COVID-19: Итали, Испани хөл хориогоо сулруулж, Франц сунгав
2020-04-14

Жон Хопкинсийн их сургуулийн сүүлийн үеийн мэдээллийг харахад дэлхий даяар 1,9 сая гаруй хүн COVID-19 вирусийн халдвар авч, 118 мянга гаруй хүн энэ халдварын улмаас нас баржээ. Европын орнуудаас нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Испани, Итали улс өвчний тархалтыг хазаарлах зорилгоор тавьсан хязгаарлалтуудаа аажмаар цуцалж байгаа бол Франц, Британид хөл хорио үйлчилсэн хэвээр байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөл хорионоос яаран гарах хэрэггүй хэмээн зөвлөж байгаа юм. 

 

Даваа гаригаас эхлэн Испанид үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээсэн бол өнөөдөр Итали улсад зарим дэлгүүрүүд үүдээ нээхээр төлөвлөж байна. Мөн Европын орнууд дундаас хамгийн түрүүнд хөл хорио, хязгаарлалт тавьсан орнуудын нэг болох Дани улс дунд сургуулиудыг нээж, иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хэсэгчлэн цуцлахаар болжээ.

 

Германд хязгаарлалтын арга хэмжээг зөөлрүүлэх талаар засгийн газар нь хэлэлцэж байгаа бол Франц, Британид бүхий л хязгаарлалт хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Даваа гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ хөл хориог сар орчмоор буюу тавдугаар сарын 11 хүртэл сунгахаар болсныг дуулгасан юм. Түүний өгүүлснээр, Европын холбооны гишүүн бус орнуудтай хиллэдэг хил хаалттай хэвээр байж, олон нийтийн арга хэмжээнүүдийг долоодугаар сарын дунд үе хүртэл хоригложээ.  Франц улс энэ төрлийн хямралд бүрэн бэлэн байгаагүй хэмээн Макрон онцлоод гэхдээ тахал аажмаар хүч нь саарах найдвар бий хэмээн мэдэгдсэн байна.

 

"Яарвал даарна"


Ийнхүү Итали, Испани улс хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж эхэлсэн бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хөл хорионоос яаран татгалзах нь өвчлөлийн тоог нэмэгдүүлэх бөгөөд учир нь вирус маш хурдацтай тархаж, харин цар тахлыг давахад удаан хугацаа шаардагдана гэдгийг онцолсон байна.

 

"Европ даяар нэгэн зэрэг хөл хорионоос гарахгүй байх нь нэн чухал" гэж ДЭМБ-ын шинжээч Мария Ван Керкхове мэдэгджээ.

 

Аажмаар хязгаарлалтаа цуцалж эхэлсэн Итали, Испани улсад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол шинээр бүртгэгдэх нь буурч байгаа гэж эдгээр орнуудын эрх баригчид мэдэгдсэн. Тухайлбал, Испанид даваа гаригт  шинээр 3477 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс харьцангуй бага байгаа юм. Түүнчлэн нас баралт ч буурсан бөгөөд даваа гаригт 517 хүн нас барсан бөгөөд энэ нь ням гаригийн үзүүлэлтээс 100-аар бага байгаа аж.

 

"Бид ялахад, энгийн амьдралдаа эргэн ороход хол байна. Бид бүгдээрээ л дахин чөлөөтэй явахыг хүсч байгаа ч энэ дайнд ялж, дахин давтагдахгүй байхыг илүүтэй хүсч байгаа" хэмээн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес анхааруулж байлаа.

 

Даваа гаригт Испанийн Засгийн газар хөл хорионы үеэр авч хэрэгжүүлсэн зарим төрлийн хязгаарлалтыг цуцлах болсон талаараа зарласан ч Каталоны эрх баригчид энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан юм. Каталонийн орон нутгийн захиргааны тэргүүн  Ким Торра мэдэгдэл хийхдээ өвчин дахин дэгдэх мөн хоёр дахь удаагаа хөл хорио тогтоох эрсдэл хэт өндөр байгаа тул хязгаарлалтуудыг цуцлахгүй хэмээн онцолсон байна. 

 

Гэхдээ Каталониос бусад газарт үйлдвэрийн ажилтнууд, барилгачид болон зарим салбарын ажилтнууд эрүүл ахуйн шаардлагыг сайтар мөрдөн ажилдаа орох боломжтой болжээ.

 

Итали улсад тавдугаар сарын гуравныг хүртэл бүх нийтийн тусгаарлалтын горимыг зарласан ч мягмар гаригаас эхлэн номын дэлгүүр, бичиг хэргийн болон хүүхдийн хувцасны дэлгүүрүүд нээгдэхээр болсон байна. Гэхдээ үйлдвэрүүдийг ирэх сар хүртэл хаасан хэвээр байх гэнэ.

 

Муу бүхэн сайн талтай буюу түүхэн дэх тахлууд хүн төрөлхтөнд юу сургав?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөгшин Европ тивийн хоёр том орон Итали Испани улс азгүй орнууд юм байна даа. Ардчилал хүний эрх чөлөөнд халдаж болохгүй хуультай болохоор иргэд нь хэнэггүй ухамсаргүй иргэний үүргээ биелүүлэхгүй явсаар байгаад одоо ийм байдалд хүрлээ. Итали Испани улс ирээдүйд хүчирхэг байдалаа хэвээр хадгалж чадахааргүй тун хэцүү байдалтай байна даа.
2020-04-15
Иргэн:
Европын улсууд өөрсдийгөө бусад өнгийн арьстнуудтай хамт нэг тив дээр амьдардгаа мартсан тул ийм зовлон амсаж байна.
2020-04-14