COVID-19: ОХУ парадаа хойшлуулж, тусгаарлалтыг сунгав
2020-04-17

ОХУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг хойшлуулж, зарим бүс нутагт тусгаарлалтын хугацааг сунгав. Хойд хөршид нөхцөл байдал ямар байгаа талаар Regnum, BBC агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе. 

 

Башкир улс тавдугаар сарын сүүл хүртэл өөрийгөө тусгаарлах горимыг сунгасан ОХУ-ын анхны бүс нутаг болсон бол өмнө нь нэг ч халдвар бүртгэгдээгүй, ОХУ-ын цорын ганц бүс нутаг байсан Бүгд Найрамдах Алтай Улсад COVID-19 илэрчээ. 

 

Харин өвчлөлийн тоогоор хамгийн их байгаа Москва хотод амьсгалын замын хурц үрэвсэл туссан хэн бүрийг хөл хорионд оруулах шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Михаил Мишустин хумхаа өвчний эмээр титэм вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхийг зөвшөөрчээ.

 

Парадыг хойшлуулж, цэргийн албан хаагчид хөл хорионд оров

 

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг тавдугаар сарын есний өдөр зохион байгуулахгүй гэдэг нь лхагва гаригт хэдийнэ тодорхой болсон. Мөн үүнээс өмнө ахмад дайчдын байгууллагууд Оросын ерөнхийлөгчид хандан ёслолын арга хэмжээг хойшлуулах хүсэлт тавьсан юм.

COVID-19: Ялалтын парадыг хойшлуулна

 

Улмаар пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парадыг хойшлуулж байгаа талаар зарласан ч тодорхой өдөр хэлсэнгүй, гагцхүү энэ ондоо ёслолын арга хэмжээ болно хэмээн мэдэгдсэн юм. 

 

"Бид өнөөдөр нүүр тулсан аюул заналыг даван туулж, үүний дараа тавдугаар сарын есний өдөр товлогдсон бүхий л арга хэмжээг заавал зохион байгуулна" хэмээн Путин мэдэгдсэнийг Regnum иш татсан байна. 

 

ОХУ Ялалтын парадыг хойшлуулж байгаагаа ийнхүү мэдэгдсэн чухам хэзээ зохион байгуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч парадыг зургадугаар сарын 24-нд буюу 1945 онд маршал Георгий Жуковын удирдсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын гуравны өдөр зохион байгуулахаар хойшлуулж болзошгүй гэж Төрийн Думын батлан хамгаалахын хорооны дарга Владимир Шаманов мэдэгдэж байв.

 

Ийнхүү аюулгүй байдлыг бодолцон парадыг хойшлуулсан ч цэргийн албан хаагчдын дундаас хэдийнэ халдвар илэрчээ. Тодруулбал, Тюмемний цэргийн инженерийн дээд сургуулийн 14 сонсогч болон нэг энгийн албан хаагчаас COVID-19 вирус илэрсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн байна. 

 

БХЯ-ны мэдэгдсэнээр, халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. Мөн ойрын хавьтагч болох 352 сонсогчоос шинжилэгэ авахад хариу нь сөрөг гарчээ.

 

Халдвар гарах болсон шалтгаан нь нэг сонсогч сургуулиас өөр газарт энгийн иргэнтэй уулзсанаас үүдэлтэй гэж БХЯ мэдэгджээ.

 

Зун хүртэл тусгаарлагдана

 

Башкирт тавдугаар сарыг дуустал өөрийгөө тусгаарлах горимыг сунгажээ. Энэ тусгаарлалт зун ч үргэлжилж болзошгүй гэж Башкирийн тэргүүн Радий Хабиров мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалт болон бээлийгүй зорчихыг хоригложээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Башкирт 191 тохиолдол бүртгэгдсэнээс зургаан хүн нас барсан байна.

 

Харин саяхныг хүртэл COVID-19 вирусийн халдвар илрээгүй байсан Бүгд Найрамдах Алтай Улсад дөрөвдүгээр 16-ны өдөр нэгэн эмэгтэйгээс халдвар илэрчээ. Энэ бүс нутаг дөрөвдүгээр сарын нэгнээс Москватай харилцах агаарын харилцаагаа хаасан бол Новосибирск, Красноярск руу нисэх нислэгийг хязгаарлан, хот, улс хоорондын автобусны зорчих хөдөлгөөнийг хоёр дахин бууруулсан байна.

 

Ийнхүү ОХУ-ын бүх бүс нутагт титэм вирусийн халдвар илэрсэн бол нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Москвад амьсгалын замын үрэвслийн өвчинтэй бүх хүнийг болон тэдэнтэй хамт амьдарч байгаа хүмүүсийг 14 хоног хөл хорионд оруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр амьсгалын замын өвчинтэй хүмүүс хөл хорионы дэглэмийг зөрчин гэрээсээ гарвал COVID-19 вирустэй хүмүүсийн адилаар торгуулах гэнэ. 

 

Мөн Москва хотод амьсгалын замын үрэвслийн бүхий л тохиолдлуудыг титэм вирус гэж сэжиглэх үндэслэл хэмээн тоцоохоор болсон тул ханиад томуу туссан хүмүүсийг вирус тээгчид байж болзошгүй хэмээн хяналтанд оруулна хэмээн Москвагийн орлогч дарга Анастасия Ракова мэдэгджээ.

 

ОХУ даяар халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул тус улын Ерөнхий сайд Михаил Мишустин COVID-19 вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгүүдэд "гидроксихлорохин" эмийг үнэ төлбөргүй нийлүүлэхийг Үндэсний анагаах ухааны судалгааны төвд даалгасан байна. Энэ эмийг шархираа, багтраа болон хумхаа өвчнийг эмчлэхэд ашигладаг аж.

 

Энэ эм ДЭМБ -ын удирдлаган дор клиникийн судалгаанд оруулах эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бөгөөд энэ судалгааны хүрээнд улс орнууд титэм вирусийг эмчлэх эм бэлдмэлийн үр ашгийг судлах ажил хийгдэж байгаа юм байна. Гидроксихлорохин эм үр дүнтэй гэдэг нь хараахан батлагдаагүй. Тиймээс Орос улс ДЭМБ-ын клиникийн судалгаанд нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ даяар халдвар авсан хүний тоо 27 938 болж, 232 хүн нас барсан бол 2304 хүн эдгэрчсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг иванууд ази хүмүүсийг дорд үзэж арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж зодож буудаж алдаг гэл үү.
2020-04-18