Шинжээч: Хятадын нөлөөнд байдаг Монголоор хийн хоолой дайруулах нь эрсдэлтэй

Хятад руу хий нийлүүлэх “Сила Сибири-2” хий дамжуулах хоолойн төслийн судалгааны ажил эхэлсэн талаар Газпромын тэргүүн Алексей Миллер саяхан мэдэгдсэн. Энэ санаа эртнээс яригдаж эхэлсэн бөгөөд харин одоо Газпром Алтайгаар дамжуулах хуучин хувилбараасаа татгалзан, Монголын нутаг дэвсгэр дээгүүр хоолойгоо дамжуулах нь тодорхой болжээ.
Төслийн судалгааны ажил эхлүүлэх даалгаврыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын сүүлээр Миллерт даалгаж байсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэл боловсруулан, төслийн ажил хийхийг санал болгож байв.
Энэ хий дамжуулах хоолойг байгуулах санаа 2018 оноос хойш л эрчимтэй яригдаж байгаа юм. Тухайн үед Дорнын эдийн засгийн форум дээр Владимир Путин, Ши Жинпин нар уулзалдан, улмаар Хятадын тэргүүн шинэ төсөлтэй холбоотой бичиг цаасны ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өгч байлаа.
Үүний дараа Оросын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ, Алтайгаар дамжуулан шинэ хий дамжуулах хоолой байгуулах бүхий л техникийн нөхцлүүдийг хэдийнэ тохиролцсон тул хоёр орон гэрээ байгуулахад тун ойрхон байгаа хэмээн онцолж байсан юм.
Тэр үеэс хойш гурван зүйл өөрчлөгдөв. Нэгдүгээрт, шинэ хийн хоолойн төслийн хүчин чадал нэмэгдсэн. Тодруулбал, өмнө нь жилд 30 тэрбум кубметр хий нийлүүлнэ гэж төлөвлөж байсан бол одоо жилд 50 тэрбум кубметрийг нийлүүлэх хүчин чадалтайгаар тооцоолж байгаа аж.
Хоёрдугаарт, Газпром Алтайгаар дайруулах хувилбараасаа татгалзав. Энэ нь Алтайгаар дайруулахад уул хадаар дайруулан хоолойг тавихад техникийн хувьд хүндрэлтэй, мөн нутгийн экологид нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан байх гэж Оросын шинжээчид үзэж байна.
Гуравдугаарт, коронавирусийн цар тахлын үеэр дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед хийн эрэлт эрчимтэй буурч байгаа. Харин Хятад улс нүүрсэн цахилгаан станцуудаас аажмаар татгалзан, байгальд ээлтэй хийг илүүтэй ашиглах болсон тул урт хугацааны ирээдүйд бүтээгдэхүүнийх нь эрэлт нэмэгдэнэ гэж Газпром найдаж байгааг шинжээчид онцолжээ.
Одоо Газпром Монголоор дайруулан, тодруулбал Томскоос Красноярск хүртэл, дараа нь Эрхүү-Улаанбаатар гэсэн чиглэлээр хийн хоолойгоо тавихаар төлөвлөж байна. Чухамхүү энэ хувилбараас үүдэлтэй олон асуудал гарч мэдэхийг шинжээчид онцолжээ.
Тухайлбал, Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэгч шинжээч, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн багш Станислав Митрахович “Газета.ру”-д ярилцлага өгөхдөө Украин, Белорусстай хамтран ажиллахад түлш дахин дамжуулах үнэ зэрэг олон асуудал үүсч байсныг онцолсон байна. Түүнчлэн Монгол улсын улс төр, эдийн засгийн статус “Газпром”-ын хувьд ихээхэн эрсдэл дагуулна гэж шинжээч үзжээ.
“Монгол улс эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүхий л салбарт Хятадын нөлөөлөлд ихээр оршдог тул энэ улсаар хийн хоолой дамжуулах нь Хятадын хувьд Орост нэмэлт шахалт үзүүлэх боломж гарч ирнэ гэсэн үг” хэмээн Станислав Митрахович онцолжээ.
Эрсдэлтэй чиглэл
Монголоор дайруулан хий хоолой барих нь өөр нэг эрсдэл дагуулж байгаа нь энэ чиглэлд өрсөлдөөн их, мөн “Сила Сибири-2” хоолойгоор хий хүрэх Хятадын баруун хэсэг нь хүн ам шигүшү суурьшаагүй, эрэлт хэрэгцээ бага гэсэн нөхцөлтэй холбоотойг шинжээчид онцолжээ.
“Энэ бүс нутагт их хэмжээний байгалийн хийн эрэлт байхгүй. Мөн энэ бүс рүү Төв Азийн орнуудаас хий нийлүүлдэг, өөрөөр хэлвэл өрсөлдөөн үүснэ. Тиймээс чухамхүү шинэ хоолойгоор дамжуулах хий маш хэрэгтэй гэдгийг Орос Хятадад ятгаж чадах эсэх нь эргэлзээтэй” хэмээн шинжээч онцолсон байна.
Энэ чиглэлээр хий нийлүүлэхэд Америк зэрэг бусад орнууд ч Оросыг зах зээлээс шахан гаргах оролдлого хийж болзошгүй гэж Станислав Митрахович таамаглажээ.
Мөн шинэ хоолойг барих зардлын асуудал ч хүндрэлтэй байгааг шинжээчид онцолсон байна. “Газ и химия” компанийн захирлын өгүүлснээр хий дамжуулах хоолой барихад дөрвөөс зургаан жилийн хугацаа, 1,3-1,5 их наяд рубль шаардлагатай гэнэ. Харин өмнө нь ашиглалтад оруулсан “Сила Сибири” хоолойг барихад 1,1 их наяд рубль зарцуулжээ.
“Газпром” гагцхүү өөрийн зардлаар шинэ хий дамжуулах хоолойг бүрэн барьж дуусгаж чадах эсэх нь ихээхэн маргаантай асуудал гэдгийг Станислав Митрахович онцолсон байна. Түүний үзэж байгаагаар “Газпром” өөрийн хөрөнгөөр байгуулж, цорын ганц эзэмшигч нь байхыг хүсч байгаа гэнэ. Гэхдээ энэ төслийг Хятад ихээхэн сонирхвол төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээс хуваалцах магадлалтай. Ийм жишээ Орост хэд хэд байх бөгөөд тухайлбал “Арктик СПГ-2” хий дамжуулах хоолойнд Хятадын сан болон газрын тос хийн компаниуд хөрөнгө оруулж, хувь эзэмших болсон юм.
ГАЗПРОМ: Монголоор дайрах "Сила Сибири-2" төслийн ажил эхэллээ
The Wall Street Journal: Орос, Хятадын түншлэл АНУ-д сорилт болж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ