө хоолоо хийгээд идэж байгаач дээ тэгээд...” гэж сүрхий ууртайгаар утсаар ярив.

 

Зарим эмэгтэй нөхрөө хүлээлгэж байгаад дулаахан машиндаа суугаад хөдлөхөд өөр нэгэн нь нөхрийнхөө хоол нэхсэн асуултад ийн ууртай хариулж зогсоно....Энэ бүсгүйд ч ханьдаа эрхлээд хажууд нь суугаад зайрмаг идээд инээж явах өөр нэг өдөр бий дээ.

 

Жаргалтай бас жаахан гунигтай эхнэрүүдийн ийм нэгэн дүр зургаас “Хань нь харьж явна аа” хэмээн утсаар ярих халамцуу эрийн ярианд шилжье. Шалаар нэг өнхөрч, хавь ойрынхоо хүний дургүйг хүргэж “Одоо хаана явна”, “Чи хэн бэ”, “Хөөе цаг хэд болж байна аа” гэх зэргээр яршигтай асуулт давтдаг эрчүүд автобусаар зорчдог л юм. Харин энэ эр “амьтай” явна. Иргэний үүргээ биелүүлж максаа зүүсэн. Энд тэнд гишгэлэх ч үргэлж халаасаа тэмтэрч хэтэвчээ шалгаастай. Бас гартаа тортой юм барьжээ. Торонд ундаа, ганц ширхэг алим, “Choco Pie” ч харагдаж байна.

 

- Хань нь уугаагүй ээ.

 

- Одоо юу. За байз хаана яваа юм бол доо. Өө Хархорин дээр явж байна шүү дээ. Одоохон очлоо за.

 

- Нээрээ би харьж явна даа. Итгэхгүй бол миний хань автобусны жолоочтой ярих юм уу

 

- Хэхэ заза.

 

Уусан ч "амьтай" байхдаа архийг орхиод айлаас гарч чаддаг, хаанаас ч харих гэж яардаг эрчүүд байдаг даа. Тэр тийм л эр бололтой. Утсаа авахаасаа өмнө согтуу байдлаа эхнэртээ мэдэгдэхгүйг хичээж “хммм” хэмээн хоолой засаад эрүүл хүн шиг ярихыг хичээж байна лээ.  Согтуу хүнд ч гэсэн сайн харвал сайхан чанарууд бий...

 

“Таньдаг хүнээрээ яриулж байж санитол олж авлаа”

 

Томоо савтай /багахан хэмжээтэй хоолны халуун сав шиг/ гар ариутгагч тэвэрсэн бүсгүй 10 дугаар хорооллоос суулаа. Энэ автобусанд түүний нөхөр зорчиж яваа. Гэр бүлийн хоёр сая нэгнээ олж аваад яриа дэлгэв.

 

Нөхөр: Наадхаа хаанаас олж авав?

 

Эхнэр: Өө Мөөгий эгчээр яриулж байж эмийн сангаас нь нэгийг авахууллаа.

 

Нөхөр: Хэд гэж байна?

 

Эхнэр: 12 мянга. Мөөгий эгч бүр нууж хааж байж гаргаж ирсэн гээд бод. Маск, санитол хоёр бүр олдохоо байсан гэнэ. Угаасаа гадуур олдохгүй байна лээ. Таньдаг хүнээрээ л дамжуулж олж авч байна шүү дээ.

 

Нөхөр: За болж болж. Наадхыг чинь өчнөөн хэрэглэх байлгүй дээ.

 

Эхнэр: Энэ чинь нэг литртэй юм билээ. Тэгэхээр их удаан хэрэглэнэ. Чи ажлаасаа гарахдаа гараа угаасан уу. Гараа угаах бүртээ ариутгана шүү. Алив алгаа дэлгэ.

 

Нөхөр: Өө миний гар гэж пад хар /алгаа дэлгэв/. Ажлын ойр юм хийж байгаад тэр чигтээ наашаа гараад ирлээ. Хар гарандаа түрхвэл зууралдаад юун ариутгах бүр балай юм болох биз хэхэ.

 

Эхнэр: Өө чи гараа угааж бай л даа. Бохир явж болохгүй шүү...

 

“Хоёр дугуйгаа алдчихлаа, яах вэ ах аа”

 

Булган малгай шуба хослуулж өмссөн эгч утсаар ярина. Эгч байрныхаа үүднээс машиныхаа дугуйг алджээ. Баларсан юм.

 

- Байна уу ах аа. Баларсаан. Өглөө гараад ирсэн чинь байрны үүдэнд байсан машины хоёр дугуйг хулгайч авчихаж. Одоо яаанаа.

 

- Та маргааш завтай юу. Тантай цуг зах гармаар байна. Би үнэ тэгээд ямар нь сайн байдгыг мэдэхгүй шүү дээ.

 

- Би чинь өөрийнхөөс нь хамаагүй том дугуй тавьчихсан байсан шт. 16 билүү 17-той дугуй. Хэдтэй байгаа бол

 

- Харин зах дээр үнэтэй байгаа байхдаа. Хоёр дугуй 200-аас наашгүй болов уу. Тэрний оронд 17-той дугуй авна гээд фэйсбүүк дээр зар тавиад үздэг юм бил үү. Ёстой балай юм боллоо.

 

- Өө тэгээд өглөө цагдаа дуудаад, камер шүүлгэсэн. Тэгсэн бас азгүй ээ. Өнөө камерт нь яг миний хажуугийн машин багтаад минийх бичигдээгүй байгаа юм. Цагдаа нар бүртгэж аваад л явсан. Тэр ч олдтолоо удах байх аа.

 

- Харин одоо яадаг шүү юм билээ дээ...

 

Эгчийн ахаасаа асуусан хамгийн хөөрхөн асуулт нь “Ах аа, ингээд дугуйгүй байлгаад байхаар гайгүй юу. Өөр янз бүрийн юм нь эвдэрчихгүй биз дээ” хэхэ. Лав ах нь утасны цаанаас "Яав л гэж дээ" гэж хариулсан байх.

 

Тэд хаа хүрээ бол...

 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул автобусанд ер хүүхэд үзэгдэхгүй. Харин энэ автобусанд 4-5 дугаар ангийн бололтой хоёр хүү зорчиж явна. Тэдний зорилгогүй тэнэж явааг ярианаас нь ойлголоо.

 

Хичээл амарсан энэ цагт хүүхдээ гадуур явуулахгүй байхыг эцэг, эхчүүд эрмэлзэж байгаа. Харин энэ хоёр хүүд халамж анхаарал дутмаг байгаа нь өрвөгөр үс, өмссөн хувцаснаас нь анзаарагдлаа. Цасны гуталных нь наалт ханзарсан, куртикны цахилгаан эвдэрсныг нь зөрүүлээд эгэлдэргэлсэн зэргээс ядруухан байдал ажиглагдана.

 

Тэд автобусанд дулаацах гэж орж ирсэн бололтой. Бидэнд хүйтэн санагддаг, битүү цанатай автобус заримд нь түр ч гэсэн дулаацах байр болдог аж. Биеэр болоод насаар арай бага нь “Одоо хоёулаа хаачих уу” л гээд байх. Харин өнөөх нь чимээгүй цонх ширтээд л явах. Итгэлгүй харцтай энэ жаалууд намайг Сүлжмэл ороод буухад суугаад л үлдсэн. Тэд хаа хүрээ бол...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амьдралын өөр өнгө төрх аясын хэсэгхэн хугацаанд сайн ажиглаж байна шүү
2020-03-13
99:
Сайхан мэдрэмж төрж бна шо, Сэтгэл хөнгөрөх ч шиг, амьдралыг хайрлах ч шиг, Амжилт Өө нээрээ таталбар зураг хийгээд хамт явуулбал, наад чинь юманд хүрнэ шо
2020-03-04
зочин:
энэ чинь судалгаа биш өөрт төрсөн сэтгэгдэл, үйл явдлын тэмдэглэл.
2020-02-23
Jargal:
Shal teneg hiih ymaa olj ydsan medrel muutai gar be
2020-02-22
zochin:
hotiin amidral arhi,hulgai, ger buliin asuudluud geed olon zuil haragdaj bn
2020-02-22
zochin:
hotiin amidral arhi,hulgai, ger buliin asuudluud geed olon zuil haragdaj bn
2020-02-22
Mgl:
Yamar muuhai setgeltei huuhen be chi.ter hoer jaahan huuhdiig hayad buuchdag.tenej yavaa ch gesen huuhed shuu dee.daguulj yavaad huvtsas hunar avch uguud usand oruulaad hooloj undlaad yavuulah hregtei shuu dee.yamar hunii unergui amitan be chi.
2020-02-22
xxx:
ehnii emegteig buruu dugnesen bj bolno shu ah da duu de unsuuleed uldsen bj bolno utasaar bas zaaval nohortoigo yrisan bh albagui shu de huniig ongots baidalaas dugnej bolohhui
2020-02-21
зочин:
энэ чинь судалгаа биш өөрт төрсөн сэтгэгдэл, үйл явдлын тэмдэглэл.
Uytsaar yarij bga khunii yariag yaj sonsood bnaa
2020-02-21
шинэ санаа,төрөл...сайхан тэмдэглэл болж...хөнгөн
2020-02-21