Bank of America: АНУ эдийн засгийн хямралтай нүүр туллаа
3-24

 

АНУ-ын эдийн засаг олон жилийн өсөлтийн үеийг туулж, одоо хямралд орсон гэж  Bank of America мэдэгдлээ. Мөн ийм дүгнэлтийг Америкийн санхүүгийн тэргүүлэгч банкууд болох  Goldman Sachs  болон Morgan Stanley ч гаргасан юм.

 

Bank of America -ийн үзэж байгаагаар энэ удаагийн хямрал нь түүхэнд тохиосон хамгийн хүчтэй хямралуудын нэг болох гэнэ. Хоёрдугаар улиралд гэхэд л ДНБ 12 хувиар буурах төлөвтэй бөгөөд энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гарсан хамгийн өндөр үзүүлэлт аж. Америкийн өөр нэг томоохон банкны таамаглалаар хоёрдугаар улиралд ДНБ 30 хувиар унах бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт байх гэнэ.  Ийнхүү ДНБ буурах шалтгаан нь бизнесийн ажиллагааны унат мөн титэм вирусийн тархалтын улмаас хэрэглээний зардал буурсантай холбоотой гэж шинжээчид мэдэгджээ.

 

"АНУ бусад улс орны адилаар эдийн засаг нь хямралд орсон гэж бид албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн Bank of America -ийн тэргүүлэх эдийн засагч Мишель Мейер ахлагчтай шинжээчдийн багийн тайланд онцолсон байна.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар титэм вирусийн тархалт бараг бүхий л салбарт цохилт өгсөн тул эдийн засаг ихээр хямарсан гэнэ.

 

Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэж, хүн амын орлого буурах аж. Хоёрдугаар улирлын туршид сарын хугацаанд л АНУ-ын сая гаруй иргэн ажилгүй болж, эцсийн дүндээ 3,5 сая хүн ажилгүй болно гэж шинжээчид таамагласан байна. Тэр дундаа зугаа цэнгээн, тээвэр, зочид буудал болон жижиглэн худалдааны салбарт ажилгүйдэл нүүрлэх гэнэ. 

 

АНУ даяар титэм вирусийн тархалттай тэмцэх зорилгоор олон компаниуд ажилтнуудаа чөлөөлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 281 мянган өргөдөл ирсэн нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Ийнхүү титэм вирусийн улмаас ажилгүй болсон хүмүүсийн ихэнх нь цагийн ажил гүйцэтгэдэг бага тушаалын ажилтнууд байжээ. 

 

" Өнөөгийн эдийн засгийн байдал ийм л байна. Хэрэглэгчид цочирдож, бага мөнгө үрэх болсон, аж ахуйн нэгжүүд орлого бага олж, улмаар ажилтнуудаа халж эхэлсэн" хэмээн  MUFG Union Bank-ны ерөнхий эдийн засагч Крис Рупки мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, байгууллагууд ажилтнуудаа халж байгаа нь түр зуурын үзэгдэл, ажил олгогчид тахлын цар хүрээ хумигдмагц ажилтнуудаа буцааж авна, гэхдээ хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй гэнэ. Харин Цагаан ордны таамаглаж байгаагаар титэм вирустэй хийх тэмцэлд 18 сар шаардлагатай аж. 

 

АНУ-ын тэргүүлэгч санхүүгийн хүрээлэнгүүд ч мөн АНУ төдийгүй дэлхийн улс орны гуравны нэгд нь  хямрал хэдийнэ нүүрлэснийг анхааруулж байна. Шинжээчдийн өгүүлснээр дэлхийн ДНБ-ий 15,1, 11 болон дөрвөн хувийг тус тус бүрдүүлдэг АНУ, Европын холбоо, Японд хямрал ажиглагдаж байгаа аж. Эдийн засгийн уналт энэ оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж шинжээчид таамаглажээ. 

 

Уналт хэр гүнзгий байх мөн дараа нь эдийн засаг сэргэх хурд төрөөс явуулж буй бодлогын үр ашгаас шууд хамаарна гэж Bank of America онцолжээ.

 

 

Хямралын үед эдийн засгаа дэмжих хойд хөршийн бодлого

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Po:
2.000.000.000.000dollar gargan gsn bsn svvldee 4 trillion blcn udku bvr suirnee . Yanada hoorhii
2020-03-24
Ха хх:
Манайх болохоор 2 сар бүх юмаа хорьсон хирнээ улам хөгжөөд, юун дампуурах
2020-03-24