АВТОБУС № 30: “Айл болгон нэг архичинтай”
2020-03-27

Урин хавар болдгоороо л болж байна. Удахгүй усны шувууд ч ирдгээрээ ирж дүрсгүй жаалууд тэднийг дэрхийтэл нисгэх биз. Өвлийн адил өвчин ч бас буцна даа гэх өнөөх л өөдрөг, гэгээн мэдрэмжээ тээсээр өнөөдрийн тэмдэглэлээ эхлүүлж байна, өдрийн мэнд. Энэ удаагийн тэмдэглэлд маань эрээн бараан амьдралын инээд хөөр бий. Бас гуниг ч жаахан бий. Таалал орших болтугай. Өглөө 08.00 цагт гэрээсээ гарч угсраа автобусанд Таваншараас суугаад талбай хүрээд буулаа.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist  хуудаснаас ашиглав

 

Манайхан маскийг бол хэлүүлэлтгүй зүүж байна. Лааз түүдгээс эхлээд ланд хөлөглөсөн нь хүртэл масктай харагдана. Автобус урьдынхаараа дүүрэн хэвээр. “Алив ээ, хойшоо яваад өг, яваад өг” гэх жолоочийн цухалдуу үгийн өнгө ч өмнөх шигээ. Гэр, ажил хоёрын хооронд 30 хүрэхгүй минутад оччихоод байсан автобус даруй цагийн дараа түгжирсээр талбай орж байна. “Мөнгөн завьяа”-ийн автобусны буудал дээр ширхгийн тамхи, бохь, кофе зардаг эгч гарч ирээд суучихаж. Хоёр ширхэг парламент авч халааслаад “Хариулт хэрэггүй ээ” гээд хонгил уруудан одсон залуу пальтогоо өмсчихөж. Хоёр сар хөл хөдөлгөөнөө хязгаарласан нийслэлчүүд хавартай хамт “амь” орох мэт ажин түжин байдал алсарчээ. Түмэн олон яриа хөөрөө ч өрнүүн явна.  

 

“Эхнэр орой мөнгө олж ирээрэй гэсэн”

 

Таваншарын автобусны буудлаас суусан 30 гаруй насны хоёр эр өөдөөс харсан сандалд суугаад нэг годгор хиамийг яг голоор нь хоёр хувааж идэв. Том техникээр газар шорооны ажил л хийдэг бололтой.

 

- Ёоо, өглөө хоолгүй гарахаар өдөр хоолны цаг болтол өлдөөд уначих гээд байх юм аа

 

- Гэрээс юм идээд гарах гэхээр ажлаас хоцорчих гээд байх юм. Эрт босч чадах биш найм гэж сэрээл хам хум гарч байгаа юм чинь

 

- Харин тийм ээ. Энэ хүмүүс чи бид хоёрыг заваан п...нууд вэ гэж бодож байгаа байх даа.

 

- Одоо яахав дээ, юу л гэж бодвол бодохоос. Яаа талх байсан бол тэ

 

- Бас Кола

 

- Харин тийн

 

-Эхнэр орой мөнгө олж ирээрэй гэсэн

 

- Хммм яаж олохын. Цалин буух хаа байсан юм

 

- Өнөө орой захирлыг явахаар түлш хусна аа

 

- За больж үзье. Би лав оролцохгүй шүү. Дээрийнх шиг юм болвол баларна.

 

- Яавал гэж. Хохино, тэгвэл чамд мөнгө өгөхгүй шүү.

 

- Тэгээд юугаар зөөх гэж байгаа юм.

 

- Баагийгийн машины ард хийчихнэ. Бид хоёр ярьчихсан байгаа. Чи оролцохгүй юм бол бид хоёр 20,20-иор нь авна аа.

 

- Маньдаа ганц хайрцаг тамхины мөнгө өгчихөөрэй.

 

- Бодьё.

 

Малгайтай ноосон цамцны гадуурх том зузаан куртикнээс нь тос масло нэвт ханхалсан, хар масктай хоёр залуу ийн ярилцав. Тэр хоёр долоон буудал хүрнэ гэсэн. Тэнд  ажил гүйцэтгэх тендер авсан компанийн ажилчид юмдаг уудаа. Куртикных нь ар дээр компанийнх нь нэр томоор бичээстэй байсан.

 

“Морь шиг царайт...”

 

Гуравдугаар эмнэлгийн автобусны буудлаас 2000-аад оны залуучууд суулаа. Нэг нь саяхнаас хүмүүсийн сонирхлыг ихэд татаад байгаа гадаад уу, монгол уу гэдгээ шалгадаг апплейкшнээр өөрийгөө сонжив. Үр дүн нь Солонгос 50 хувь, Монгол 1 хувь гэж гарав. Буржгар химитэй, албаар ургуулсан үс, нар салхи үзээгүй гэмээр шингэн цагаан царай зүс нь харваас Солонгостой төстэй байсан. Дараа нь ямар амьтантай төстэй царайтайгаа бас сонжлоо. Үр дүн нь морь хэхэ. Хамт явсан найз нь баахан шоолж хөхрөв.

 

Нээрэн энэ мэт сонжоо ашигласан бол дараа нь фэйсбүүкийнхээ нууц үгийг солихыг цагдаагаас зөвлөсөн байна лээ шүү. Кибер гэмт хэрэгтнүүд нууц үгийг тань автоматаар хуулж аваад  баян найз нөхөд, танилын чинь эрэлд гарна. Хамгийн чинээлэг танил руу чинь “Найздаа мөнгө зээлээч” гэж зурвас бичээд...Мэдээж цаадах чинь баян юм болохоор чамд гэж итгээд минутын дотор шилжүүлээд...Эцэст нь мөнгө танд байхгүй, таны найзад ч байхгүй болдог гэсэн шүү. Анхаараарай. Ер нь монгол хүн л хойно монгол л царайтай байж таарна. Бүү эргэлз. хэхэ.

 

“Үнжэ шиг амьдарна”

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist  хуудаснаас ашиглав

 

Ажлаа тарж яваа 40 гаруй насны эмэгтэй танилтайгаа утсаар ярьж явна. Түүний харилцан ярьж буй эмэгтэй мангар хар юмнаасаа салж, одоо л нэг санаа амар амьдарч байгаа бололтой.

 

- Төгсөөгүй байгаа юм уу. Хэзээ төгсөх үү

 

- Өө заза, мундаг нүүр буддаг охинтой болж байгаа юм биз дээ.

 

- Гоо сайхан ч гэхээр юу хийх юм?

 

- Аан тэгвэл батгаа нэг шахуулъя байз

 

- За чи тэгээд хүүхэд хараад л байна уу. Танай хоёр жаахан том болж байна уу

 

- Өө би тэрнээсээ гараад Энхтайваны гүүрний хажууд нэг ресторанд ажиллаж байгаа шүү дээ. Одоо нэг жил гаран гүрийчихвэл тэтгэвэртээ гарах гээд байна. Тэтгэвэрт гарахаасаа өмнө өнөө багийн машины зээлийг дуусгачихвал би ч ёстой гавьяаны амралтандаа гарах гээд байна шүү дээ.

 

- За танай балай хар юм ярьж байна уу?

 

- Тэр нь дээр шт. Битгий ярь. Нүүр өгч яадаг юм. Хотод байгаа юу?

 

- Байгаа газраа зааж өгөхгүй л байх хэрэгтэй

 

- Өө тийм үү балай юм. Тэгнэ шт. Тэгж хүүхдэд гай болж байгаа байхгүй юу

 

- Өдий болсон эрэгтэй хүүхэд чинь ээжийгээ өмөөрөхгүй яахав дээ

 

- Салсандаа л сал. Аль болгон тэр нэг юмны гарын шүүс болж амьдрахав дээ

 

- Өө заза одоо тэгвэл Үнжэ шиг сайхан амьдрах юм байна л даа чи тэгвэл хэхэ

 

- Ёстой, ёстой айл болгон нэг архичинтай байдаг гэж л үнэн. Манай өнөөх бас уугаад л байгаа. Одоо харин корона морона гээд хаа очиж гайгүй шүү л байна. Эрх биш нэг зодож балбаад байхгүй юм даа.

 

Нөхрийнхөө энгэрээс үргэлж зүүгдээстэй эрх танхи бүсгүйчүүд байхад эрх биш зодуулаагүй дээ, зодуулсан ч амьд дээрээ салсандаа баярлаж яваа эмэгтэйчүүд байна. Эгчийн “Айл болгон нэг архичинтай” гэдэг үг ёгхийтэл хүнд сонсогдсон. Харин тэр архичин уухаараа араатан болдог уу хонь болдог уу гэдэг бүсгүйчүүдийн аз жаргалын, амар амгалангийн хэмжүүр гэлтэй...

 

“Машинаа л яриад байдаг юм үзээгүй гар юм уу...”

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist  хуудаснаас ашиглав

 

Орой ажил тараад Зүүнсалаа-Халдварын автобусанд суугаад “Сүү” ХХК-ийн автобусны буудал хүрч буулаа. Гадаа тун сэрүүхэн байна.

 

“Чи таксидчаач дээ, 1500 л гарна ш дээ” гэж ятгах залуугийн хариултад намхавтар бага зэрэг мярайлаг охин “Чи яараад байвал яв л даа тэгээд” хэмээнэ. Залуу явчихгүй хэр нь явахын л түс болоод байх шиг. Харин охин байн байн үсээ шидлэн байдгаараа гоёсон байгаагаас харахад ингээд л зогсоод байх хүсэл дүүрэн байгаа бололтой. Өсгийгөөрөө хөнгөхөн товчиж, нүдээ сүрхий тормолзуулж, нимгэн хувцасласнаас үүдэн эрүү нь чичирхийлэх ч даараагүй царайлж байгаа зэрэг нь догдлол дүүрэн байгааг илтгэнэ. Нүдний тень улаан, үүрсэн цүнх улаан байгаа энэ тэр нь хачин гоё оо. Энэ хоёр шинэхэн бас сонихон байгаа нь лав. Залуу харин жаахан онигиргон юм уу даа.

 

Залуу /з/: Машингүй ёстой бүтэхгүй юм байна

 

Охин /о/: Чи одоо тэгээд яаж машингүй буцах гэж байгаа юм

 

З: Харин одоо яадаг юм билээ

 

О: Яасан, чиний нөгөө сүрхий машинтай найзууд чинь

 

З: Ажилтай байгаа байлгүй. Одоо би ахынд очоод л машинаа уначихна шт.

 

О: Заза автобус ирчихлээ Баяртай гэсээр охин Алтан-Овоо-10 дугаар хороолол гэсэн хаягтай автобусанд сууж одлоо. Залуу халаасандаа гараа хийн бушуухан алхуулсаар яваад өгөв.

 

Энэ залуу “Машинаа л яриад байдаг юм үзээгүй гар юм уу чи” гээд хэдэн жилийн өмнөх хавар хит болж байсан дууг санаанд оруулав.  Өлөн дээрээ сонссон дуу өдөржин аманд аялагддаг гэгчээр өнөөх дууг унтатлаа л аяллаа.

 

Автобусаар зорчихоор амьдралын олон өнгө харагдана. Заримдаа амьдралыг хайрламаар болоод буух бол хааяахан сэтгэл сэмрээд харина. Зовлон, жаргал ээлжилдэг хойно доо. Үүгээр энэ удаагийн тэмдэглэл өндөрлөж байна. Амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй, манайхаан.

 

Сэтгэгдэл үлдээж байгаа уншигчиддаа баярлалаа. Ер нь эерэг сайхан сэтгэгдэлүүд бичжээ. Түмний нэг нь "Үргэлжлүүлээд байгаарай" гэдэг үгэнд тань л урамшаад түмнийхээ дунд дуу хураагуураа цүнхлээд алхаад л байна.

 

Нээрэн А.Баттулга гэх миний л адил амьдралын өнгө хайж явдаг зурагчин агшин бүрийг алдалгүй дарсан гэрэл зургуудаа автобусны тэмдэглэлдээ ашиглахыг зөвшөөрсөн. Баярлалаа. Түүний олныг өгүүлсэн гэрэл зургуудыг Tulgaa Skizz Artist хуудсанд зочилж сонирхоорой, бас хуудсыг нь дагаарай. Мөн Гэрэлчилагун танд баярлалаа. 

 

Үргэлжлэл бий...

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
duuchin mendbileg, Altanhuyag, mendee, moojig hundairy alaad zugtaasan bilee ih zasag uulzbar deer. duuchin Altanhuyag aisanda omdondoo baasan bailaa.
2020-03-28
zochin:
ih goy niitll bnaa
2020-03-27
АРХИ:
АРХИ зарахыг зогсоож АРХИЧДЫГ албаадн эмчлүүлмээр бна ТЭгвэл ар гэр нь дэмжээд туслаад архинаасгаргамаар бна шүү Одоогоор бол цагдаа дуудаад өгхөөр өргөдөл гарга гэх мэтээр цааргална Алдбан эмчилгээг бүр чхийхгүй
2020-03-27