АВТОБУС №29: "Анхны амьдралдаа л хайртай"
2020-03-20

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ өдрийн мэнд хүргэе. Өглөө /2020.03.18/ суусан Шадивлан-ХМК чиглэлийн автобусны жолооч хоёрдугаар эгнээ рүү огцомхон дараад орох гэтэл приусны жолооч зай өгөлгүй шахсаар хавьтуулсангүй. “Өө үхлээ шт энэ” гэж амандаа үглэн дараагийн машины өмнүүр дарж, гуравдугаар эгнээгээр давхиулсаар приусны жолоочийг гүйцэж очоод  жаал хэрэлдлээ.

 

Автобусны жолооч: Эр хүний замын хүзүү урт ш дээ хөгшөөн. Эргээд хоёулаа нэг л өдөр зам дээр дахиад mаарна аа за.

 

Приусны жолооч: Чам шиг үхэх гэж байгаа юм шиг дохио ч өгөхгүй чихэж дайрахгүй л дээ.

 

Автобусны жолооч: Чиний дугаарыг тогтоогоод авчихья. Чамайг эгнээ байр солихгүй явахыг чинь харах юмсан

 

Эрчүүдийн хооронд товчхон хэрүүл болоод өнгөрлөө. Энэ хоёрын зөв буруу ч яахав. Харин манай жолоочийн “Эр хүний замын хүзүү урт, эргээд уулзана аа” гэсэн үг нь хэтдээ амьдрал үргэлжилнэ ээ гэдгийг сануулсан билэгтэй ерөөл мэт сонстов. Энэ корона их юм бодогдуулж, эмзэгхэн ч болгоод байх шиг...Хэрүүлээс хүртэл амьд байгаагаа мэдэрч, амьдралын сайхныг олж харж ч байх шиг хэхэ.

 

Хоёрдахь эхнэр...түй чорт

 

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”. Өмнө нь Зэвсэгт хүчний өдөр байхад нь эрчүүд эмээхгүй баярлаад болоод л байдаг байсан. Цэргийн гэж тодотгосноос хойш эхнэрийнхээ “Чи цэрэгт явсан бил үү ” гэх учиртай харцтай тулж урамгүйхэн хувцасаа буцаан тайлаад “Хөгшин нь очиж чадахгүй нь ээ, хүүхэд уйлаад” гэж нөхөддөө худал хэлээд гэртээ үлдэх эрчүүд олширсон байх. Өнөө жил бүр ч гойд зүйлгүй, нам гүмхэн тэмдэглэх биз гэж бодтол бас үгүй юм аа. “Үнээ” тэвэрсэн эрчүүд мэр сэр харагдана лээ. “Хүрэн үнээ” хоёрыг ч сугавчилсан эрчүүдтэй 17.00 цагийн орчимд Таваншар-Ботаник чиглэлийн тролейбусанд таарлаа.

 

Эрчүүд уужээ. Больсон ч байна. Булган малгайныхаа хоёр чихийг орой дээр нь холбоод бүсэлчихсэн, шаргал захтай, хүрэн савхитай, өмдөндөө индүүдлэг гаргаж өмссөн чамгүй цэмцгэр эр гартаа “үнээгээ” тас тэвэрчихсэн. Хамт яваа нь хөвгүүдийнх шиг нимгэн куртик өмсөж хэпкэн малгайг хазгайдуухан дутдуулсан давгүй залуу стильтэй юм. Энэ эр уусан юмандаа халамцаж халууцсан бололтой “Ёоо бүтэж үхэх нь. Энэ муу маскийг тайлж хаяна аа. Үхсэн яадгийн үхвэл үхнэ л биз” гэж овоо зоригтой хэлээд амны хаалтаа аваад халааслачихаж байна. Өнөөх нь үгийг нь мушгих янзтай

 

- Муу хүн үхдэггүй юм аа хөгшөөн гэснээ мар мар инээн дал мөрийг нь алгадаад авч байна.  Өнөөх нь гэнэт ухаан орох мэт

 

- Өвгөөн хоёулаа одоо хаачих гэж яваа билээ?

 

- Юу хаашаа гэж. Манайх руу л явж байна шүү дээ.

 

- Өө нээрэн тийм. Буугаад дэлгүүр орно шүү өвгөөн

 

 

- Үгүй үгүй нэмж юм авахгүй ээ. Хоёуланд чинь энэ хоёр байхад /авч явсан пиворуугаа заав/ хангалттай тасарна.

 

- Юу солиороод байгаа юм. Хэн чамд юм авч өгөх гэсэн юм. Эхнэр, хүүхдэд чинь юм авъя.

 

- Өө хэхэ. Хөгшиндөө л ганц юм авах гээд байгаа юм болов уу гэж бодлоо

 

- Битгий балайраад бай.

 

- Чи ингэхэд 80-ын талыг насалчихлаа. Эхнэр ав л даа, хүүрээ

 

- Хммм. Өвгөн нь хайгаагүй биш хайлаа. Нэг бол нөхөртэй хүүхнүүд, нөгөө бол жоохон охидууд таараад байна. Нөхөртэй хүнийг салгаад суултай биш. Нялх хүүхэдтэй суучихаад нөгөөхөө эрхлүүлээд байлтай биш. Ер нь мань мэтийн насны аятайхан хүүхэн олдохгүй байна шүү.

 

- Өнөө Сувдаа гэснээ үгээ залгичихвал өнөөх нь ойлгов бололтой

 

- Сувдаа бид хоёрын нийлэх хөг өнгөрсөөн. Хүнтэй суугаад хаа байсан Увс руу явсан сураг байна лээ.

 

- Хэн тэгж байгаа юм

 

- Охин ярьсан. Гэхдээ Базараа чи сонс. Хүнд ер нь анхны эхнэр л хань болдог юм байна. Хоёрдахь амьдрал, хоёрдахь эхнэр гэж түй чорт юу ч байхгүй. Анхны юм гэдэг л үнэн, үнэ цэнэтэй байдаг байхгүй юу. Би одоо ч анхны амьдралдаа хайртай. Чи Нансаагаас салж болохгүй шүү. Салвал чамайг би ална шүү гэж сүрхий томорч солир нүдээр найз руугаа харж байна.

 

- Битгий балай юм яриад бай. Ирчихлээ бууя.

 

Хоёр эр “үнээнүүдээ” санжигнуулсаар биенээ сугдан түшсээр автобуснаас 10 дугаар хороололд бууж одлоо. Буухын алдад нэг нь барьсан пивоо алдаж харагдана. Тэр лав задлахад нь писхийтэл буудсан байх аа. Аан бас анхны амьдрал үнэ цэнэтэй гэж хэлэхдээ тэр эр эрүүл хүн шиг сүрхий санаа алдана лээ...

 

“Чамаас арчаатай нь чадахгүй байхад чи бүтэхгүй ээ”

 

Хоёр ахын сууж явсан сандал дээр 10 дугаар хорооллоос зөрөн суусан эхнэр, нөхөр хоёр тухаллаа.

 

Нөхөр: Чи өдөр юм идсэн үү?

 

Эхнэр: Идээгүй ээ, өндөг авч идэх гэсэн чинь олдоогүй. Гадуур чинь өндөг заруулахгүй байгаа гэнэ. Чи юм идсэн юм уу?

 

Нөхөр: Өдөр хоёр бууз авч идсэн.

 

Эхнэр: Хариад ямар хоол хийх үү?

 

Нөхөр: Би ээжид шөлтэй хоол хийгээрэй гээд хэлчихсэн

 

Эхнэр: Өө нээрээ ээж байгаа шт. Хүү хичээлээ хийсэн гэнэ үү өнөөдөр

 

Нөхөр: Асуугаагүй шт. Манай хүн хичээлээ хийж байгаа л гээд байгаа. Үнэн л байгаадаа. Очоод шалгаж амжихгүй юм. Багш нь нөгөө групп дээр хичээлээ хийгээд шалгуулаад яваарай гэсэн. Манайх нэг ч тавиагүй шт.

 

Эхнэр: Өөр хүүхдүүд тавьж байна уу?

 

Нөхөр: Ганц нэг хүмүүс тавьж л байна лээ. Амралтын өдрөөр хоёулаа цаадхын чинь хичээлийг жаал нухах уу?

 

Эхнэр: Тэгье. Нээрэн би энэ маскийг солино оо.  Май чи ав. Би шинэ маск авна.

 

Нөхөр: Ямар маск авах гэж байгаан. Би өнөөдөр нэг ийм шинэ маск авсан /халааслаа уудлан гялгар уут шаржигнуулсаар шинэ маск гаргаж ирэн эхнэртээ өгөв/.

 

Эхнэр: Өө энэ чинь ёстой аятайхан юм байна. Би авлаа.

 

Нөхөр: 1500 төгрөгөөр авсан юм. Таалагдаж байвал чи ав ав

 

Ингээд гүндүүгүй эр эхнэртээ шинэ маскаа бэлэглэчихээд “Сайхан угааж байгаад зүүчихнэ ээ энийг чинь” гээд эхнэрийнхээ хуучныг халааслав. Хөөрхөн шүү энэ эрчүүд. Чи л болж байвал би яахав гэдэг бодол хээ шаагүй, хир хоргүй, гүдс шулуухан олон эрчүүдэд байдаг даа...

 

Тэр хоёр нэг объект түрээслэх юм болоод л явчихлаа. Ахын нүд аюулын сэргэж ирээд

 

Нөхөр: Хоёулаа түрээслэх үү? Яадаг юм сард хэдэн төгрөг...гээд цааш ярих гэтэл эхнэр нь үгийг тасалж

 

Эхнэр: За тэр ёстой дэмий Чамаас арчаатай нь чадахгүй байхад чи бол бүр бүтэх ч үгүй гэж ширүүлэв.

 

Ах хүү цонхоор харц тэнүүлснээ хий эсгэрч ч байх шиг...хэхэ. Эхнэр бас ахын шинэ маскийг авчихаад тэгээд ч баяр болж байхад урамгүй шт. Худлаа ч гэсэн магтчихгүй.

 

“Аав үхчихсэн”

 

Урин цаг ирж гадаа дулаарч буй энэ өдрүүдэд хоёр хүүхдээ дагуулсан хүмүүс болоод багачууд ганц нэгээрээ автобусаар зорчиж яваатай хэдэнтээ таарлаа. ХМК-Офицеруудын ордон чиглэлийн автобус явсаар Сонгинохайрхан дүүргийн буудал дээр хүрч ирж зогслоо. Энэ автобусанд томоо куртик өмссөн нэг жижигхэн халтар хүүтэй яриа өрнүүлж яваад түүнийг даган буулаа. Тэр хүү ганцаараа явсан.

 

Би /б/: Чи хаашаа явж байгаа юм бэ? Маск зүүхгүй яасан юм бэ?

 

Хүү /х/: Гэртээ харина. Маск гэрт байгаа

 

Б: Хааччихаад ирж байгаа юм

 

Х: Ийшээ /эрүүгээрээ гэдрэг заав/

 

Б: Гэрт нь хэн байгаа вэ

 

Х: Ээж, дүү байгаа

 

Б: Аав нь ажилтай юу?

 

Х: Үхчихсэн /тэр бодсон ч үгүй зоримог шулуухан өөдөөс эгцэлж харж байгаад ингэж хэлсэн/

 

Б: Өө, чи ах эгчтэй юу

 

Х: Ахтай

 

Б: Ингэхэд чи хэдэн настай юм бэ?

 

Х: Найм

 

Б: Чи дүүтэй гэл үү? Дүү нь хэдтэй юм бэ?

 

Х: Тав

 

Б: Найман настай гэхээр гуравдугаар ангид сурдаг уу?

 

Х: /дургүйхэн толгой дохив/

 

Б: Хичээлээ хийж байгаа биз дээ. Сургуульдаа явахгүй байх ямар байна гэж асуухтай зэрэгцэн тэр миний асуултнаас бултах шиг зам хөндлөн гараад гүйчихлээ. Тэгснээ замын цаанаас надруу гар даллачихаад цааш хамаг хурдаараа гүйв.

 

Хүү автобуснаас буухдаа хоёр ууттай чихэр барьж явсан. Нэгийг нь задалж идчихээд цаасыг нь хогийн саванд хаяхаа мартаагүй. Харин үлдсэн нэг чихрийг идэх эсэхээ шийдэж ядаад л байгаа бололтой нэг гаргаж, нөгөө халаасалж харагдсан. Магадгүй дүүдээ л гэж айлын өгсөн чихрийг хадгалж яваа ах хүн байхдаа...Хүүд дэлгүүрээс дахиад нэг чихэр аваад өгмөөр байсан ч миний халаасанд автобусны картнаас өөр зүйлгүй хоосон алхаж явсан юм.

 

Эрчүүдийн баярын өдрөөр ийм гурван төрлийн эрэгтэйтэй автобусаар хамт зорчлоо. Эхний эрийг анхны амьдралаа дуусгаж, эхнэртэйгээ хоёр тийш болсондоо сэтгэл жаахан гундуу явдаг юмуу гэж бодсон. Харин хоёрдахь нь гэргий, гэр бүлийнхээ өмөг түшиг гэмгүй сайхан эр хүн. Гуравдахь нь өнгөцхөн дүгнэвэл гэдэс жаахан дундуур, хувцас жаахан тааруу өсч яваа өнөөгийн нийгмийн өөр нэг өнгө төрх. Хүү хэзээ ч юм уйлсан л бололтой нүүрэн дээр нь нулимсны мөр үлдэж халтайсан байна лээ.

 

Энэ хүрээд энэ удаагийн автобусны тэмдэглэлээ дуусгаж байна. Илүү сайханд тэмүүлсээр ирэх баасан гарагт эргэн уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Би:
Унших дуртай ном болговол гоё ном гарах байхдаа
2020-03-20
irgen:
ynen amdral, boldog bol negch hyyhdiig hynd hezyy amdruulahgui umsan
2020-03-20
bayrlalaa gerel gegee medred unshih gej huleeh bolloo
2020-03-20
зочин:
эр хүний нөмөр нөөлгө их шүү сайхан бүсгүйчүүд минь
2020-03-20
эрчүүд минь уужуу ухаантай байхад болно доо
2020-03-20