COVID-19: Москва бэлэн байдалд шилжиж, Петербургийн форум цуцлагдав
2020-03-06

 

 

Өнгөрсөн оны сүүлээр анхлан Хятадын Ухань хотод бүртгэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдвар хэдхэн сарын дотор дэлхий даяар тархаж, аюултай нөхцөл байдал үүсээд байна. 

 

Энэ нөхцөлд, өвчний тархалтыг даамжруулахгүйн тулд дэлхийн улс орнууд иргэдээ хамгаалах үүднээс хилээ хаах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах зэрэг шийдвэрүүдийг гаргасаар байгаа юм. 

 

Саяхан халдварын тохиолдол илэрсэн, манай хойд хөрш ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 

 

Дэлхий даяар нэн аюултай вирусийн халдвар тархсантай холбоотойгоор Петербургийн эдийн засгийн форумыг цуцлахаар болжээ. Regnum агентлагийн мэдээлснээр, энэ оны зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн форумыг зохион байгуулагчид нь цуцлахаар шийдсэн байна. Энэ форум 1997 оноос эхлэн зохион байгуулагдаж бөгөөд сүүлийн жилүүдэд форумын хүрээнд жилд 10 мянга орчим хүн, тэр дундаа олон орны өндөр албан тушаалтнууд Оросыг зорьдог болсон юм. 

 

 

Ийнхүү Петербургийн эдийн засгийн форум цуцлагдахаар болсон бол Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Тодруулбал, Оросын нийслэлд шинэ төрлийн титэм вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор Москва хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн талаар хотын дарга Сергей Собянин мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор авах арга хэмжээний хүрээнд иргэдэд зааварчилгаа өгсөн байна. Тухайлбал, шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол бүртгэгдсэн орноос ирсэн бол энэ тухайгаа холбогдох байгууллагуудад зайлшгүй мэдээлэх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, гэртээ эмч дуудах, эмчийн зөвлөгөөгөөр өөрийгөө тусгаарлах шаардлагатай бол энэ горимыг зайлшгүй мөрдөхийг зөвлөжээ.

 

Харин Хятад, Өмнөд Солонгос, Итали, Иран, Герман, Испани гэсэн орнуудаас ирсэн хүн бүрийг хоёр долоо хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.  Мөн "ажилтнууынхаа халууныг тогтмол шалгаж, биеийн халуун нэмэгдсэн ажилтныг ажлаас нэн даруй бусдаас тусгаарлах " үүргийг ажил олгогчдод хариуцуулжээ.

 

АНУ дахь нөхцөл байдал 

 

COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас АНУ-д нийтдээ 11 хүн нас барсан. Энэ улсын 14 мужид халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их нь  Вашингтон, Техас, Небраска мужуудад байгаа юм. Мөн халдварын тархалттай холбоотойгоор Вашингтон, Флорида, Калифорни мужууд онц байдал зарлажээ.

 

Өвчний тархалтыг хязгаарлах үүднээс сүүлийн 14 хоногт Хятад руу зорчсон хүмүүсийг АНУ руу нэвтрэхийг хориглосон байна. АНУ шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд 8,3 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөжээ. 

 

Зеленскийн айлчлал

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хятадаас нүүлгэн шилжүүлсэн 72 хүн тусгаарлагдаж байгаа Полтав мужийн Новые Санжары сууринд ажиллажээ. Өнгөрсөн пүрэв гаригт дээрх хүмүүсийн тусгаарлагдах 14 хоногийн хугацаа дууссан юм. Regnum агентлагийн мэдээлснээр, 14 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэдээс шинэ төрлийн титэм вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэд хөл хорио дууссанаар гэр гэртээ харьцгаасан байна. 

 

Хоёрдугаар сарын 21-ний өдөр Хятадаас дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлж, Новые Санжары тосгонд авчирахад нутгийн иргэд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, автобуснууд руу чулуу нүүлгэх зэргээр эмх замбараагүй байдал үүсгэж байсан юм. Харин Хятадаас ирсэн иргэдийг эмнэлэгт тусгаарласны дараа нутгийн иргэд тэдэнд тоглоом, амттан авчирж өгч байсан талаар нэгэн иргэн ярьжээ. 

 


Хааж, цуцалж, хойшлуулж байна  

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдварын тохиолдол олноор бүртгэгдсэн Итали улс бүх дунд сургуулийг 10 хоног хаах шийдвэр гаргажээ.

 

АНУ-ын Сиаттл хотод Фейсбүүк компанийн офис хаагдсан байна. Учир нь хамгийн сүүлд хоёрдугаар сарын 21-ний өдөр офис дээр ирсэн, энэ компанийн орон тооны бус ажилтнаас шинэ төрлийн титэм вирусийн халдвар илэрчээ. Офисыг гуравдугаар сарын есний өдөр нээхээр төлөвлөсөн байна.

 

Британид гар ариутгагч тасарсантай холбоотойгоор хамгаалах, ариутгах зориулалтын бүтээгдэхүүнийг дамлан худалдсан хэн бүхнийг шүүхээр хариуцлага ноогдуулна гэж Өрсөлдөөн, зах зээлийн хяналтын газар мэдэгджээ.

 

Палестины Засгийн газар Вифлеем дэх Христийн сүм болон бусад сүм, дуганууд хаасан байна. 

 

Иран улс хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хяналт шалгалтын цэгүүдийг ажиллуулж эхэлжээ. Мөн иргэдийг цаасан мөнгө аль болох ашиглахгүй байхыг уриалсан байна. Ираны дунд болон их дээд сургуулиуд дөрөвдүгээр сарын эхэн хүртэл хаагдах бөгөөд энэ үеэр тус улсын хичээлийн жил ч дуусах юм. 

 

Шинэ төрлийн титэм вирусийн 47 тохиолдол илэрсэн Таиландад Full Moon Party арга хэмжээг цуцалжээ. Энэ нь  жил бүр 10 мянга гаруй жуулчин үзэж сонирхдог алдартай үдэшлэг юм. 

 

Майамигийн эрх баригчид энэ сарын 20-22-ны өдрүүдэд товлогдсон Ultra хөгжмийн наадмыг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Энэ наадам 21 жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн жил 170 мянган хүн үзэж сониржээ.

 

Өвчний тархалттай холбоотойгоор Лондонгийн номын үзэсгэлэн худалдаа ч цуцлагдлаа. Дэлхийн уран зохиолын салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох энэ үзэсгэлэнгийн үеэр жил бүр 25 мянга гаруй зохиолч, хэвлэлийн бизнесийн төлөөлөгчид цугладаг юм. Энэ үзэсгэлэн гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байжээ. 

 

COVID-19: Эрсдэлд өртөх аюултай 6 мэргэжил

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин