Трамп: Хонконгоос болж Ши Жинпиний эсрэг хориг тавих талаар хараахан бодоогүй
2020-06-04

 

Хонконгийг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жинпинд тусгайлан хориг тавих асуудлыг хараахан авч үзээгүй гэж АНУ-ын Дональд Трамп Newsmax TV сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

Сувгийн сэтгүүлч Ши Жинпиний эсрэг хувь хүнд хамаарах хориг арга хэмжээ авах эсэх талаар асуухад "Би энэ талаар хараахан бодоогүй" хэмээн Трамп хариулжээ.

 

Энд дуулгахад, тавдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен мэдэгдэл хийхдээ Хонконг өндөр зэргийн автономит эрхээ алдсан гэж АНУ үзвэл БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавина гэж онцолж байлаа. Харин тавдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео "БНХАУ дахь Хонконгийн статусыг цаашид автономит эрхтэй гэж үзэхгүй" хэмээн мэдэгдэж байв.

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 28-ны өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал /БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага / Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль боловсруулах тогтоол баталсан. Энэ нь Хонконгийн  автономит статусыг зөрчиж байгаа хэрэг гэж Америкийн захиргаа үзэн, үүний хариуд хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байлаа. Тавдугаар сарын 29-нд Трамп мэдэгдэл хийхдээ Хонконг АНУ-тай харилцах худалдаа эдийн засгийн харилцаан дээр эдэлдэг байсан бүхий л хөнгөлөлтүүдийг цуцлах ажиллагааг эхлүүлсэн хэмээн онцолж байсан юм. 

"Луугийн савар" дахь Хонконг

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин