Хонконг ба "Хятадын эсрэг" шинэ тэмцэл
5-28

Тавдугаар сарын 27-ны өдөр Хонконгт дахин эсэргүүцлийн давалгаа эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хонконг: Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ

 

Өнгөрсөн оны зунаас цар тахал дэгдэх хүртэл эсэргүүцлийн давалгаан дунд амьдарч байсан хонконгчууд энэ удаад юуг эсэргүүцэн зогсов, эсэргүүцлийг хэрхэн намжаав? 

 

Эсэргүүцлийн шалтгаан 

Тавдугаар сарын 27-ны өдөр Бээжинд хэлэлцэж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эсэргүүцэн Хонконгт жагсаал болов. Энэ хууль батлагдвал автономт удирдлагатай энэ хотын эрх баригчид сөрөг хүчнийг салан тусгаарлах үйл ажиллагаа, үймээн самуунд уриалсан гэж буруутган шийтгэх нөхцөл үүсэх аж. 

АНУ БНХАУ-ын эсрэг шинэ хориг тавина

Дээрх хуулийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганаар хэлэлцсэн бөгөөд хууль батлагдсанаар Хонконгод БНХАУ өөрсдийн аюулгүй байдлын албадыг байгуулж, автономит эрхтэй энэ хотыг бүрэн хяналтандаа оруулах эрсдэлтэй юм. Энэ нь "нэг улс-хоёр систем" гэсэн зарчмыг ганхуулж байна гэж барууны орнууд шүүмжилсээр байна.

 

Хонконгчууд эсэргүүцэн жагсах болсон өөр нэг шалтгаан нь мөн л хууль. Хонконгод нэгэн хуулийн төсөл хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийн төсөлд БНХАУ-ын төрийн дууллыг гутаан доромжилвол эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ хэмээн заажээ. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг дээд тал нь гурван жил хорих ялаар шийтгэх, мөн 6500 ам.доллараар торгох гэнэ. 

 

Хууль сахиулагчдын "реакци"

 

CNN агентлагийн дамжуулснаар лхагва гаригт болсон жагсаалын үеэр Хонконгийн цагдаагийнхан "тэвчээргүй загнажээ". Хятадын төрийн дууллыг доромжилвол эрүүгийн гэмт хэрэгт тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр аливаа үймээн самуунаас сэргийлэхийн тулд хууль тогтоох байрны ойр орчимд өндөржүүлсэн хамгаалалт гаргаж, 3000 гаруй цагдаагийн алба хаагчийг дайчилсан байна. 

 

Хэдий өндөржүүлсэн хамгаалалт гаргасан ч Хонконгийн төвд голцуу офисын ажилтнууд үдийн цайны үеэр цуглан эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин энэ жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан тэдэн рүү нулимс асгаруулагч хийтэй капсулаар бууджээ. Үйл явдлын газар дээрээс авсан гэрэл зураг дээрээс харахад цагдаагийнхан амны хаалт зүүж, шүхэр барьсан жагсагчдыг гудамжны төгсгөл хүртэл шахан хөөх аж. Түүнчлэн өчигдөр энэ жагсаалын үеэр 300 гаруй хүн баривчлагджээ. 

 

Ийнхүү эсэргүүцэл дагуулсан, үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь "нэг улс-хоёр систем" зарчмыг ганхуулж болзошгүй гэж Европын холбоо, АНУ, Их Британи болон бусад орнууд мэдэгдэж байна.Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу мэдэгдэхдээ Хонконг дахь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тухайд Хятад "том алдаа" гаргаж байна хэмээн онцолжээ. Харин Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен NBC сувагт ярилцлага өгөхдөө "Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуульб аталж Хонконгийг "эзлэвэл" АНУ  хориг арга хэмжээ авна" хэмээн цохон тэмдэглэж байв. Трамп ч дуугүй өнгөрсөнгүй, "Хятадын эсрэг хүчтэй зүйл хийнэ" хэмээн мэдэгдсэн юм.

АНУ БНХАУ-ын эсрэг шинэ хориг тавина

 

Эргэн сануулахад, Хонконгийг 2019 оны зургаадугаар сараас эхлэн олон нийтийн эсэргүүцлийн давалгаа нөмөрсөн. Энэ эсэргүүцлийн шалтгаан нь БНХАУ-д сэжигтнээр тооцсон хүнийг Хонконгоос эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төсөл байв. Эсэргүүцэл эхэлснээс хойших хугацаанд цагдаагийнхан 4000 гаруй хүнийг баривчилсан бол 1,5 мянга гаруй хүн жагсаалын үеэр бэртэн эмнэлэгт хэвтэж, 400 гаруй цагдаа бэртэж гэмтжээ. 

 

Олныг хамарсан эсэргүүцлийн улмаас Хонконгийн захиргаа буулт хийн, 2019 оны 10 дугаар сард маргаантай хуулийн төслийг эргүүлэн татаж байлаа. Гэсэн ч эсэргүүцлийн арга хэмжээ зогссонгүй, "ардчилсан шинэчлэлт" хийхийг шаардан засгийн газрынхаа эсрэг оршин суугчид жагссаар байв. 

 

Ташрамд дуулгахад, Хонконг АНУ, Их Британи зэрэг 20 оронтой сэжигтэн шилжүүлэх гэрээтэй ч Хятадтай энэ төрлийн хэлэлцээр байгуулаагүй байсан юм. Энэ асуудлаарх хэлэлцээ Хонконг болон Бээжингийн хооронд хорь орчим жил яригдаж байна. Өмнө нь Британийн колони байсан Хонконгоос эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлдэггүй, энэ хот автономит статустай бөгөөд "нэг улс-хоёр систем" зарчмаар удирдлага нь хэрэгждэг юм. 

Хонконг: 200 орчим жагсагч баривчлагджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин