АВТОБУС №34: “Ажилгүй дуудлагын жолооч архи хүргэдэг болсон”
2020-04-24

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Та бүгдийн ажил, амьдрал сайн биз дээ? Баасан гарагийн мэнд. Төрсөн өдөр гэж түмэнд “хүндлэгдсэн” энэ гарагт амины хэдэн андууддаа “Орой яах юм” гэдэг асуулт тавих цаг ирнэ дээ гэж бодохоос сэм инээчихээд алхаж л явна. Өмнөх дугаарын дор Хоовон Хөхийг сураглаж сэтгэгдэл үлдээсэн харагдана. “Тэр нь хэн юм” гэж өөр нэгэн лавласан байна. Манай таксичин Хоовон ард олны эгэл амьдралын дунд хөвж явсан аялалаа зогсоосон. Түүний урт холын аяллыг үргэлжлүүлж машин ч үгүй, таксич үгүй түмний нэг би баяр гуниг ээлжлэн сүлэлдсэн, бүүдгэр саарал, бороотой шороотой өдрүүдэд амт нэмэхээр “автобус” тэмдэглэлийг эхлүүлээд даруй 10 сарын нүүрийг үзжээ. Сэтгэл гарган уншиж, сэтгэгдэл бичиж хамт байгаад баярлалаа.

 

Энэ удаад нийтийн тээврийн автобусаар биш “иргэдийн захиалгат унаа” гэх тодотголтой микроавтобусанд сууж Сансар орлоо. Тэнд ч бас нийгмийн амьдрал яваа...

 

“Хөгшин хар юм танилцъя гээд...”

 

Өглөө 07.30 цагийн орчимд  “Саппоро, Хороолол, Гандан, Сансар...Шаараад, шаараад /Шархад/ гэсээр ирсэн микроавтобусанд Хархорингоос суулаа. Дээр үеийн тээврийн жолооч нарынх шиг дугуй малгайтай настай ах жолоо барьжээ. Харин түүний кондуктор “Жордан” пүүзтэй түүн дотортоо цав цагаан оймс өмсөөд шуумгыг нь албаар дээш нь ахиухан татаж өмдөө эргүүлсэн нойрмог хөвгүүн явна. Хүү “Шаараад, шаараад” гэж нэг дуудчихаад хэсэг нүдээ аниад чимээгүй суучихна. Тэгэх бүрт жолооч цаанаас ёворч “Хүүш ээ дуудаач дээ” гэж уцаарлахад цочин сэрж дахиад л давтана.

 

Хархорингоос хоёрхон хүнтэй хөдөлсөн микроавтобус энэ хэвээр явсаар Хорооллын эцэс хүрлээ. Ашгүй тэндээс дөч эргэм насны хоёр залуу сууснаар дөрвүүлээ болж аваад цааш хөдөллөө. Яриа хөөрөө болсоор суусан хоёр эр нэг сонирхолтой сэдвээр хууч хөөрлөө. Амьсгалын тоо ойртой, таргавтар ах хамт яваа хүндээ хандан:

 

Ах /А/: За энэ дэлгэцийн ард гэмт хэрэгтнүүд эсвэл гаж донтнууд сууж байдаг гэж  ёстой үнэн юм билээ шүү.

 

Найз /Н/: За яаж байна?

 

А: Хэд хоногийн өмнө машинаа зарах гээд өөрийнхөө фэйсбүүкээр зар оруулахаар таньдаг хүмүүс, хүүш машинаа зарах нь уу, яах нь вэ, надад хямдхан өгчих энэ тэр гээд наймаа хийлгэхгүй ядаргаа болоод байдаг юм. Тэгэхээр хөгшин чинь шинээр нэг фэйсбүүк охиныхоо он сараар нээгээд нүүр зурган дээр нь нэг гадаад охины зураг тавьчихгүй юу. Тэгээд хэдэн группд зар орууллаа. Тэгсэн баахан найзын хүсэлт, чат ирээд л унадаг юм байна. Ихэнх нь машин сонирхоод, үнэ асуух юм. Өө тэгсэн нэг хөгшин хар юм танилцъя, барья гээд...

 

Н: Паа за

 

А: Тэгэхээр нь сонирхоод фэйсбүүкийг нь гүйлгэж үзсэн чинь зураг байхгүй. Ганц нэг уул усны зурагтай. Аа тэгэхээр нь ямар юмнууд ингээд жаахан охидуудыг анаад сууж байдаг юм бол гэж сонирхоод жаал чатлалаа, өнөөхтэй чинь.

 

Н: Хаха. За тэгсэн юу гэж байх юм?

 

А: Хэн гэдэг юм л гэнэ. Сарнай л гээд аваад хаячихлаа. Өөрийгөө Баагий л гэнэ. Хэдтэй юм гээд л асууж байна.. Эхлээд өөрөө насаа хэлчих гэсэн чинь 32-той гээд миний насыг асуухаар нь 15-тай гэлээ. Тэгээд жаахан охин байна гээд больчих юм болов уу гэсэн чинь бүр уулзъя барья. Хотоор машинтай зугаалъя ч гэх шиг...

 

Н: Өө алдаг юм байна.

 

А: Би тэгэхээр нь бүр явуулаад “Би жаахан болохоор тантай уулзахаас айгаад байна” гэсэн чинь “Ах нь яах ч үгүй ээ, битгий ай” гэсэн шүү дээ. Тэгээд би “Ахаа тэгвэл та надад дугаараа өгчих. Би залгая” гэсэн чинь дугаараа өгч ч байх шиг хаха. Үнэн гаж донтой новшнууд байдаг юм байна лээ шүү дээ.

 

Н: 15-хан настай жаахан охинтой уулзаж яах гэж байгаа юм бол тэр одоо

 

А:-Хэн мэдэхэв. Тэгээд л би блоклочихсон.

 

Н: Аюултай юм аа. Тэгээд чи машинаа зараа юу?

 

А: Зарж чадаагүй ээ. Хүн авахгүй байна шүү. Зарим нь 9 сая үнэтэй байна гэнэ. Хүүш хүүш, Гандан бууна шүү. Зогсоорой. Аваад давхичих нь ээ гэж зай өгөлгүй ярьсаар хоёр эр бууж одлоо. Өнөө хоёрын хамт өөр нэг хүн маань ч буулаа.

 

“Ах нь амьдрах гээд л явж байна”

 

Ингээд машинд кондуктор, жолооч, бид гурав л үлдсэн тул жолоочтой “амьдрал” ярьмаар санагдаад Гандангаас албаар урд талын суудалд шилжин суулаа.

 

Түмний нэг /Т/: Микронд яагаад бүр хүн суухаа байчихаа вэ?

 

Жолооч /Ж/: Хүн суухаа ер нь больсон шүү дээ. Автобусны картаар дамждаг болсноос хойш хүмүүс чинь микронд суухаа байгаад байна.

 

Т: Одоо тэгээд корона гээд хөл хөдөлгөөн багатай байгаа болохоор  бүр ч хүнгүй байна уу

 

Ж: Харин тийм ээ, хэцүүхэн л байна шүү дээ дүү минь

 

Т: Танай кондукторын нойр нь хүрээд л байгаа бололтой үүргэлээд л явна хэхэ

 

Ж: Нойроо дийлэхгүй үхэх нь ээ. Өглөө 06.00 цагт босгочихоор л бүр өдөржин амь нь хаа юм гэмээр л юм явахын. Хичээлгүй хүн яахав ингээд надтай л явж байхаас

 

Т: Хөвгүүд ч нойртой л доо. Танай хүү юу?

 

Ж: Тийн. Одоо 12 дугаар ангиа төгсөнө гэж байгаа. Энэ бид хоёр төгсдөг л байгаа даа

 

Т: Та хоёр тэгээд өглөө хэдэн цагт гараад өдөрт хэдэн төгрөг олж байна

 

Ж: Хцссс мөнгө олох ч гэж дээ. Өдөрт 10,20 цаас л олж байвал их юм болоод байна даа.

 

Бид гурав хүн нэмж авч чадалгүй хоосон давхиулсаар Сансарын ШТЦ хүрлээ. Манай хоёр уг нь Хархорингоос намайг суулгахдаа Шархад орно гээд 1500 төгрөг авсан хэр нь нэлээд буу халж “дундаа” орсноос ч болсон уу ах хүү “За дүү энд буучих. Бид хоёр энүүгээр буцаад эргэлээ” гэж байна.

 

“Ээ ахаа, би Шархад орно шүү дээ” гэхэд “Эндээс буцаад хороолол орвол овоо хүн сууна. Ахын дүү энд буучих, тэгэх үү. Амьдрах гээд л явж байна шүү дээ, хэдэн төгрөг хэрэгтэй байна” гээд намайг буулгалаа. Цаг хэмнэх гэж микронд суусан ч замынхаа талд унаагүй хоцров оо, хөөрхий. Угтаа би ч бас амьдрах гэж л яваа...Ахын өөдөөс "сөрсөн базаа" хийж адилхан амьдрал ярьсан бол 1500 төгрөгөөр автобусанд гурав сууна шүү, хэхэ.

 

“Хүргэлт нь ороод архи 35 мянга, пиво 15 мянга”

 

СЭМҮТ орж хүнд юм хүргэж өгөх ажлаа амжуулчихаад тэндээс буцаад “Шархад- III, VI хороолол” чиглэлийн автобусанд эцсээс нь суулаа. “Хүүш ээ, сониноос энэ дуудлагын жолооч нар чинь хүмүүс шоудахаа больчихсон бүр ажилгүй болчихож. Тэгээд дуудлагаар архи, пиво хүргэдэг болсон байна. Өчигдөр фэйсбүүкээр гэнэт шал танихгүй нэг хүнээс чат ирсэн чинь “Дуудлагын жолооч, архи пиво хүргэнэ” гээд нэг дугаар явуулж байна лээ. Энийг хар даа” гэж хоёр бүсгүй ярьж байна.

 

Би тэдний ярианд оролцмоор санагдаад "Уучлаарай наад дугаараа надад өгч болох уу" гэсэнд дээрээс доош учиртай ширтэж жуумалзсанаа “Май  ав л даа” гээд зургийг нь харууллаа. Тэмдэглэж авсан дугаар руу орой арванхоёр цагийн үед залгаж үзлээ. Эмэгтэй хүн авч байна

 

Түмний нэг /Т/: Аан байна. Энэ дугаар сая надад фэйсбүүкийн чатаар ирсэн юм

 

Эгч /Э/:За

 

Т: Дуудлагын жолоочийн дугаар уу?

 

Э: Тийм ээ.

 

Т: Аан бас архи пиво байгаа юм уу тэ.

 

Э: Тийм

 

Т: Хүргэж өгнө гэсэн үг үү?

 

Э: Тийм ээ хүргэж өгнө.

 

Т: Аан юу юу байна вэ?

 

Э: Өө тэгээд архи, пиво байна. Та юу хайгаад байгаа юм?

 

Т: Аан Эден байна уу /тэр үед санаанд орсноо л хэлсэн/

 

Э: Эден байхгүй. Соёрхолт, том пивонууд байна.

 

Т: Аан Соёрхолт үнэ хэд вэ

 

Э: 35 мянга, том пиво 15 мянга. Хүргэлт нь ороод шүү.

 

Т: Аан тийм үү, хотын хаана ч хүргэх үү?

 

Э: Хүргэнэ ээ хүргэнэ. Хаана, юу хүргүүлэх юм бэ тэгээд/ олон юм асуугаад байсанд жаахан уцаарлах маягтай/

 

Т: Сонгинохайрхан дүүргийн энэ хавьд л хүргүүлэх юм.

 

Э: Аан болно болно, тэгээд юу авах юм

 

Т: Харин ээ. Хатуухан юм авчихдаг юм бил үү. 21-ын энд Шөнийн зах дээр аваад ирэх үү?

 

Э: За тэгье 10 минутын дараа очно.

 

***

Цагаан өнгийн “Верна аксент” автомашинд хүүхэн, залуу хоёр суужээ. Тэд өмнө ирж зогсоод цонхоо доошлуулж над руу гар дохиод “Та нөгөө хүн үү” гэв. Тийм байна гэвэл суучих гээд толгойгоороо арын суудлаа заав.

 

Намайг суулгаад юу юугүй хөдөлчихлөө. Жаахан жийрхээд “Хүүе хаачих нь вэ” гэвэл “Аан энүүгээр цагдаа нар их байдаг юм аа. Буцаад эргээдхье” гэнэ. Явуут дундаа миний захисныг хүүхдийн хоёр үүргэвчтэй цүнхнээс гаргаж өгөөд “35 мянга” гэв. Мөнгийг нь өгөөд “Цагдаад баригдвал хаанаас авсан гэх вэ” гээд тоглоом, шоглоомын завсар хэлвэл “Танайх хаана юм, ойрхон биз дээ. Үүдэнд чинь буулгаад өгье” гээд хөдөллөө.

 

Ийм нэг нууцхан наймаа хийгээд өнөөхөө энгэртээ шургуулж гэртээ ороод, бурхантай авдар дээр залж орхив. Байж байхад бараа нь хаачих вэ, хэхэ....

 

Ийм нэгэн адал явдалтай өдрийн төгсгөлд сүрхий ядарснаа сая мэдэрч нам унтлаа. Хөл хорио тогтоосон энэ үед ард түмэн амьдрах гэж аргаа л барж байгаа бололтой. Өнөөдөр өлссөн ч маргааш цадах өдрүүд ирж л таарна. Харин шантрахгүй байх нь л чухал.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин