АВТОБУС №37: “СУИС-ийнхан ийм шт”
2020-05-22

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Саяны /лхагва гараг/ борооноор хэн хүнгүй л сэтгэл баахан догдлох шив. Ажил тараад гараад иртэл зам дээр нил ус тогтчихсон саарал приустэй сахилгагүй жолооч санаатай шалбааг үсэргээд өнгөрнө лээ. Намайг толиндоо харсан л байж таарна, гар даллаад үдсэн.

 

Ихэд хүлээлгэсэн энэ бороог төвөгшөөсөн харц зөрж өнгөрөх хүмүүсийн нүдэнд алга. Эрээн плаж, элгэн туфльтай эгч жаахан даарсан бололтой такси барих гэтэл зогсоогүйд бас түрүүчийн над руу үсэрсэн шалбааг эгчийг ч оносон тул түргэн түргэн алхсаар одлоо.

 

Номын сангийн автобусны буудал дээр олон хүн холхино. ТҮЦ-нээс ширхэг тамхи авч шуналтай гэгч сороод утааг нь удаанаар үлээх залуу юу мэдэрч байгаа бол. Хэн ч үгүй тамхилмаар санагдтал хачин тааламжтай тэнгэр өөд үлээх аж. Нүүрэн дээр нь борооны дусал буухад “Будаг урсчихаагүй биз дээ” гэж найзаасаа асуух дэгжин бүсгүй болзоотой юм болов уу. Би таажээ. Романтик залуу цэцэг барьсаар автобуснаас бууж ирээд бүсгүйг үнсэж байна. “Би явлаа” гээд санаатай ч юм шиг, санаагүй ч юм шиг салж одсон бүсгүйтэй зам ханьсан алхуулсаар "Мөнгөн завьяа"-аас автобусанд суулаа.

 

Ерөөс энэ бороог их олон хүн хүлээсэн бололтой. Автобус дүүрэн борооны тухай л яриа өрнөж байна.

 

Дээлтэй ах “Бороо орж байна уу. Хотод зөндөө бороо орж байна” хэмээн нутаг тийшээ чих тавьж байгаа бололтой утсаар ярина. “Ашгүй дээ, одоо ч ногоо суга ургана даа” гэж тэр яриагаа үргэлжлүүлснийг үзвэл хөдөө нутгийн ган тайлагдаж, шороон хуй дарагдаж байгаа янзтай.

 

Өөр нэг бүсгүй өглөө өрхөө бүтээгээгүй гарсандаа санаа зовж хөршийнх рүүгээ утасдаж байна.

 

- Байна уу, наагуур чинь бороо их орж байна уу

 

- Яанаа, манай өрх онгорхой байгаа. Өглөө бүтээлгүй гарсан

 

- Чи заваараа манай руу гялс гүйгээд өрх бүтээчих тэгэх үү, би тарсан очиж л явна. Гэхдээ түгжрэл ихтэй байна.

 

"Хадмуудад нь юу өгөх вэ"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Радиогийн мэдрэмжтэй хөтлөгч сэтгэл хөвсөлзтөл сайхан үгс хэлээд залгуулаад “...сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье” гэдэг дууг явууллаа. Цонх даган бөнжигнөх бороон дуслуудыг ширтэж бүгд л бодолд автан явтал “Байна уу, байна уу, дуулдахгүй байна аа” хэмээн чангаар хашхичин ярих ах цочоох шиг болов.

 

- Банк татаад аваад явчихсан байна аа. Тэрнээс би явуулалгүй яахав дээ.

 

- Чи Монголд хэзээ ирэх юм бэ.

 

- Хөгшөөн борц авах юм уу?

 

- Шинэ нисэх буудал ажилд орчихсон шүү дээ. Тэнд буух юм уу. Заза.

 

Дахин өөр дуудлага эхлүүлэв.

 

- Байна уу, За та хэд бүгдээрээ сайн уу.

 

- Зургаан сарын 3-нд манай Бямбаанаа айлд очих гэж байгаа. Хадам нь ирж байгаа гэнэ. Бид жаал жуул юм бэлдэх санаатай байна. Хадмуудад нь юу өгвөл дээр вэ. Бас бэр гуйх гэж ирсэн бүх хүнд бэлэг өгдөг биз дээ.

 

- Та хэд ирж амжих уу.

 

- Корона нэмэгдсэн. Гэхдээ гайгүйхэн л байна. Эгчид сэтгэл санаагаа тайван байлгаарай гэж хэлээрэй.

 

"Аав нь мөнгө явуулна аа"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Охиноо айлын бэр болгох гэж буй энэ аав амьсгаа дээгүүр явна. Багахан балгасан ч бололтой тун хөөрсөн санагдав. Түүний арын сандалд хүүгээ дагуулсан өөр нэг аав явна. 20 гаруй насны хүү нь “Май аав та яриа” гээд утсаа бушуухан чихэнд нь наачихав.

 

- Байна уу, Сайн байна уу миний дүү. Аан би танайд ажиллаж байсан Зоригоогийн аав нь байна.

 

- Өө тийн. Манай хүү ажлаасаа гарч байгаа юм. Тэгээд ах нь өнөөдөр очиж уулзаад мөнгө төгрөгийг нь бодуулаад хувцас хунарыг нь аваад явдаг юм уу.

 

- Манай хүү яг таван хоног ажилласан юм билээ.

 

- Өө одоо тэгээд хэзээ цалин нь буух юм. Өнөөдөр хөдөө өөр ажил хийхээр явж байгаа.

 

- Өө за тэгэх үү. Тэгвэл би яваад очье.

 

Хүү: Юу гэж байна?

 

Аав: Цалин нь өчигдөр буучихсан. Одоо 15 хоногийн дараа бууна. Тэгэхээр нь ирж ав гэж байна.

 

Х: Өө, тэгээд одоо мөнгөө авч болохгүй юм уу. Яагаад болдоггүй юм /уцаарлангуй/

 

А: Цалин буух хугацаанд ирж ав гээд байна шүү дээ.

 

Х: Тэгээд би мөнгөгүй яах юм

 

А: Бүр боломгүй бол аав нь чамд мөнгө шилжүүлнэ, за юу.

 

Аав, хүү хоёр ийн ярилцсаар Драгон дээр буулаа. Хүүгээ хөдөө ажилд явуулж байгаа бололтой гялгар торонд солионы хувцсыг нь бондойтол чихээд бариулчихаж. Өдий том болчихоод хүү нь аавдаа эрхээрээ. Аав нь харин “зөнөг” хүүгээ нялхаар нь санадаг хэвээрээ бололтой. Өмнөх ажлынхаа цалинг авч чадаагүйдээ хүү баахан дурамжхан “Та тэгээд хэзээ ч мөнгөтэй болох юм” хэмээн тортой хувцсаа энгэртээ тэвэрсээр бууж одлоо.

 

***

 

"Есдүгээр сарын 1-нд хичээл ордог л байгаа даа"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өчигдөр /2020.05.21/ Цэцэг төвийн өмнөөс дуу шуу болсон залуус инээлдсээр "Зайсан-Цэцэг төв-Хайлааст" чиглэлийн автобусанд суулаа.

 

Харцанд нь оч гялалзсан харваас "шоу менежер" маягийн нөхөр “Одоо хэдүүлээ Бобигийнд очоод, тэндээсээ шууд цаашаа хөдөлье" гэснээ хөгжилтэй сэдвээр хөнгөхөн маазарсаар явлаа. Хөл хөөр болсон энэ залуус хөдөө гарах бололтой шүү. Сагсаар нь барьсан ундаа, уснаас тэгж ойлгогдов.

 

Автобус СУИС-ийн өмнүүр өнгөрөхөд нөгөөдүүлийн нэг нь “Ай сайхан сургууль минь” гэж айхтар санаа алдахад өөр нэгэн нь “Есдүгээр сарын 1-нд хичээл ордог л байгаа даа” гэж үг нэмэв. Тэгтэл өнөөх сэргэлэн нүдэт “За хөөе хоёроо. Хичээл орохоор таслаад, лекцэн дээр унтаад байдаг юм байж. Нээх онц сурлагатнууд шиг юу вэ та хоёр” гэхэд бүгд инээв. Тэд “Хүнсний 4” хүрээд дуу шуу болсоор суусан шигээ инээд хөөр болсоор бууж одлоо.

 

Тэдний үг яриа, өмссөн зүүснийг автобусны арын суудлаас түрүүчээс хойш сүрхий анхааралтай ажиглаж явсан тэдний л үеийн даруу байрын хоёр охин “Хмм, СУИС-ийнхан ийм шт /шүү дээ/. Бид нар л нэг жүжигчин, дуучин гэсэн шиг аймар галзуу” гэж дур муутай ярвайж байна. Хамт яваа нь хажуугаас нь “Манай дээд үеийн Норжмаа сурдаг биз дээ” гэвэл “Тийн би дээр таарсан нээх аймар ангалзсан юм, зөндөө олон хүний дунд намайг хүүе ямар хөөрхөн болчихсон юм бэ гээд байгаа юм” гэв. Хүн хөөрхөн гэсэнд юунд тэгтлээ ундууцаа вэ, хэхэ. 

 

Энэ хүрээд бороотой, болзоотой өдрүүдийн тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Сэтгэгдэл хүлээж хамт байгаарай. 

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Hog uhaj idej bgaa humuus olon bolood bhiim
2020-05-23
Уншигч:
Хөөрхөн ш дээ. Автобус нийтлэлийг уншиж дуртай. Энгийн үгээр иргэдийн амьдралыг чамин бичдэг сэтгүүлчдээ баярлалаа. Бас Балдорж сангийн шилдэг бүтээлд нэр нь дэвшсэн байхыг харсан.
2020-05-22