АВТОБУС №27: “УИХ-ын гишүүд өлсдөг л байх даа”
2020-03-06

Өмнөхийг ЭНДЭЭС

 

иГэрэл зургийг MPA.mn

 

Баасан гарагийн мэнд. За манайхан, гал тогоо, буйдан хоёрын дунд жим татуулсан шиг гэр гэртээ сайхан шинэлсэн биз дээ. Би ч адил ижий, аавдаа очиж золгосонгүй. Тэд ирсэнгүй ч гэсэнгүй. Харин хориг тавигдсан гэхээр ээж битүүхэн хараад л байгаа бололтой үе үе утас цохиж “Ажил дээрээ л байна уу миний охин” гэж аанай л мэдэн будилж байна. Уг нь ч Улаанбаатараас гараад давхичихад хоёрхон цагийн дараа хүрээд оччих газар. Хальтхан очоод ул боов, ууцны хажуутай сүүтэй цай уумаар байв ч “хайртай бүхнийхээ төлөө” гэх хариуцлагаа өвөртлөөд, их хотынхоо гудамжинд эгээ л уначихалгүй өлсмөөр болоод алхаж л явна, хэхэ. Яг нэг ийм л хавраар цагаан тосны булан эмтэлж сайн муугийн аль нэгийг дуулгасан хэрээнд өгөнгөө “Сайн хэл, сайн хэл үүр чинь том өндөг чинь цагаан болох болтугай” гээд шувуунд хүртэл сайныг ерөөн битүүхэн намайг л гэсээр сүүдэр нь жижгэрсэн буурал ижийгээ нэг их санахыг яана. Энх байхад ирж очихын шалтгаан мундахгүй дээ. Оршилоо орхиж ээлжит автобусны тэмдэглэлээ эхлүүлье.

 

“Горгор Гүндэгтэй суучихдаг байж”

 

Өлссөн гэснээс өнгөрсөн Мягмар гарагт цайныхаа цагаар хуушуур идэхээр явсан бүсгүйчүүдийн хөгжилтэй яриаг хуваалцъя. Хэдийн 30 хүрсэн ч хүүхэд шиг хөгжилтэй хоёр бүсгүй автобусанд уулзлаа. Уулзварын цаанаас автобусанд сууж яваа найз руугаа гар далласаар гүйж ирж суусан бүсгүй

 

Бүсгүй /б/: Хүүш ээ, би сая нөгөө Боловсролын сайд хэн билээ. Өө нөгөө Баатар хэн билээ дээ

 

Найз /н/: Баатарбилэг үү?

 

Б: Өө тийн тэр хүнтэй зөрлөө.

 

Н: За тэгээд яасан, Холливудын од харчихсан юм шиг сүйд болж гэнэ

 

Б: Сайд хүн ганцаархнаа гудамжинд алхаж явна хөөе. Сонин биш байна уу. УИХ-ын гишүүн, сайд нар чинь бөөн хамгаалалт болчихсон зам хааж бариад л хар машинууд дагалдуулаад  явж байдаг биз дээ. Тэгсэн чинь тэр сайд ганцаархнаа сая энэ Соёлын төвийн хойно алхаж явна шт.

 

Н: За яахав дээ тэгээд хүн л юм болохоор чи бид хоёр шиг цайндаа л орох гэж яваа байлгүй дээ хэхэ.

 

Б: Яг миний хажуугаар утсаар яриад өнгөрсөн.

 

Н: Юу ярьж байна. Чи орчихсон уу, би очиж явна. Надад хоёр хуушуур аваад байж байгаарай гэж байна уу хэхэ /бүр нэг байж ядсан хоржоонтой инээсэн/

 

Б: Мэдэхгүй Засгийн газрын хуралданаар л шийднэ мийднэ гээд нэг юм яриад байсан.

 

Н: Хуушуур ярихгүй нь л мэдээж шт хэхэ. Тэгсэн чинь хоёулан шиг чинь “Хуушуур иднэ ээ” гээд явж байвал яах уу. Одоо хоёуланг очсон чинь Маралд хуушуур идчихсэн сууж байвал чи яах уу хэхэ.

 

Б: Тэгвэл би хажууд нь очиж суугаад сайдаа манай оюутан дүүгийн сургалтын төлбөрийг буцааж өг гэж нэхнэ хэхэ. Нээрээ УИХ-ын гишүүд ерөнхийлөгч, ерөнхий сайд эд нар  өдөр  цайныхаа цагаар хаана хоол унд иддэг юм бол. Гүй ээ бас хүн л юм чинь өлсдөг л байлгүй дээ тэ хэхэ.

 

Н: Өрөөндөө хоол захиалж иддэг байх өө. Эсвэл баян хүмүүст мөнгөгүйн зовлон байх биш үнэтэй ресторанд л ордог байлгүй. Төрийн ордоны хойно бил үү “Элит” гээд ордоныхон орж хоол иддэг лаг гоё дээд зэрэглэлийн ресторан байдаг гэсэн. Манай нөгөө ангийн Гүндэг байна шт. Тэр чинь нэг хэсэг Төрийн ордонд ажилласан шт.

 

Б: Паа горгор Гүндэг үү дээ. Тэр одоо ордонд юу хийх үү?

 

Н: Мэдэхгүй ээ нэг агентлаг энэ тэрийн л нарийн бичиг хавьцаа байсан юм шиг байна лээ. Тэгээд удаагүй гарчихсан гэсэн.

 

Б: Тэр тэгнэ ээ. Хөлдүү царайлж байгаад халагдаа биз.

 

Н: За чи хөөрхийг яах гэж тэгж байдын. Чи бид хоёроос илүү ордонд ороод бүр ажиллаад үзчихсэн л байгаа биз дээ. Тэгээд ч цаадах чинь чамд жигтэйхэн сайн байсан биз дээ, чи л тоогоогүй болохоос

 

МУИС-ийн автобусны буудлаас “Шархад-III-VI хороолол” чиглэлийн автобусанд суугаад “Тэнгис” хүрээд буусан хоёр залуу бүсгүй ийн хөгжилдөв. БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг гудамжинд ганцаар алхаж явсан нь бүсгүйд тун содон санагдсан бололтой. Сайдыг ярьсаар суусан тэрээр “Найз нь Гүндэгтэй суучихдаг байж уу. Тэгсэн бол өдийд төрийн ордонд сууж байх байсан ч юм уу хэхэ...” хэмээн найзруугаа нүдээ ирмэж өсгийт дээрээ донжигносноор бууж одлоо.

 

“Ачааны вагон дээр нуугдаад амраг хайртдаа яараад....”

 

Сая хэд хоногийн хөл хорио, замын хязгаарлалтын үеэр ачааны вагон дээр суугаад хотод ирсэн нэг сайн эрийн тухай эгч нь Эх нялхсын автобусны буудлаас суугаад хамт явсан танилдаа хууч хөөрлөө.

 

Эгч /э/: Хүүе тэгсэн инээдтэй. Манай нөгөө нөхрийн дүү Бундаа байна шт.

 

Танил /т/: Өнөө өндөр үү?

 

Э: Тийн. Тэр нэг эхнэртэй болж байгаа ухаантай юм байна. Тэгсэн сая цагаан сараар аминдаа эхнэрээ санаад ирэх гэсэн зам хаагдаад хоригдчихож. Өнөөх чинь бүр тэсгэл алдаад шинийн гурванд зам нээнэ гэсэн нээхгүй болохоор нь ачааны вагон дээр нуугдаад хотод ороод ирсэн байгаа юм даа. 

 

Т: Хүүш унаж үхдэггүй юм уу тэр ч одоо. Хаанаас юун вагонд суудаг юм бэ

 

Э: Тэднийх чинь урагшаа нэг зөрлөг дээр байдаг шт. Зөрлөг дээр вагон ирж зогсонгуут үсэрч суугаад нүүрсэн дээр хэвтээд ирсэн байгаа юм. Цагаан сараар хүн амьтан ч ирэхгүй байж байтал гэнэт хаалга онгойгоод хүн ороод ирсэн чинь өө Бундаа. Хүүш ээ чи чинь яаж ирэв ээ гэсэн харин өө тэгээд ирсэн байгаа юм даа.

 

Т: Даардаггүй хог уу тэр чинь?

 

Э: Үгүй даараагүй дулаахан байсан гээд байгаа юм. Тэгээд чи хотод ирээд яаж баригдалгүй буусан юм гэсэн чинь Амгалан дээр зогсонгуут нь үсрээд буучихсан гэж үү. Хөл гараа яаж хугалчихаагүй юм. Тэгээд манайд ирж гялс ус цасанд ороод нүүрснээсээ салж аваад л нөгөө эхнэр рүүгээ явсан. Хувцас хунар нь халтайсан юм болчихсон манай хүүгийн хамаг өнгөтэй өөдтэйг гуйж өмсөөд л гарсан.

 

Т: Күй ээ тэр. Эхнэртээ л очиж байвал үхсэн ч яахав гэж байгаа хэрэг үү хэхэ.

 

Э: Аа нөгөөхөө уурлуулчихсан юм уу даа. Утсаар ярьж байгааг нь сонсох нь ээ тийм л учиртай юм шиг байна лээ.

 

Хайр хамгийн хүчтэй гэх үү, хориг зөрчиж хууль бусаар хотод ирсэн залууг буруутгах уу, бүү мэд. Холоос яараад ирсэн нь сайхан ч, хайртдаа вирус дайгаад ирсэн байвал бас л хэцүү. Гэхдээ л хөөрхөн санагдсан. Ачааны вагон дээр суугаад халтайсан ч, даарсан ч хайртыгаа бодохоос халуу дүүгэж явсан байх даа...

 

"Ахаа дансаа өгчих"

 

Өнөөдөр /2020.03.06/ өглөөг хачин гоё мэдрэмжээр эхлүүллээ. ХМК-Офицер чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн өмнөх зогсоол дээр ирэхийн өмнөхөн залуу бүсгүй цүнхээ ухан байдгаараа сандарч байснаа "Миний түрийвч алга байх юм" гэж олны дунд итгэлгүйхэн асуулт тавив. 

 

Тэгтэл буух хаалганы хажууханд зогсож байсан түүнтэй үе чацуу залуу "Наад хүн чинь авсан, наад хүн чинь авсан шүү" хэмээн бүсгүйн хажууд зогсож байсан настайвтар ах руу заалаа. Өнөө ах цүнхээ уудалж түрийвчийг гаргаж өгөөд "Энэ мөн үү" гээд бүсгүй өөд гар сунгавал өнөөх нь сүрхий том харснаа шүүрээд авав. 

 

Ах /А/: Түрүүн шалан дээр хэвтэж байхад нь би олсон юм. Би эзэн нь байна уу гээд асуусан даа уг нь гэвэл түүний энэ үйлдлийг хэн нэгэн нь гэрчилж "Тийм шүү. Энд түрийвч байна гээд асуусан. Би харсан" гэвэл бүсгүй сая тайвширч 

 

Бүсгүй /Б/: Өө яаанаа ахаа танд маш их баярлалаа. 

 

А: Гээчихсэн байхыг нь би олоод одоо яах ёстой юм бол доо, жолоочид нь өгчихдөг юм уу гэж хэсэг бодсоноо юу ч гэсэн аваад бууя. Буугаад утасны дугаар нь байвал хүргээд ч болтугай өгье гэж санаж байлаа. 

 

Б: Үнэхээр баярлалаа ахаа. Миний энэ цүнх ганцхан кноптой. Сая чихцэлдээд тэгээд онгойгоод түрийвч уначихаж л дээ. 

 

А: Цүнхээ урдаа бариад явж бай, ахын дүү. Хэдэн жилийн өмнө би бас утсаа алдчихсан юм. Тэгсэн олсон хүн нь миний утсаар хамгийн сүүлд залгасан танил руу маань яриад манайхыг заалгаад тэгээд бүр гэрт авчраад өгч байсан. Олон жилийн өмнө л дөө.

 

Б: Та олдог нь ямар их аз вэ. Би бүр нөгөө болохгүй хүмүүс нь авчихсан байх гэж бодоод за өнгөрсөн гээд асуухгүй бууя гэснээ гомдлын мөр гээд буухаасаа өмнө асуусан нь зөв боллоо шүү. Хамаг бичиг, баримт байсан юм. Танд ёстой их баярлалаа.

 

Алдсан, олсон хоёр ийнхүү дотно яриа өрнүүлсээр Сүхбаатарын талбай дээр хамтдаа буулаа. Буусан даруйдаа бүсгүй "Ах аа, та надад дансаа өгчих. Би танд баярласан сэтгэлээ илэрхийлээд 10 мянган төгрөг шилжүүлье" гэсээр тэр хоёр толгой нийлүүлэн дансаа тулгасаар ард үлдэв. Энэ хамгийн гоё нь.

 

Автобусанд түрийвчээ гээгээд тэр даруйд нь буцаан олно гэдэг аз, одтой л яваагийн шинж дээ бүсгүй минь. Хүн хүндээ туслах хамгийн сайхан зүйл. Өчнөөн олон жилийн өмнө ахын гар утсыг гэрт нь хүргэж өгсөн танихгүй хүн танд баярлалаа. Таны сайхан сэтгэлийн хариуг саяны бүсгүйд барьчихлаа. Одоо бүсгүй өөр нэгний гэрт "Та цүнхээ гээсэн үү" гэсээр хайгаад очих ч юм бил үү. Нийгэмд гэрэл түгээнэ гэдэг энэ. Нэгэндээ тустай, дэмтэй явахын сайхан нь энэ. Тиймээ, түрийвч олсон ах, түүнд талархсан бүсгүй хоёроос энэ өглөөг, өнөөдрийг ч хайрлаад л баймаар хачин гоё мэдрэмж тээгээд автобуснаас буулаа.

 

Энэ хүрээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгаж байна. Нээрэн загнаж зүхсэн ч, магтан сайшаасан ч Түмний нэг нь өчүүхэн тэмдэглэлээс минь танд төрсөн мэдрэмж бүхнийг хуваалцах дуртай шүү. Тиймээс дор сэтгэгдэл үлдээгээрэй, манайхаан. Сэгсийтэл загнаж, сэргэтэл магтсан ч болно. Монгол хүмүүс байна, мэнд устай байцгаая даа. За баяртай, дараагийн баасанд дахин шинэ адал явдалтай уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Z:
Unshih bvr ih ym uhaaruulj oilguuldg shvv
2020-04-05
Zochin:
2 жилийн өмнө билүү дээ эхнэртэйгээ хорооллын номинд явж байгаад нилээн зузаан түрийвч олоод залны зохион байгуулагчид нь өгчихөөд эргээд явж байсан чинь тэр түрийвчийг нэг хүн барьчихсан явж байсан бодвол эзэн нь байсан байлгүй.
2020-03-14
Зочин:
Бас дахин баярлалаа, энэ тэмдэглэлүүдээс чинь хөөрхөн зохиол гарна шүү!!!
2020-03-13
Ааа:
Хэдий нь —> Хэдийн
2020-03-08
Харин тийм.
2020-03-07
sonsoogui anzaaraagui bj ch bolno shd huu
2020-03-06
тэр залуу хэлээгүй бол ах гаргаж өгөхгүй бас дансаа өгөөд байгаа шүү монголчууд ийм өөдгүй хүмүүс шүү
2020-03-06
Харин тийм.
sonsoogui anzaaraagui bj ch bolno shd huu