Пентагон: Ким Жон Ун цөмийн болон зэвсэгт хүчнээ удирдсан хэвээр байгаа
2020-04-23

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун "алга болсон" талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаагийн дээр түүнийг "бясалгаж байгаа" гэх мэдээлэл Азийн хэвлэлүүдээр гарч эхэллээ. 

 

Үүнтэй холбоотойгоор дээд удирдлага солигдох гэж байгаа талаарх мэдээлэл ч гарч эхэллээ. Тухайлбал, Ким Жон Ун гэнэт нас барсан тохиолдолд түүний эмэгтэй дүү Ким Ё Жон Хойд Солонгосыг удирдах магадлалтай гэж хэдэн хэдэн эх сурвалж бичжээ. 

 

Японы Асахи сонин Өмнөд Солонгос болон АНУ-аас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ нэн шаардлагатай үе гарвал Ким Ё Жон ахыгаа орлох шийдвэрийг өнгөрсөн онд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны тэргүүлэгчид гаргасан гэж онцолжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргахыг Ким Жон Ун өөрөө санал болгосон гэнэ. Мөн одоо ч тус улсын хамгийн чухал баримт бичгүүдэд Ким Жон Уны дүүгийн нэр гарах нь олширчээ. 

 

Үүнээс өмнө Азийн хэвлэлүүд мэдээлэхдээ Ким Жон Уныг "алга болсон", бясалгал хийж байга мэтээр бичиж байв. Мөн зүрх судасны өвчний улмаас мэс засалд орсон, одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хэмээн мэдээлсэн юм.

 

Ийнхүү хэвлэлүүд Хойд Солонгосын удирдагчийг өвдсөн, залгамжлагч нь тодрох гэж байгаа хэмээн мэдээлж байгаа бол Өмнөд Солонгос, АНУ-ын эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ Ким Жон Уны биеийн байдал муу байгаа талаар мэдээлэл сонсоогүй, гэхдээ түүнд эрүүл энхийг хүсч байна хэмээсэн юм. 

 

Мөн Америкийн цэргийнхэн ч Хойд Солонгосын удирдагч зэвсэгт хүчнээ удирдахаа больсон гэх мэдээлэл аваагүй хэмээжээ. Энэ талаар АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны орлогч дарга Жон Хайтен мэдэгдсэнийг  AFP дамжуулсан байна. 

 

Ким Жон Ун мэс засалд орсон тухай мэдээлэлд тайлбар өгөхдөө тэрбээр тагнуулынханд энэ мэдээллийг "няцаах эсвэл батлах мэдээлэл байхгүй" хэмээн онцолжээ. 

 

"Ким Жон Ун урьдын адил цөмийн болон зэвсэгт хүчнээ хянаж байгаа гэж би бодож байна" хэмээгээд өөрөөр бодох шалтгаан байхгүй гэж цохон тэмдэглэжээ. 

 

Ким Жон Ун хаачив?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин