БНХАУ: Хонконгийн нөхцөл байдал бол Хятадын дотоод асуудал
2020-05-28

Хонконгийг тойрсон нөхцөл байдлын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхээс Хятад татгалзсан гэж НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Харин НҮБ-ын дэргэдэх БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Жюнь Твиттер хуудсандаа "Аюулгүйн зөвлөлийн хурал зохион байгуулах тухай АНУ-ын үндэслэлгүй хүсэлтийг Хятад эрс няцааж байна" хэмээн бичсэн байна. Түүний өгүүлснээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хятадын "цэвэр дотоод хэрэг" гэнэ. "Энэ бол Аюулгүйн зөвлөлийн мандатад ямар ч хамааралгүй" гэж Жан Жюнь цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн "АНУ бол дэлхий дахин дахь асуудлын гол эх үүсвэр гэдгийг баримт дахин дахин батлаж байна", "Хүчний бодлого, айлгах аргаа нэн даруй зогсоохыг Хятад АНУ-д уриалж байна" хэмээн дипломат мэдэгджээ.

 

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Хонконгтой холбоотой нөхцөл байдал Хятадын дотоод хэрэг бөгөөд энэ асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй гэсэн БНХАУ-ын байр суурийг ОХУ дэмжиж байгаа гэнэ. 

 

Хонконгтой холбоотой асуудлаар Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах АНУ-ын хүсэлт нь БНХАУ Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлахаар зэхэж байгаагаас үүдэлтэй юм. "Тусгай захиргааны бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах эрхзүйн систем болон эрхзүйн механизмуудыг бий болгох, сайжруулах тухай шийдвэр" нэртэй энэхүү хуулийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгаа.

 

Хонконгт тусгайлан зориулж боловсруулсан хуулийн төсөлд салан тусгаарлах, өдөөн хатгах үйл ажиллагааг хориглох, түүнчлэн төв засгийн газрыг буулгахад чиглэгдсэн аливаа төрлийн өдөөн хатгалга, терроризм болон гаднаас оролцох үйлдлийг хориглох аж. Энэ хуулийн төслийг Хонконгийн оршин суугчид эсэргүүцэн жагссан бөгөөд жагсаалыг хүчээр тараан, 300 орчим хүнийг баривчилжээ. 

 

Хонконг ба "Хятадын эсрэг" шинэ тэмцэл

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин