COVID-19: АНУ-д БНХАУ-ын эсрэг 10 зарга үүсгэжээ
2020-05-11

Дэлхий даяар дэгдсэн цар тахалд Хятадыг буруутган, энэ улсын эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн тохиолдол АНУ-д нэг бус удаа гарсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

 

Үүн дээр дахин нэг нэхэмжлэл нэмэгдсэн талаар The Associated Press мэдээлсэн байна. Ингэснээр COVID-19 вирусийн цар тахлын төлөө БНХАУ хариуцлага хүлээх ёстой гэж үзэн нэхэмжлэл гаргасан тохиолдол 10 болжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эсрэг ээлжит нэхэмжлэлийг Висконсины 61 настай оршин суугч Сандра Андринга-Мейер гаргасан байна. Тэрбээр COVID-19 вирусийн халдвар авсан бусад өвчтөнүүд болон Америкийн хэд хэдэн компанитай хамтран коронавирус тархсанд Хятад буруутайг хууль журмын дагуу батлахаар хичээж байгаа гэнэ.

 

"Хятадууд коронавирусийн талаар дэлхий дахин болон америкчуудаас нуусан гэдгийг би мэдэрч байна" хэмээн зарга мэдүүлсэн эмэгтэй өгүүлжээ.

 

Үүнээс гадна өөр есөн нэхэмжлэлийг хэдийнэ шүүхэд гаргасан бөгөөд найм нь олон мянган хүн нэгдсэн хамтарсан нэхэмжлэл юм. Эдгээрийн нэгийг Миссури мужийн Ерөнхий прокурор Эрик Шмит гаргаж байв.

 

Хятадын буруутай үйлдлийг батлахыг оролдож байгаа хүмүүсийн хувьд АНУ-ын нутаг дэвсгэр дээр гадаад улс орнуудын засгийн газрыг хариуцлагад татах боломжгүй гэсэн зүйл заалт байгаа гэнэ. Гэхдээ энэ хязгаарлалтыг даван гарах боломжтой гэж нэхэмжлэгчдийн өмгөөлөгчид үзжээ.

 

COVID-19: АНУ-ын хоёр дахь муж Хятадын эсрэг зарга мэдүүлнэ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятад буруутай.
2020-05-11