COVID-19: АНУ бодлогын хүүгээ бууруулж, Иран олон мянган хоригдол суллав
2020-03-04 10:11

 

БНХАУ-ын Ухань хотоос анхлан дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалт улам бүр нэмэгдсээр байна. Энэ өдрүүдэд дэлхий дахинаа COVID-19 вирустэй холбоотой үйл явдлууд хэрхэн өрнөж байгааг тоймлон хүргэе. 

 

Испанид шинэ төрлийн титэм вирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг ВВС дамжууллаа. Испанийн эрх баригчдын мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн улмаас нас барсан анхны хүн нь тус улсын дорнод хэсэгт байх Валенсид амьдардаг байсан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд нас барсан байна. Түүний цогцост задлан шинжилгээ хийхэд COVID-19 вирус үхлийн шалтгаан болсон гэж мягмар гаригт мэдээлжээ. 

 

Одоогийн байдлаар тус улсад COVID-19 титэм вирусийн халдвар авсан хүний тоо 110 байгаа юм. 

 

COVID-19 вирусийн тархалтаас сэргийлж хоригдлуудыг суллав 

 

Энэ зуур, Иранд 54 мянган хоригдлыг түр хугацаанд сулласан байна. Хэт их хүнтэй хорих газруудад шинэ төрлийн титэм вирусийн тархалтыг зогсоохын тулд ийм алхам хийжээ.

 

Ираны эрх баригчдын мэдээлснээр COVID-19 вирусийн шинжилгээгээр халдваргүй гэж гарсан мөн  барьцаа мөнгө төлсөн хоригдлуудыг түр хугацаанд сулласан байна. Суллагдсан хүмүүсийн дунд онц аюултай гэмт хэрэгтнүүд болон таваас дээш жилийн хорих ял авсан хүмүүс байхгүй гэж онцолжээ. 

 

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалт хамгийн ихтэй байгаа улс орнуудын тоонд Иран багтаж байгаа бөгөөд тус улсад 77 хүн COVID-19 вирусийн улмаас нас барсан юм. 

 

Гуравдугаар сарын гуравны мягмар гаригийн мэдээллээр Иранд COVID-19 вирусээр халдварласан 83,5 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр өдөр дараалан өвчлөлийн тоо 1,5 дахин өсч, одоо халдвар авсан хүний тоо нийтдээ 2336 болжээ. 

 

Ираны Засгийн газар халдвар бүртгэгдсэн анхны өдрөөс л эхлэн дэлхий дахинд бүрэн мэдээлэл өгч байгаа гэж мэдэгдсэн ч Иран дахь халдвар авсан хүний бодит тоо албан ёсныхоос их байж болзошгүй гэж мэргэжилтнүүд эмээж байгаа юм. 

 

Нөхцөл байдлыг үнэлэх үүднээс даваа гаригт Тегеранд ДЭМБ-ын баг очсон. Энэ багийнхан эм бэлдмэл, 15 мянган эмнэлгийн ажилтанд зориулсан хамгаалалтын хувцас, тоног төхөөрөмж, 100 мянган сорилыг хүргэж очжээ. 

 

Ираны өндөр албан тушаалтнууд ч энэ төрлийн вирусийн халдвар авсан бөгөөд тэр дундаа Эмнэлгийн яаралтай тусламжийн албаны дарга Пирхоссейна Коливанда COVID-19-ийн халдвар авсан байна. Мөн тус улсын Парламентын 290 гишүүний 23 нь энэ төрлийн халдвар авсан нь батлагджээ.

 

АНУ бодлогын хүүгээ буурууллаа 

Шинэ төрлийн титэм вирустэй холбоотойгоор эдийн засгийн сөрөг үр дагаврууд нэмэгдэх болсон тул АНУ-ын Холбооны нөөцийн систем эдийн засгийг дэмжих үүднээс бодлогын хүүгээ 50 пунктээр бууруулж, 1-1,25 болгожээ. 

 

АНУ-ын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа ч титэм вирустэй холбоотойгоор эдийн засгийн идэвхижилтэд учрах эрсдэл нэмэгдэж байгаа хэмээн Холбооны нөөцийн систем мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, мягмар гаригт " G7"-ийн орнуудын Төв банк болон Сангийн сайд нар утсаар зөвлөгөөн хийжээ. Тэд шинэ төрлийн титэм вирустэй холбоотой аюул заналаас улс орныхоо эдийн засгийг хамгаалах хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн хэмээн ВВС дамжуулсан байна. 

 

"Вирус болон түүний тархалтын эсрэг арга хэмжээнүүд хэсэг хугацаанд дэлхий даяар эдийн засагт тусгалаа олох нь мэдээж. Бид бүх зүйлд бэлэн биш. Гэхдээ одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг сэргээхэд туслана гэдэгт итгэлтэй байна" хэмээн АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Төв банк хамгийн сүүлд 2008 онд бодлогын хүүгээ бууруулж байсан бөгөөд энэ нь дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой байсан юм. 

 

Хоёр Солонгос дахь нөхцөл байдал 

 

COVID-19 вирус дэгдсэний дараа хилээ хааж, олон зуун гадны иргэнийг 30 хоногийн хөл хорионд оруулсан БНАСАУ-д гуравдугаар сарын нэгний өдөр хөл хорионы хугацаа дууссан талаар NKNews мэдээллээ. Хөл хорионд орсон хүмүүсийн дунд гадаад улс орнуудын дипломатууд ч байсан аж. 

 

Хөл хорионоос гарсан дипломатуудын тоог мэдээлээгүй ч Японы Коидо агентлагийн мэдээлснээр БНАСАУ-аас явах хүсэлтэй гадаадын иргэд Хойд Солонгосын Эйр Корё компанийн тусгай нислэгээр Владивосток руу хүрч болох гэнэ. 

 

Харин Өмнөд Солонгост нөхцөл байдал хүнд байна. Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНСУ шинэ төрлийн титэм вирустэй "дайн зарлаж байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Мягмар гаригт Өмнөд Солонгост халдвар авсан тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд 851 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо 5328 болж Хятадын араас бичигдэж байна. 

 

 

Европт...

 

Европын орнуудаас хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс нь Итали юм. Энэ улсад 2036 хүн халдвар авч, 52 хүн нас барсан. Шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Харин Украинд шинэ төрлийн вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл ахуйн ерөнхий эмч Виктор Ляшко мэдээлснийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

Британийн хувьд халдвар авсан хүний тоо 51 -д хүрсэн. Мягмар гаригт Их Британи титэм вирустэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Шинэ төрлийн титэм вирус тус улсын хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг хувийг хамарч болзошгүй гэж Британийн засгийн газар таамаглажээ. 

 

Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх үүднээс зарим нөхцөлд цэргийнхэн нэмэлт хүчээр ажиллах, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг түр хугацаанд хязгаарлах зэрэг шийдвэр гарч болзошгүйг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон онцолсон юм. Гэхдээ Британид өвчлөлийн тоо эрс өссөн нөхцөлд ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэнэ. 

 

COVID-19: Дэлхий даяар 2000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hmm:
"Иранд COVID-19 вирусээр халдварласан 83,5 тохиолдол шинээр бүртгэгдэж" - ямар хүнийг талаар тооцдын?
2020-03-04