АВТОБУС №36: “Цалин буусан, тансаглах уу”
2020-05-15

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баасан гарагийн мэнд. Болж л өгвөл аашлах гэх бүүдгэр саарал хавар, байсхийгээд л бодол хямраачих гээд байх хөл хориотой хөнгөн гунигтай хавар үргэлжилж байна даа. За байз, өдийд чинь төгсөлтийн баяр эхэлчихсэн зохисон ч юм шиг, зохиогүй ч юм шиг дээлтэй охидууд талбай чимж холхиод л, тууз, чимэглэл болсон автобусны ард хэнэггүй охин хүнээс нуугдаж хөл холгосон гутлаа тайлсан шиг хээв нэг сууж байдаг бил үү.

 

Аав ээж хаа холоос хамаг байдгаараа гоёод ээж энгэртээ одонгоо зүүгээд ирчихсэн. Өнөө муу дундын голчтой дипломыг минь харж аав өмөлзөөд л “Муухай болгочихов доо, Алив алив нааш нь өг” гэж ээж тэндээс булаах шахуу авч баахан нандигнаад л....Аая би харин “Ангийнхан дуудаад байна. Аав, ээж ингээд буц буц” гэж амьдралын хаалга нээсэн айхтар том хүн тэднээсээ сүрхий дөлсөн тийм нэг төгсөлтийн баяртай хавар надад ч байсан.

 

Харин өнөө жил хонхны дуугүй “хоосон” хавар чимээгүй ирээд намуухан буцаж байх шиг...Цаг хугацаа хэдий хурдан өнгөрнө, төдий чинээ корона биднээс алсрах мэт санагдах тул ерөөс энэ хаврыг яаруухан буцаамаар байна.

 

Одоо бид асгаран орох усан бороог  хэд хоногоор зүсрээж албаар хэдэн буудал газар норж алхмаар байна. Эмээлтэй морь уяан дээрээ эрэгцэж, ээж зуухны дэргэд юу ч юм буцалгаад, ишгэнд явсан хүүхдүүд хөл нүцгэн гүйлдсээр ирэх ийм л эгшинд саатмаар байна....

 

Бодол дүүрэн бороо шаагиулж явтал  “Ээжийнхээ пүүзийг бариад буудал дээр хүрээд ирээ. Өсгийтэй гуталтай хөл өвдөөд үхлээ. Дээшээ өгсөж чадахгүй нь” гэх бүсгүйн үг зурсхийгээд ороод ирлээ. “Улаанчулуут-МУИС” чиглэлийн автобусанд сууж явсан залуу бүсгүй нээрэн тун өндөр өсгийтэй гутал өмсчээ. Могойн арьсан юм уу гэмээр эрээн мяраан, гадас шиг нарийхан өсгийтэй, урт түрийтэй уг нь их гоё гутал юм. Хэдий гоё байлаа гээд гэр хорооллын гудамжны хайрган дээр хальт гишгээд ханз татаад хаячихвал хайран юм даа. Манай өндөр өгсийттэй бүсгүй яриагаа үргэлжлүүлэн

 

- Аав нь ирээгүй байна уу. Аан ажилд ороогүй ээ. Заза олон юм асуугаад байлгүй бушуухан хүрээд ир. Би буулаа гээд утсаа тасаллаа. Тэр бүр нэг түүртсэн байртай автобусны буудлын сандал дээр суугаад үлдлээ.

 

Өөр нэг бүсгүйн нөхрийнх нь цалин буужээ. Бүсгүй “Хоёулаа тэгвэл өнөөдөр хоолонд ороод тансаглачихья л даа, хэд буусан юм” хэмээн нөхөртөө хошуу дэвсэж явна.

 

Нөхөр /Н/: Тэгээд хаана орох юм.

 

Эхнэр /Э/: Энэ Орчлонгийн хоёр давхрын нөгөө гоё хоолтой газар орьё л доо

 

Н: Юу идэх юм

 

Э: /хэсэг бодолхийлж/ Би лав бүлгүги авна. Чи нөгөө гоё үхрийн хавиргатай хоолоо авах юм уу.

 

Н: Тэгээд л бараг 20-30 мянга болно шүү дээ. Тэрний оронд гэртээ мах авсан нь дээргүй юу.

 

Э: Хмм, нээх муухай харамч.

 

Н: Хэхэ заза нээрээ цалин буусан юм чинь ганц удаа тансаглачих уу.

 

Э: Тэгье ээ. Яадаг юм. Чи тэгээд яг хэд авсан юм бэ?

 

Н: Илүү цагтайгаа овоо юм авсан.

 

Э: Яг хэд юм /бүлтийтэл ширтээд/

 

Н: 850 мянга /гоё байгааз гэсэн байртай нүдээ онийлгон эхнэр рүүгээ бахдалтай харсан/

 

Э:  Хөөх баяжчихсан байна шүү дээ.

 

Н: Харин гайгүй цалин бодсон байна билээ.

 

Э: За хоёулаа тэгвэл хоолонд орчихоод ломбарднаас ядаж нэг бөгжөө, аягатайгаа авчихья тэгэх үү.

 

Н: Тэгье тэгье. Жолоочоо энд гялс буучихья гэсээр “Авто сургууль”-ийн автобусны буудал дээр буугаад хөтлөлцсөөр зам хөндлөн гарч гүйлээ.

 

Хөргөгчиндөө өнөөдөр л хоол хийгээд дуусах жижигхэн бондгор махтай ч хааяа хоолонд орох нээрэн гоё шүү. Дараа нь шүдээ чигчилсэн шиг “Ниа хоолтой юм” гээд нээх худлаа хэлбэртэж, хэхэрч зогсох ч догь. Хожим өдрийн цайны мөнгөгүй өлсөж суухдаа өнөө хоолоо нэхэн санахад сэтгэл ч өег. Ер нь хоол бол хөдөлмөрлөсний шагнал шүү.

 

Энэ автобусанд МУИС-аас сууж Улаанчулуут буюу эцсийн зогсоол хүрээд буулаа. Эцсийн буудал дээр архи үнэртүүлсэн хөлчүү хөгшчүүд хоёр, гурван зуун төгрөг гуйж зогсоно. “Хуушуур” гэсэн хаягтай жижиг гуанзнаас хиншүү үнэртэж, автобусны жолооч тэндээс хоёр хуушуур ууталж аваад, кабиндаа сууж амжилгүй нэг том үмхэж, хажуугийн дэлгүүрээс кола авч даруулав.

 

Юу бодож суудаг бол гэмээр гуниг дүүрэн харцтай ахимаг насны эр автобусны буудлын дэргэдэх дэлгүүрийн үүдний довжоон дээр бууж, суух олныг дагуулан хараад хаашаа ч яарсан шинжгүй сууна. Өвдгөө тэврээд толгой гудайх түүнийг хэн нэгэн цаанаас нь “Өвгөөн нааш ир” гэснээр тэр яаруухан бослоо. Түүнийг дуудсан эр гартаа ганц “юм” барьж, олон хүн тойрон зогсчээ.

 

Эцсийн буудлаас эргэж суугаад 21 дүгээр хороолол орлоо. Тэндээс гартаа “Yellow tail” гэсэн бичигтэй шилтэй дарс барьсан бадируун эр автобусанд суусан нь нүдэнд тусав. Эхэндээ түүний барьж яваа дарсыг эмэгтэй хүнд зориулсан болов уу гэж бодтол сайх эр лонхны хүзүүнд зүүлттэй туузан чимэглэлийг таслаад хаячихаж байна. Тэгснээ дарсаа шүдээрээ онгойлгох гэж оролдож, үүсэн бөглөөг нээх гэж үйлээ үзээд барсангүй. Тэгж явтал гар утас нь дуугарлаа.

 

- Байна уу, ээе за миний анд яг цагаа олж залгалаа

 

- Байхгүй ээ, өчигдөр уугаад гэртээ хариагүй. Үргэлжлүүлээд уугаад явж байна.

 

- Хэнтэй байхав ээ. Ганцаараа ууж явна. Миний хөгшин хаана байгаа юм, уулзах уу?

 

- Заза тэгээд загнаад унадаг юм. Найз нь харина аа харина. Зүгээр эхнэрээс жаахан айгаад байна. Өнөөдөр уучихаад нэг мөр очиж алуулна аа. За за битгий загнаад бай. Ойлгож байна аа. Найз нь өөрийгөө мэднэ ээ.

 

Дарсаа онгойлгох гэж дахиад л оролдлоо. Ашгүй дарс подхийтэл онгойход цангасан аятай том том залгилж байна. Өмнөөс нь харж яваа залуу өөд шилтэйгээ сунгаад “Уух уу” гэж дайламтгай зан гаргасанд дурамжхан ярвайгаад “Үгүй, үгүй” гээд босоод явчихаж байна. Өнөөх дуугүй байсангүй “Эр хүн хээгүй нь дээр дээ, хөгшөөн” гээд үлдэв.

 

Энэ дарс эхнэрт нь очсон бол илүү чамин бас үнэ цэнэтэй хэвээр харагдах байв. Хундагны ёроолоор багахан аяглаад шимж уух дарсыг халамцуу эр шилээр нь хөнтөрч яваа нь жаахан уянгын халилгүй санагдлаа. Дарс авдаг нь ч юув дээ, дагначихгүй хэхэ.

 

Амьдралын эрээвэр, хураавар өнгөтэй энэ удаагийн тэмдэглэлээ энд хүрээд дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zuv shuu, muu muuhaig demjsen ch yum shig, eswel ene bichigch uuriinhuu hemjeend meddeg amidralaa bichdeg baih daa
2020-05-16
Зочин:
Манайхан автобусан дотор их бүдүүлэг, утсаараа өөрийнхөө бүх эргэн тойрны хов живийг чанга дуугаар ичихгүй яриад ангалзаад суудаг. Хажуудаа сууж байгаа хүмүүсийг хүндлэх тухай ойлголт байхгүй. Энэ Түмний нэгийн бичлэг нь таалагддаг боловч автобусан доторх энэ замбараагүй яриаг дэмжсэн талтай байдаг нь тиймхэн санагддаг юм. Уул нь энэ автобусны ярианаас өөр нэг өнцөг олж аваад бичвэл овоо уншууртай юм бичиж чадахаар чадварлаг бололтой байдаг. Бие биенээ хүндлэх, бусдын аливаа орон зайд халдахгүй байх нь хотын зайлшгүй соёл бөгөөд хажуу хүмүүстээ өөрийн асуудлыг сонсохыг чанга яриагаараа тулган хүлээлгэж байгаа нь хэтэрхий увайгүй хэрэг юм. Энэ явдлыг өөгшүүлсэн мэт нийтлэл бичмээргүй байна. Тэгээд ч бусдын яриаг сонсох нь тийм соёлтой хэрэг биш шүү дээ. Мэдээж автобусан дотор огт утсаар ярьж болохгүй гээд байгаа хэрэг биш. Яаралтай болоод зайлшгүй ярих зүйл байлгүй яахав. Гэртээ очоод ярьж болохоор юмыг л олон нийтийн газар ярьж чалчихыг л бүдүүлэг хэрэг гэж хэлээд байгаа юм. Үүнээс бичих юм хотод маань зөндөө бий. Зөвөөр ойлгоорой. Уран бүтээлийн амжилт хүсье.
2020-05-15
Zochin:
Zuv shuu, muu muuhaig demjsen ch yum shig, eswel ene bichigch uuriinhuu hemjeend meddeg amidralaa bichdeg baih daa
Зочин:
Баасан гаригийг баасан ахын төрсөн өдөр гэдэг биз дээ.
2020-05-15
эгэл жирийн бидний амьдрал. Манайхан байгаагаар баян улс
2020-05-15
Lalar:
Buur neg iim yumnuud baidag bolchihjee shalchiganasan.
2020-05-15
gg:
Tsaad uchiriin medehgui baij busdiig buu shuumjil.
2020-05-15
Lalar:
Buur neg iim yumnuud baidag bolchihjee shalchiganasan.