COVID-19: БНХАУ вирусийн үүслийг судлах ажилд ДЭМБ-ыг оролцоход татгалзжээ
2020-05-01


 


SARS-COV-2 коронавирусийн үүслийг шалгах ажиллагаанд оролцох хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан ч Хятад улс энэ хүсэлтэд татгалзсан хэмээн БНХАУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Годен Галеа мэдэгдсэнийг Regnum дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ДЭМБ-ын төлөөлөгч Годен Галеа Sky news телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ шинэ  төрлийн коронавирус хэрхэн үүссэнийг тогтоон, цаашид шинээр тахал үүсэхээс сэргийлэх зорилгоор ДЭМБ шалгах ажиллагаанд орролцох хүсэлт гаргасан гэдгийг онцолжээ. Мөн ДЭМБ коронавирусийг байгалийн гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаа ч Хятад улс Ухань дахь хоёр вирус судлалын лабораторийн тухай мэдээллийг ДЭМБ-д өгөөгүй гэнэ. 

 

"Лабораторийн бичлэгүүд аливаа бүрэн хэмжээний илтгэлийн нэг хэсэг байх ёстой. Хятад улс үндэсний хэмжээнд шалгах, судлах ажлыг хийж байгаа гэдгийг бид мэднэ, гэхдээ биднийг энэ судалгааны ажилд оролцуулахгүй байна. ДЭМБ хүсэлт тавьсан хэвээр байгаа" хэмээн Галеа өгүүлжээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр  Хятадын Ухань дахь лабораторид коронавирусийг бүтээсэн тухай мэдээлэл байгаа гэх утгатай мэдэгдэл хийсэн юм. Түүний өгүүлснээр, Вашингтон тусдаа мөрдөн шалгалтын ажил хийж байгаа бөгөөд одоогоор мэдээллийг дэлгэх боломжгүй гэнэ. 

 

Түүнчлэн, өнгөрсөн сарын 15-ны өдөр Америкийн Fox News телевиз шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотын лабораториос үүсэлтэй бөгөөд анхны өвчтөн нь энэ лабораторийн ажилтан байсан гэж эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр тулгуурлан дамжуулж байв.

 

Ийм мэдээлэл нэг бус удаа гарч байсан ч Хятад улс тухай бүрт няцаадаг, мөн Америкийн эрдэмтэд ч вирусийг зохиомлоор гарган авах боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Fox News: COVID-19 вирус Уханий лабораториос гаралтай

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин