COVID-19: Нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгарч буй сорилт
2020-04-25

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага" сэдвээр 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааг shuud.mn цувралаар хүргэж байгаа бөгөөд өнөөдөр судалгааны II бүлгийг хүргэж байна. 

II.    Нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгарч буй сорилт


1. БНХАУ


БНХАУ-ын эмч мэргэжилтэн “Ковид-19”-ын талаар: БНХАУ-ын Инженерийн академийн академич, амьсгалын замын өвчлөлийн мэргэжилтэн Жун Наншан хэлэхдээ “Ковид-19” нь цаашид удаан хугацаанд байх өвчин, харин тархалт цар хүрээ өмнөх шигээ байхгүй бөгөөд улс орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь улам сайжирч илүү туршлагатай болсон байх болно" гэв.

Дэлхийд Коранавирсын Вакциныг вакциныг нээж гаргаж авах үйл явцад Хятадын эрдэмтдийн судалгаа хамгийн түрүүнд явж байна. Жун Наншан-ны хэлж байгаагаар, Одоогоор БНХАУ-д 5 төрөл чиглэлийн вакциныг судалж байгаа ба “Аденовирус тээгч вакцин”-ны судалгаа хамгийн түрүүнд хийгдэж хүний биед туршигдаад байна. Гуравдугаар сарын 16-нд БНХАУ-ын ШУА-ийн академич, Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн судлаач Чэн Вэй (陈薇)-гээр удирдуулсан судалгааны баг энэхүү клиник туршилтыг хийх зөвшөөрлөө авч нэгдүгээр шатны клиник туршилтыг хүний биед амжилттай хийсэн. Гэхдээ энэ нь одоо шууд вакциныг бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн үг биш, вакциныг гаргаж авах клиник туршилт 3 үе шаттай явагддаг, хамгийн багадаа нэг жил шаардагдана хэмээн мэдээлж байна.

 

“Ковид-19”-тэй холбоотой улс төрийн зөрчил: Коронавирусийн гарал үүслийн талаар Хятадын судлаачид Гадаад хэргийн яамтай адилхан байр суурьтай байна. гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Коронавирусийн үүсэл гарал бол шинжлэх ухааны асуудал, үүнийг мэргэжлийн судлаач шинжээчдийн байр суурийг сонсох ёстой...”  гэж мэдэгдсэн байдаг. 2020 оны гуравдугаар сард БНХАУ, АНУ-ын хооронд Коронавирусийн гарал үүсэл өвчний талаарх маргаан олон нийтийн сүлжээнд өрнөх үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өөрийн Твиттерээр “Коронавирус АНУ-аас гаралтай, Коронавирусийг АНУ-ын цэргүүд У Хань-д тараасан ч байж магадгүй, АНУ бидэнд тайлбарлах хэрэгтэй”  хэмээн мэдэгдэв. Хэдийгээр БНХАУ-ын бусад албаны хүмүүс, судлаачид Жао Лижиан-ийг дэмжиж байр сууриа илэрхийлээгүй ч түүний байр суурийг албан ёсоор эсэргүүцээгүй юм.

 

БНХАУ зүгээс “Ковид-19”-ыг газар орныхоо нэршлээр нэрлүүлэхгүй байх, өвчний хариуцлагыг өөртөө хүлээхгүй байх талаар онцгойлон анхаарч байгаа ба өвчнийг олон улсад дэгдсэн цагаас эхлэн бусад улсууд Коронавирусийн үүсэл гарлын талаарх мэдээлэл шүүмжлэлийг анхааралтай ажиглаж тэр дотор нь няцаасан хариу мэдээллийг явуулж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэг хэсэг “Хятад вирус” гэх нэршлээр нэрлэж байсан бол Тайваний албаны хүмүүс “У Хань вирус” гэх нэршлийг одоо ч ашигласаар байна. Харин тухайн үед БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхий дээр урьд өмнө гарсан цар тахлуудын дийлэнх нь барууны орнуудаас үүсэлтэй байсан талаар болон цар тахал дэлхийн түүх, олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлж байсан, энэ удаагийн цар тахал ямар онцлогтой байгаа талаар мэдээлж байв.


БНХАУ-ын албан ёсны мэдээллийн хэрэгсэл Шин Хуа агентлаг олон нийтийн Вичат сүлжээнд тавигдсан үндэсний үзлийн өнгө аястай “Цэгц шулуун шударга, дэлхий Хятадад талархах хэрэгтэй”  гэх нийтлэлийг гаргасан нь олон улсад ихээхэн маргаан дэгдээсэн юм. Энэхүү нийтлэлд: “БНХАУ-д Коронавирусийн халдвар ид тархаж байх хүнд үед АНУ-ын албаны хүмүүс “энэ халдварт өвчин АНУ-д ашигтай” гэсэн байр суурьтай байсан ба Вашингтон пост сонинд “Азийн жинхэнэ өвчтөн бол Хятад” хэмээн мэдээлсэн, У Хань хотоос АНУ иргэдээ татаж Хятадын иргэдэд аяллын хориг тавьж олон улсад ганцаардуулж байсан талаар дурдаад, одоо АНУ дахь өвчний тархалт нэмэгдэж байна, АНУ-д хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн 90 хувийг БНХАУ-д үйлдвэрлэдэг,  энэ үед БНХАУ хориг тавивал АНУ хүнд байдал орох байсан. БНХАУ-ын Инженерийн академийн академич, амьсгалын замын өвчлөлийн мэргэжилтэн Жун Наншан “Коронавирус анх манай улсад илэрсэн ч үүсэл нь БНХАУ-аас гаралтай гэсэн үг биш” гэж мэдэгдсэн, одоогийн маш олон судалгааны мэдээлэлд Коронавирусийн үүсэл гарал өөр улс байж магадгүй байна, үүнийг АНУ, Итали, Иран зэрэг улсын Коронавирусийн халдвар авсан олон өвчин Азийн оронтой холбоогүй байгаа нь нотолж байна.

 

 Тиймээс БНХАУ уучлал гуйх шаардлагагүй, АНУ биднээс уучлал гуйх ёстой, дэлхий бидэнд өртэй, бид асар их хохирол амсаж байж дэлхий нийтэд Коронавирустэй тэмцэх хугацаа хожиж өгсөн” гэсэн байна. БНХАУ-ын судлаачид уг нийтлэлээс харьцангуй аядуу байдлаар байр сууриа илэрхийлж байгаа ч улс орныхоо эрх ашгийг хамгаалах үндсэн үзэл санаа нь ижил байгаа юм. 


“The Diplomat” цахим хуудаснаа 2020 оны 4 дүгээр сарын 2-нд Хятадын төрөл бүрийн салбарын эрдэмтэн судлаачдыг багтаасан “БНХАУ-ын 100 судлаачдаас АНУ-ын ард түмэнд илгээх нээлттэй захидал”  нэртэй уриалгыг нийтэлсэн байна. Уг захидлын үндсэн санаа нь “Ковид-19 дэлхий даяар тархаж буй одоогийн нөхцөлд шүүмжлэл, зөрчил цар тахлыг даван туулахад ямар ч ашиггүй бөгөөд олон улсын хамтын ажиллагаа чухал байна. Нэн ялангуяа БНХАУ, АНУ хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээн бичжээ.

 

Уг захидлыг гаргах саналыг Шин Хуа агентлагийн шинжээч, Ардын их сургуулийн Чун Янг хүрээлэнгийн захирал Ван Вэн санаачилсан бөгөөд захидал бичих сэдэл нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дипломатчтай ярилцах үед төрсөн байна. 3 дугаар сарын дундуур АНУ-ын улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-д Ковид-19-ын бурууг тохож шүүмжилж эхэлсэн ба тухайн үед дипломатч Ван Вэн-д “Гадаад хэргийн яам ганцаардаж байгаа” талаар ярьсны дараа энэхүү захиаг бичихээр шийджээ. Дараа нь захиагаа нийтлэх хүсэлтээ АНУ-ын олон хэвлэлд тавьсан ч татгалзсан хариу авч байсан тухайгаа Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  


БНХАУ шүүмжлэл зэмлэл харгалзахгүй улс орнуудад эмнэлгийн багаж хэрэгслийн тусламж илгээж хамтран ажиллахаар уриалж байгаа нь Ши Зиньпиний дэвшүүлсэн “Хүн төрөлхтний нийтлэг хувь заяа”-ны үзэл санааг сурталчлах гадаад бодлогын чухал алхам юм. БНХАУ НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн аж үйлдвэрийн 39 үндсэн ангилал, 525 дэд ангилал бүгд бүрэлдсэн дэлхий дээрх цорын ганц аж үйлдвэржсэн орон юм. 2018 оны байдлаар БНХАУ дэлхийн аж үйлдвэрлэлийн 30 хувийг үйлдвэрлэж байгаа бол АНУ 17%, Япон 7%, Герман 6% байна. Тиймээс БНХАУ “Дэлхийн үйлдвэр”, дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр гэж нэрлэгддэг БНХАУ-д “Ковид-19” анх гарч байх үед эмнэлгийн хэрэглээний хамгаалалтын хувцас өдөрт 20 мянга, N95 маск 200 мянган ширхгийг үйлдвэрлэж байсан бол 3 дугаар сарын байдлаар өдөрт эмнэлгийн хэрэглээний хамгаалалтын хувцас 500 мянга, N95 маск 1.6 сая, энгийн маск үйлдвэрлэлт 100 сая ширхэгт хүрч нэмэгдээд байна . Үүнээс БНХАУ-ын үйлдвэрлэлийн чадамжийг харж болохоор байгаа ба энэ нь дэлхий даяар “Ковид-19”-ын халдвар хурдтай тархаж байгаа өнөө үед тус улсын олон улстай харилцах давуу тал болж байгаа юм.


БНХАУ-ын Ардын Их сургуулийн багш профессор Жин Цанрун хэлэхдээ “Энэ удаагийн цар тахал олон улсын харилцааны дэг журмыг үндсэнд нь өөрчлөхгүй, гэхдээ зуунд тохиогоогүй их өөрчлөлтийн өдөөгч болж байна” хэмээн дүгнэсэн байна. Тэрээр хэлэхдээ “Барууны орнууд өвчний хариуцлагыг Хятадад үүрүүлэхийг санаархаж байна. Ингэснээр тэд хохирогчийн дүр төрхтэй хариуцлагаас мултарч, өвчинтэй тэмцэх хяналт хоригийг сайн хийж чадаагүй барууны тогтолцоо тэдний эрхэмлэдэг үнэт зүйлдээ тулгарах сорилтоо багасгахыг оролдож байна” гэв.

 

Мөн тэрээр “Энэ удаагийн цар тахал улс орнуудын аюулт нөхцөлд ажиллаж чадах төр засгийн чадамжийг нь сорьсон талаар дурдаж, БНХАУ урьд өмнө аль ч улсын өгч байгаагүй “шалгалт”-ыг амжилттай давсан гэж үзсэн юм.


Хэрэв зуунд тохиогоогүй их өөрчлөлт гэдгийг  БНХАУ-ын эрдэмтэд үйлдвэрлэлийн талаас нь харахдаа дэлхийн үйлдвэрлэлийн гол төв барууны улс орнуудаас БНХАУ руу шилжиж байна. Түүнийг амжилттай болгож чадах эсэх нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-аас шалтгаална. Уг хувьсгал аль улсад  түрүүлж гарах нь тухайн улсын засаглалын чадамжтай салшгүй холбоотой. Эдийн засгийн хувьд энэ удаагийн цар тахал дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт үзүүлж байгаа ч 1929-1933 оны үеийнх шиг том хямрал авчирна гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Учир нь тухайн үед дэлхийн эдийн засгийн гол төв барууны улс орнууд байсан учир тэд хоорондоо худалдааны том дайн өрнүүлж байлаа. Харин өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөр байна.

 

БНХАУ зэрэг шинээр хөгжиж байгаа орнууд эдийн засгийн тулгуурыг бүрдүүлж байгаа нь дэлхийг хамарсан хямрал болох эрсдэлийг бууруулж, дэлхийн эдийн засгийн 16.3%-ийг эзэлдэг БНХАУ дотооддоо “Ковид-19”-ын халдварыг амжилттай зогсоож, үйлдвэрлэлээ сэргээгээд эхэлсэн нь тодорхой хэмжээнд цар тахлаас үүдэлтэй дэлхийн хэмжээний том хямрал болохоос зайлсхийх баталгаа болж байна” гэх зэргээр Хятадын эрдэмтэд байр сууриа илэрхийлсээр байна.


“Ковид-19”-ын Хятадын эдийн засагт үзүүлж буй нөлөө: 2020 он бол Ши Зиньпиний дэвшүүлсэн ядуурлаас ангижрах дундаж чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг биелүүлэх сүүлийн жил, мөн 2010 оны ДНБ-ийг 2020 онд нэг дахин нэмэгдүүлэх зорилтын жил юм. Энэхүү том зорилтыг хангахын тулд БНХАУ 2020 онд эдийн засгаа 5.6% өсөх шаардлагатай байсан юм. Гэвч “Ковид-19”-ын нөлөөгөөр 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулахаас аргагүй байдалд хүрээд байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар БНХАУ-ын өргөн хэрэглээний барааны худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 20.5%, үл хөдлөх хөрөнгийн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 24.5%, аж үйлдвэрийн салбарын өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 13.5%, үйлчилгээний салбарын өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 13%, авто машины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 86%-аар тус тус буурав.

 

Оны эхний хоёр сард 18 сая гаруй компани аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй сая хүн алсын зайнаас ажлаа явуулсан байна. 2020 оны эхний улиралд БНХАУ-ын гадаад худалдаа 6.4%-аар буурч 6 их наяд 570 тэрбум юань байгаа талаар мэдээлэв. Үүнээс экспорт 11,4%-аар буурч 3 их наяд 330 тэрбум юань, импорт 0,7%-аар буурч 3 их наяд 240 тэрбум юань болоод байна. Эхний хоёр сард бүх үзүүлэлт огцом бууралттай байсан бол 3 дугаар сард сэргэж зарим үзүүлэлт нь мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй байв.

 

2. ОХУ


         Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед Оросын Холбооны Улсын эрүүл мэндийн тогтолцоо ихээхэн ачаалалтай ажиллаж, зайлшгүй шаардлагатай дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч Оросын хэвлэл мэдээллээр бусад улсууд болон АНУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн дэмжлэг, тусламжийн талаар эргэлзээтэй мэдээлэл (буруу ташаа мэдээлэл) дамжуулсаар байна гэж олон улсын түвшинд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Италийн “La Stampa” сонинд ОХУ-аас илгээсэн тусламжийн 80 хувь нь “хэрэгцээгүй” байсан  бөгөөд нэр хүнд олох гэсэн оролдлого хэмээн Москваг буруушаажээ.

 

АНУ-д тусламж илгээсэн тухайд Европын бодлогын шинжилгээний төвийн тэргүүн Алина Полякова дүгнэхдээ: “Энэ бол Оросуудын нэр хүнд олох гэсэн алхам юм. Аливаа хямрал, гамшиг тохиолдоход АНУ хамгийн түрүүнд хариуцлага хүлээж, ямар нэг алхам хийдэг гэх нэр хүндтэй байсан бол одоо Орос зэрэг захиргаадлын дэглэмтэй улс дэлхийн хамгийн хүчирхэг улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна”  гэжээ. 


Энэ бүгдээс харахад Харвардын Их сургуулийн олон улсын харилцааны профессор Стивен Уолтын “өмнө дэгдэж байсан тахлуудын дараа их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн дуусгавар болоогүй, мөн дэлхий нийтийг хамарсан хамтын ажиллагаа шинэ түвшинд гараагүй шиг “Ковид-19” цар тахлын дараах үр дагавар ч мөн адил байна”  гэсэн таамаглал нь ОХУ-ын олон улсын тавцанд ямар нэг байдлаар нэр нөлөөгөө өсгөх гэсэн хандлага, үйл ажиллагаанаас анзаарагдаж байгаатай холбон тайлбарласан байр суурь болов.


Улс орны дотоодод цар тахлын хорио цээрээс болж эдийн засаг хямралд орж, үйлдвэрлэл, тээвэр, бизнес зогсонги байдалд орсон хэдий ч иргэдийн амь нас хамгаас чухал  гэж ерөнхийлөгч В.В Путин мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахаар зарлаж байгаа нь мөн л эрдэмтдийн таамаглалтай нийцээд байна. 

 

     3. АНУ


Цар тахлын шинэ голомт болсон энэ цаг үед Америкийн эдийн засаг ¼ буурах төлөвтэй байгаа нь Их хямралын үеийнхтэй адил юм.  2020 оны 3 дугаар сард АНУ дахь ажилгүйдэл дээд төвшинд хүрч 13 хувь болсон нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн тааруу үзүүлэлт болоод байна.  Цаашилбал, 2020 оны II хагаст энэ тоо 30 хүртэл хувь болон өсөх магадлалтай байгааг эрдэмтэд сануулсаар байна. Өнөөгийн байдлаар америкчуудын 80 хувь нь хөл хорионд орсон бөгөөд үйлчилгээний салбар, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар зогсонги байдалтай болж, нийт хүн амын 73 хувийнх нь орлого өнгөрөгч 3 дугаар сард буурсан үзүүлэлттэй гарав.  

 

Эдийн засгийн энэхүү хямралын эсрэг арга хэмжээ авч улсын эдийн засгийг тэтгэх зорилгоор зорилгоор АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг 3 дугаар сарын 28-ны өдөр баталлаа. Үүнээс, насанд хүрсэн хүн бүрд 1200 ам доллар, хот мужуудын аж ахуйн нэгжийн зээлийн хөтөлбөрт санд 500 тэрбум ам доллар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 367 тэрбум ам доллар, эмнэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангийн өргөтгөлд 130 тэрбум ам долларыг зарцуулахаар тус тус төлөвлөөд байна.


“Ковид-19” цар тахал нь АНУ-ын эдийн засгийн бүх түвшинд урьд өмнө тохиолдож байгаагүй бэрхшээл, сорилтыг дагуулсан учраас Засгийн газраас олон сар, магадгүй олон жилийн турш тогтвортой эдийн засгийн хариу арга хэмжээ авах ёстой гэж UC Berkeley-ийн эдийн засагчид өнөөдөр цахим форум дээр онцлон тэмдэглэж байна. Улс орны тэргүүлэх эдийн засагч, бодлогын шинжээчдийн үзэж буйгаар ажилчид, муж улсын Засгийн газар, бизнес эрхлэгчдийг аврахын тулд хүчин чармайлт гаргах нэмэлт арга хэмжээ шаардагдана. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь хямралын гол үеийг үүрч буй ажилчид болон нийгэмд буй өнгөт арьстнуудад анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдэгт тэд санал нэгдсэн байна.


Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь их наяд долларын өртөгтэй байх магадлалтай бөгөөд үүнд саяхан Конгрессоос болон Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан тусламжийн арга хэмжээнээс гадна нэмэлтээр дахин гаргах магадлалтай байна. Гэхдээ ихээхэн хэмжээний шууд мөнгөн хөрөнгө оруулалт, сайн боловсруулсан бодлого нь ажилчид болон бизнес эрхлэгчдэд урт хугацааны хямрал багатайгаар эдийн засгийг илүү хурдан эргүүлж чадна гэж тэд үзэж байна. 


"Биднийг богино хугацааны хямралаас илүү гүн гүнзгий зүйл рүү, Их хямралтай харьцуулж байгаа гүнзгий зүйл рүү чиглүүлж байгаа юм" гэж Берклигийн Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хүрээлэнгийн захирал Жесси Ротштейн хэллээ. Бид хурдан буцаж хэвийн байдалдаа орох боломжтой эсэх, эсвэл арван жил эсвэл түүнээс удаан хугацаанд үргэлжлэх эсэхийг бид мэдэхгүй боломжгүй. Ажилчдын ажлын байрыг авч үлдэн компаниудад нь ойр байлгаж, компаниудаа дампууруулахгүй байлгаж чадах тусам энэ нь хурдан сэргэх болно. "Засгийн газраас хариу өгөх хамгийн чухал зүйл бол хамрах хүрээ, хурдан авах хариу арга хэмжээ" гэж эдийн засагч Габриэль Цукманн хэлжээ. 


Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээс үзэхэд АНУ-д өнөөдрийн байдлаар улсын ¼ нь үйл ажиллагаа зогсоосон байдалтай байгаагаас ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, долоо хоногт сая сая иргэд ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдөл өгсөөр байна. Жишээ нь, 307 мянган зочид буудал, зоогийн газрын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн мэдээнд 98 хувь нь өдгөө ямар ч ажилгүй сул зогссон хэвээр байгааг дурдсан байна. Засгийн газар, Конгресс эдийн засгаа аврахаар 2 их наяд ам доллар, Холбооны нөөцийн зөвлөл жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэхээр 2.3 их наяд ам доллар баталсан хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар хохирлыг барагдуулахад үүнээс илүү их санхүүжилт шаардагдахаар байна.


“Opportunity” судалгааны лабораторийн захирал, эдийн засагч Хилари Хойнес АНУ хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар дараах гурван тэргүүлэх чиглэлийг санал болгон дурдсан байна.  Үүнд: 1. Хүнс тараах хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, 2. Түрээслэгчдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, 3. Муж улсын Засгийн газарт үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх зэрэг багтаажээ.


Гэхдээ улс төр судлаач Голдмэний Олон нийтийн бодлогын сургуулийн захирал Хенри Брэйди нь цар тахлын өмнөх АНУ 22 их наяд ам.долларын эдийн засагтай байсан нь сэргээн босгоход хөрөнгө оруулах хүчин чадалтай байгааг харуулж байна гэж үзсэн байна. Зарим хууль тогтоогчид АНУ эдийн засгаа дахин хэвийн байдалд нь оруулахын тулд аль болох хурдан, санаачилгатай, шийдэмгий хөдлөх ёстой гэсэн санал гаргах болов. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эдийн засагт халдах нь буруу сонголт гэж үзэж байна. Үүний оронд салшгүй холбоотой дээрх салбаруудыг бодлогоор харилцан тэтгэх нь тогтвортой сэргэх анхны алхам байх болно гэдэгт санал нэгдээд байгаа юм.


Энэ бүгдийг дүгнэж үзэхэд мэдээж 22 их наяд ам долларын эдийн засагтай АНУ-ын хувьд эдийн засгийг буцаан хэвийн байдалтай болгоход санхүүгийн шаардлагатай дэмжлэгийг батлах нь ойлгомжтой боловч асуудлыг нарийвчлан тодорхойлж, өвчний тархалт буурах хүртэл зорилтот давхарга буюу өнгөт арьстан, бага орлоготой иргэдэд үнэгүй хоолны тасалбар тараах зэрэг нийгмийн хамгааллын алхам хийх талаар ихэнх судлаачид санал нийлж байна. 

4. Европын Холбоо, ХБНГУ


Өнгөрөгч 3 дугаар сард “Ковид-19” цар тахлаас үүдэлтэйгээр бий болсон сорилт нь Европын Холбооны интеграцчиллын хамгийн том ололт амжилт гэгдэх дотоодын зах зээл ердөө хэдхэн хоногийн дотор хумигдан үгүй болох боломжтойг харуулж өгсөн билээ. ЕХ дотоодын нэгдсэн зах зээлийг бий болгосноор “дөрвийн эрх чөлөө” буюу хүн, ажиллах хүч, мөнгө, бараа таваар уг холбооны гишүүн орнуудын хооронд нэгээс нөгөө рүү ямар нэгэн саад хязгаарлалтгүйгээр чөлөөтэй урсаж, ЕХ-ны орнуудад эдийн засгийн асар их үр ашгийг авчирч, өрсөлдөх чадварыг үлэмж нэмэгдүүлсэн төдийгүй бусад олон салбарт интеграцчиллыг эхлүүлэх үндсэн тулгуур багана болдог зүйл юм.


Гишүүн улсуудын зүгээс цар тахлын эсрэг тус тусдаа зөвхөн хаах, хязгаарлах, хумих бодлого явуулж байсан нь хоорондоо нягт уялдсан ЕХ-ны орнуудын хувьд холбооны интеграцчиллын ололт амжилтыг үгүй хийх, Европын үнэт зүйлсийг үл ойшоох сөрөг нөлөөтэй байгааг Германы эрдэмтдийн зүгээс хурцаар шүүмжилж байв. ХБНГУ-ын Шинжлэх Ухаан, Бодлогын Сангийн судлаачдын үзэж буйгаар, “Коронагийн хямралын үед авч буй арга хэмжээ нь ЕХ-ны нэгдэл нягтралыг дэнслэн шалгаж буй сорилт болж байна.

 

... Эв нэгдэл бүхий хамтын нийгэмлэг болохын хувьд түүний хууль ёсны эрх нь ЕХ-ны улсууд гамшгийн онцгой нөхцөл байдлын үед харилцан туслах, дэмжлэг үзүүлэх явдалд тулгуурлаж байдаг. Итали улсаас ЕХ-нд суугаа элчин сайд Мауризио Массаригийн хэлснээр, Итали нь хэдийгээр хүсэлт тавьсан боловч ЕХ-ны ямар ч улсаас өнөөг хүртэл тусламж дэмжлэг аваагүй байхад харин Хятадаас тусламж ирээд байна. Энэ вирус нь Холбооны бүх гишүүн улсад энэ хугацаанд тархсан байгаа учраас энэ удаад газар хөдлөлт зэрэг тодорхой хил хязгаарыг хамран нэрвэж буй гамшгаас арай өөр ЕХ-ны гишүүн улс бүр өөрийн бүх боломжит хүчин чадлыг ашиглах шаардлагатай болж байна. Гэвч гишүүн улс бүр өөрийнхөө төлөө зүтгэвэл ЕХ оршин тогтнох нөхцөлийн нэг хэсгийг алдах төдийгүй гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа тэр газарт хязгаарлагдмал нөөц боломжийг ч хүргэж чадахгүйд хүрнэ.

 

ЕХ нь өдгөө гамшгийн үед эв нэгдэлтэйгээр тусламж үзүүлэх зүйл заалтыг (ЕХ-ны Үйл ажиллагааны гэрээний 222 дугаар зүйлийн хүрээнд ЕХ нь үүнтэй холбогдох шийдвэр гаргах үндэстэй юм) түргэн бөгөөд бүтээлчээр ашиглах хэрэгтэй байна.”  гэжээ.   Гадаад Бодлогын Судалгааны Германы Нийгэмлэгийн эрдэмтэн Томас Эндерс, Даниела Шварцер нарын хэлснээр “Германаас Европт чиглэсэн бодлого нь зөвхөн эрсдэлийг багасгахад чиглэсэн, өөрийгөө хамгаалах бодлого байна. Энэ нь огтоос хангалтгүй бөгөөд евро бүсэд аюул дагуулж мэдэхээр байна.

 

Хэрэв Засгийн газрууд ард иргэддээ ЕХ нь шийдлийн нэг хэсэг гэдгийг харуулж чадахгүй бол Европ томоохон хохирол амсах болно. Италид барууны популист Лега хэдийнээ “италексит”-ийг шаардаж байгаа бөгөөд Истпанид цөөнхийн засгийн газрыг унагах тухай ярьж байна. ЕХ-ны гурав дахь, дөрөв дэх том эдийн засаг бүхий орнуудад улс төрийн тогтворгүй байдал үүсэж болзошгүй гэж бид харахад хүрч байна. ... Гамшигт хамгийн их нэрвэгдэж буй европчууд ЕХ-ны хамгаалал, илүү их үнэ цэнийг бодит амьдрал дээр хүртэх ёстой.”  ажээ.


Иймд гишүүн орнууд 3 дугаар сарын дунд үеэс хойш ЕХ-ны хүрээнд хамтын ажиллагаагаа эрс идэвхжүүлж, цар тахлын эсрэг хамтарсан арга хэмжээ авахаар хамтын томоохон шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ЕХ-ны сангийн сайд нарын хуралдаанаас ЕХ-ны тусламж хамгийн их хэрэгтэй байгаа орнуудад болон аж ахуйн нэгж, ажиллагсдад зориулж 500 тэрбум еврогийн “Хамгаалах хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэрийг удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний эцэст баталж чадсан байна.  

 

ЕХ-ны гишүүн орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатайгаар ЕХ-ны гадаад хил хязгаар, Шенген бүсийн гадаад хилийг хаах шийдвэрийг гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Европын Комиссоос, евро бүсийн дотор бараа бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд бараа бүтээгдэхүүний байнгын тасралтгүй урсгалыг хангахад чиглэсэн “Ногоон зурвас”-ын үзэл баримтлалыг боловсруулан гаргасан байна.

 

Мөн Германд цар тахлаар өвчилсөн өвчтөнүүдэд зориулан бэлтгэсэн эрчимт эмчилгээний ор хүрэлцээтэй байгаа учраас  2020 оны 3 дугаар сарын 20-ны үеэс хойш Франц, Итали, Нидерландаас нийт 100 гаруй хүнд өвчтөнийг Германд зөөвөрлөн авчирч, Германы эмнэлгүүдэд тараан байршуулан эмчилж байна.  

 

5.    Япон улс


    2020 оны 1 дүгээр сарын 16-нд Японы нутаг дэвсгэрт коронавирусийн анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээгээр тус улсад нийт 8111 хүн халдвар авч, нас барагчдын тоо 147 хүн (Аяллын хөлөг онгоцон дахь халдварын тохиолдлын тоог оролцуулан)  болсон нь тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн 4 дүгээр сарын 7-нд мэдэгдсэнчлэн "Дайны дараах хамгийн том хямралыг даван туулах" шаардлагатай Японы нийгэм нүүр тулж байна. 


    Өвчлөл голомтлон гарч буй улс орнууд, бүс нутгийн гадаад иргэд, тэнд оршин суудаг япон иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, тусгаарлах байрны үйл ажиллагаанд Японы Өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна. Японы Засгийн газраас дотоодод голомтлон тархаж буй халдварыг тогтоон барихын тулд Онц байдал 7 мужид зарлаж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс хамгаалж, бусдад халдвар тараахаас сэрэмжлэн гадуур гарахыг өөртөө хязгаарлахыг ард иргэддээ зөвлөмжийн хэлбэрээр уриалж байна. 


    Мөн аж ахуйн нэгжүүдэд гэрээр ажиллах боломжтой ажлыг ажилтнуудаараа гэрээсээ хийлгэх, аль болохоор ажлын байранд олон ажилтан ажиллуулахаас зайлсхийж цагийн хуваарийн дагуу ээлжээр зөрж ажиллуулах зэрэг арга хэмжээг авахыг уриалж байна. Засгийн газраас короно вирусийн эсрэг эмчилгээний эм, вакцины судалгааг хурдавчлахад хөрөнгө оруулан дэмжлэг үзүүлж байна. Халдвар авагчдын тоо нэмэгдэж, 8000 давсан нь эрүүл мэндийн салбарт хүндхэн сорилтыг авч ирэв. Тухайлбал, ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байх, халдвараас сэргийлэх хамгаалалтын хэрэгсэл дутагдах, амьсгалын аппарат зэрэг эмчилгээний багаж хэрэгслийн дутагдалд орох, эмнэлгийн ажилтан эмч сувилагч нар халдвар авах эрсдэлд орох, эмнэлэг халдварын голомт болох зэрэг эрсдэлтэй тулгарч байна. 


    Иймд Япон улсын Засгийн газраас маск, амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн багаж хэрэгслийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар зорьж, дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байх зэрэг шалтгааны улмаас дотоодын хэрэгцээг хангахад цаг хугацаа шаардагдах нь тодорхой болж байна.


    Япон улс нь Зүүн өмнөд Азийн орнууд ялангуяа БНХАУ-д туслан гүйцэтгэгч үйлдвэрүүдээ олноор байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байсан нь БНХАУ-д короно вирус дэлгэрч, хөл хорио тогтоож эхэлсэн цаг мөчөөс эхлэн Япон дахь компаниуд Хятад дахь салбараасаа татан авдаг сэлбэг хэрэгслээр дутагдах зэргээр эдийн засгийн алдагдалд орж эхэлсэн. Гадаадад үйлдвэрүүдээ байгуулах нь энэ мэтчилэн сөрөг үр дагавартай болохыг эдийн засгийн хүрээнийхэн сургамж болгон онцлон тэмдэглэж байна.  


    Короно вирус хяналтаас алдагдаж, дотоодод тархаж Онц байдал зарласнаар эдийн засгийн салбарт үүсэх сөрөг үр дагавар гүнзгийрч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, ялангуяа аялал жуулчлал, үйлчилгээний салбар их хэмжээний алдагдалд орж байна. 


6.    БНСУ

“Самжон КПМЖ” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгаагаар 2020 онд БНСУ хамгийн багадаа нь 3.2 тэрбум, Хятад 50 тэрбум ам.долларын экспортын алдагдал тус тус хүлээнэ гэж үзсэн байна. 


 2020 оны 3 дугаар сарын байдлаар БНСУ-ын экспортын бүтцийг авч үзвэл цахилгаан бараа үйлдвэрлэл 4.4 тэрбум ам.доллар, авто машин үйлдвэрлэл 3.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс эрс буурсан үзүүлэлттэй байна.  


Банк, даатгал, барилга, усан онгоц, эрчим хүчний салбаруудын хувьцааны үнэ илүү буурах хандлага ажиглагдаж байна. Мөн Хятадын нийлүүлэлтийн сүлжээнээс хамаардаг аж ахуй нэгжүүдийн хувьд өөр орон зай хайж эхэлсэн төдийгүй цаашдын бизнесийн шинэ төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Зарим салбар нь хямралыг шинэ боломж хэмээн үзэж, ашигтай салбарт хөрөнгө оруулалтыг маш түргэн хугацаанд хийх талаар төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. 


Хамгийн их уналттай бизнесийн салбарт агаарын тээвэр -57 хувь, кино театр -71 хувь, тоглоомын төвүүд -84 хувьд, зочид буудал -25 хувь, хоолны газрууд -14 хувийн үзүүлэлтээр тус тус багтаж байна. 

 

7. БН Турк улс


2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр БНТУ-д тус цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ тус улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг санхүү, эдийн судалгаа, аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  олон улсад нэр хүнд бүхий Делойт компанийн Турк улс дах салбар судалж, “Дэлхий нийтэд тархаад буй Ковид -19 цар тахлын Турк улсын нийгэм эдийн засгийн салбар бүрд үзүүлж буй нөлөө” нэртэй судалгааны тайлан гаргасан байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан уг тайланд цар тахлын улмаас хүн амын ажил, амьдралын хэв маяг, хэрэглэгчийн дадал зуршилд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байгааг дурджээ. Тухайлбал, цахим болон зайн сургалт, цахим орчинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны ачаалал даруй 15 дахин нэмэгдсэн бол агаарын тээвэр, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд цар тахал сөрөг нөлөө үзүүлсээр байгааг дурдсан байна. 


Вирусийн тархалтыг зогсооход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний дараагаар боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын үйл ажиллагаа өрх, гэр бүлийн орчинд шилжиж Skype, Zoom болон EBA зэрэг цахим хурал зохион байгуулдаг системүүдийн ашиглалт хэдэн арав дахин нэмэгдсэний нэг жишээ нь Туркийн Үндэсний Боловсролын яамны ашигладаг EBA цахим систем юм. Тайланд дурдсанаар эерэг өөрчлөлт гарсан дараагийн салбар бол цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээний салбар ажээ. Энэ нь зөвхөн дотоод зах зээлд бус олон улсын түвшинд тээвэр логистикийн үйлчилгээ, түгээлт зэрэг үйлчилгээг дижиталчлагдах, үйл ажиллагааны хүрээгээ 2 дахин тэлэхэд хүчтэй нөлөөлсөн байна.


БНТУ-ын Худалдааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Найл Олпакийн 2020 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр танилцуулсан мэдээлэлд  “Энэхүү цар тахлын улмаас Туркийн эдийн засагт уналт бий болох ч Европын бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага хохирол амсана” гэж мэдэгджээ. Тэрээр Турк улсад цар тахал эрчтэй тархаж эхэлсэн эхний долоо хоногт ажил олгогч эздийн холбоод, зөвлөлүүд хувьд хөдөлмөрийн зах зээл, ажил эрхлэлттэй холбоотой эрсдэл үүсэх нь гэсэн санаа зовнил, болгоомжлол өндөр байсан. Гэвч 2 дахь долоо хоногоос эхлэн энэ болгоомжлол буурч итгэл найдвар байгааг бид харж байна гэжээ. Аж үйлдвэрийн салбар тус бүр харилцан адилгүй ч эдийн засгийн голлох салбаруудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 20 орчим хувийн бууралт ажиглагдаж байгааг бид судалгаагаар тогтоосон, энэ бууралт 30 хувиас дээш гарахгүй нөхцөлд хүндрэл үүсэхгүй гэж үзжээ. 


Турк улсын хувьд “Ковид-19” цар тахлын улмаас үүсэх нийгэм эдийн засгийн хохиролтой ижил биш ч дөхөж очих хэмжээний хохирол бий болгож байсан томоохон эдийн засгийн хямралуудыг амжилттай даван гарч байсан туршлагатай, эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлөхөөс хамаарч ямар байр сууринаас ямар бодлого барих ёстой вэ гэдгээ бид мэднэ гэж тайлбарлах мэргэжлийн байгууллагууд, ажил олгогч, томоохон корпорацын удирдлагууд байна.  Тэр дундаа хамгийн чухал нь эдийн засгийн хямралын үйл явцын динамик, хурдад шуурхай дасан зохицох проактив бүтэц манай эдийн засагт бий гэж онцлов. 


Харин Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хааж, иргэдийг гэртээ байх, гудамжинд гарахгүй байх хориг тавих нь асуудлыг улам хүндрүүлж хаос байдалд хүргэнэ гэж худалдаа, үйлчилгээ, эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг төлөөлдөг тус зөвлөл үзжээ.


Тус улсын экпорт 2020 оны 3 дугаар сард 17 хувиар буурсан бол 2020 оны 4 дүгээр сарын эхний 10 хоногт 30 хувиар буух магадлалтай байгааг Худалдааны яамны харьяа Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны зөвлөл мэдээлсэн байна. 


БНТУ-ын Засгийн газраас цар тахлын улмаас бий болох эдийн засгийн хямралаас аль болох хохирол багатай гарахад тусгайлан анхаарч байна. Тус цар тахал БНТУ-д анх бүртгэгдсэний дараахан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, эдийн засгийн голлох 11 салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлсэн юм. Мөн түүнчлэн, бүх төрлийн бизнес эрхлэгчдэд 36 сарын хугацаатай тогтсон хүүтэй зээл олгож, зээл авснаас хойших эхний 6 сард эргэн төлөлт хийхгүй байхаар зохицуулалт хийжээ. 


Туркийн Төв Банкны дэд захирал, “Ковид-19” цар тахлын аюул нүүрлэсэн хэдий ч 2020 оны I улиралд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр гарах төлөвтэй байгааг мэдээлсэн бөгөөд уг дүгнэлтээ 2020 оны 1 болон 2 дугаар сард өсөлтийн хандлага хурдацтай байж, 2020 оны 3 дугаар сард хүн амын хэрэглээний түвшин харьцангуй тогтвортой байсан зэрэг хүчин зүйлтэй холбож тайлбарлажээ. 


8. БНСВУ


БНСВУ 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, хөрөнгө оруулалтыг оновчтой зарцуулахад дэмжлэг үзүүлэх, хүмүүсийг дэмжих, нийгмийн баталгааг хангах, нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг хэлэлцлээ.


"Цар тахлын эсрэг тэмцэл нь одоогийн үеийн улс төрийн тэргүүлэх үүрэг юм" гэж Ерөнхий сайд Нгуен Суан Фук хэлээд “сүүлийн хэдэн арван жилд ийм тахал байгаагүй, нийгэм, эдийн засагт нөлөөлж буйгаар “Ковид-19” тахал ихээхэн муу үр дагаварт хүргэж байна. 2020 оны эхний улирлын байдлаар Вьетнамын ДНБ ердөө 3,82% -иар өссөн нь 2011 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. Энэ байдал нь аялал жуулчлал, агаарын тээвэр, зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудад сөргөөр нөлөөлж байна. Цаашид үйлдвэрлэл, бизнесийн салбарт, олон мянган аж ахуйн нэгжүүдийг аль болох бага эрсдэлд оруулах нь тус улсын хувьд тулгамдсан асуудал болж байна. Ерөнхий сайд Нгуен Суан Фук “...Нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэл, бизнесийн сэргэлт, хөгжлийг идэвхтэй дэмжих арга хэмжээ авахгүй бол энэ нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаварт хүргэх болно. Хэрэв хүчтэй, эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол эдийн засаг амархан уналтад орж, сөрөг үр дагаврыг даамжруулж чадна. Иймд бид шаргуу ажиллаж, хурдан хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.


Засгийн газрын тэргүүн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тохиолдолд л хүн амын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд бууруулах боломжтой хэмээн үзэж, “аюул дууссаны дараа эдийн засгийг хүчтэй сэргээн хөгжүүлэх” тодорхой хуулийг боловсруулж өгөхийг хүсэв. 


Хуралдааны төгсгөлд, Ерөнхий сайд “өнөө үед тархварын эсрэг тэмцэж, 16 дугаар зааврыг сайн хэрэгжүүлэхийг зорьж байна. Бид хамтарч ажиллаж, нэгдэж, нягт уялдаатай ажиллаж чадаж байна. Хэдийгээр энэхүү цар тахал биднийг хоёр дахин хүндрүүлж байгаа ч бид үүнийг гурав дахин хүчээр сөрж зогсохыг хичээж байна. Зарим орон нутаг, зарим салбаруудад илүү их хүчийг төвлөрүүлж, зогсонги байдал, хохирлыг арилгах шаардлагатай” хэмээн онцлов.


Цагаан будааны экспортыг хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хянаж байх ёстой боловч тариаланчдын эрх ашгийг хангах үүднээс экспортыг дэмжинэ.


Ялангуяа шинэ зах зээл хайх, худалдаа хийх арга барил, зуршлаа өөрчлөх нь зүйтэй хэмээн Вьетнамын Засгийн газар үзэж байна. Үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг арилгахаас эхлээд хөрөнгө оруулалт, нийгмийн хамгаалал, нийгмийн дэг журамд няхуур, хариуцлагатай хандах ёстой.

 

Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, 100 сая хүн амтай дотоодын зах зээлд анхаарлаа хандуулах ёстойг Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яаманд үүрэг болгов. Бусад яам, салбар байгууллагуудтай хамтарч цар тахлын дараа эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд яаралтай авч хэрэгжүүлэх хувилбаруудыг боловсруулж, ирэх долоо хоногт Ерөнхий сайдад мэдээлэхийг даалгасан байна.

 

4.    Казахстан


Казахтаны Сангийн сайд Алихан Смайловын мэдэгдсэнээр 2020 оны 2 дугаар сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-аас орж ирэх импорт 11 хувиар буураад байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд БНХАУ-аас авто тээврийн хэрэгслээр орж ирэх бараа 24%, төмөр замын тээврээр орж ирэх барааны хэмжээ 14 хувиар тус тус буурчээ. 2020 оны 2 дугаар сарын байдлаар ЕАЭЗХ-ны улс орнуудаас импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн 20 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь тус улсын хувьд асуудал үүсгэх магадлалтай байна.  


Бүгд Найрамдах Казахстан улсыг төсвийн орлогын алдагдалд хүргэж буй өөр нэгэн хүчин зүйл бол тус улсаас гадаад зах зээл гаргаж буй /экспортын/ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан явдал гэж А.Смайлов илтгэлдээ мөн цохон дурдсан байна. Үүнд, экспортын голлох түүхий эд болох зэс 6 хувь, хөнгөн цагаан 5 хувь, цайр 10 хувь, хар тугалга 3 хувиар экспортын хэмжээ нь тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.


Казахстан улс нь 2019 онд 90 орчим сая тонн газрын тосыг БНХАУ-д олборлосон бол 2020 онд Коронавирусийн улмаас дээрх газрын тосны олборлолтын хэмжээ буурсантай холбоотойгоор газрын тосноос орлого мөн буурсан. Тухайлбал, Ройтерс агентлагийн мэдээлснээр Казахстанаас ОХУ-д экспортлох газрын тосны хэмжээ 800 000 тонноос 600 000 тонн хүртэл буураад байгаа юм. 


Казахстан улсын төсвийг бүрдүүлдэг газрын тос, өнгөт металл, эрдэс бүтээгдэхүүнээс олох орлого ийнхүү буурч байгаа нь улс орны эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлийг үүсгэх хандлагатай байна.


Үүний зэрэгцээгээр Казахстаны Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөл хорионд байгаа иргэдэд 42500  ($ 97)  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөгийн байдлаар тус халамжид нийт 67 мянган иргэд бүртгүүлээд байна. 


Цар тахлын нөлөөгөөр аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул Үндэсний банк 4 дүгээр сарын 3-нд зээлийн хүүгээ бууруулахаар шийдвэрлээд байна.

I.ОУХХ: "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага"

 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОУХарилцааны Хүрээлэнд баярлалаа.
2020-04-26
irgen:
oros shal demii tuslamj yavuulsan tertee tergui muuluulj havchigdaj baidag baij
2020-04-25