"Луугийн савар" дахь Хонконг
2020-05-29

Өнгөрсөн оны зунаас эхлэн цар тахал дэгдэх хүртэл эсэргүүцлийн давалгаан дунд амьдарсан хонгонкчууд дахин тэмцэлд нэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байв. 

 

Хонконг ба "Хятадын эсрэг" шинэ тэмцэл

Өмнө нь эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж байсан хонгконгчууд энэ удаад Хонгконг дахь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм. Энэ хууль батлагдвал Хонконгод Хятадын тусгай албад байгуулагдан, эсэргүүцэлд автсан хотын өнөөгийн төрхийг эрс өөрчлөх эрсдэлтэйн дээр Азийн санхүүгийн нийслэл гэсэн статусыг үгүй болгож, Хятад, АНУ-ын хоорондын харилцаа хурцдаж мэднэ. Харин энэ хуулийг Хятадын хууль тогтоогчид боловсруулаад эхэлжээ.

 

Тавдугаар сарын 28-ны өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд дээрх хуулийн төслийг боловсруулах тогтоолыг дэмжсэн бөгөөд ингэснээр хоёр долоо хоногийн дотор хууль батлагдаж, энэ оны есдүгээр сар гэхэд мөрдөгдөж эхлэх аж.

 

Энэ хууль автономит хотын нутаг дэвсгэр дээр терроризм, салан тусгаарлах үзэл, гадны нөлөө болон БНХАУ-ын эрх баригчдын эсрэг зогсохтой тэмцэхэд Бээжинд өргөн цар хүрээтэй бүрэн эрх олгох гэнэ.

 

Хятадад батлахаар зэхэж байгаа энэ хуулийг барууны орнууд ихээхэн шүүмжилж, "нэг улс-хоёр систем" зарчим алдагдаж байгааг онцолж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лхагва гаригт мэдэгдэл хийхдээ Хонконг хот цаашид БНХАУ-ын бүрэлдэхүүнд автономит эрхтэй байхаа больсон гэж онцолсон юм. Төрийн өндөр албан тушаалтан ийнхүү мэдэгдсэн нь  АНУ Хонконгийг Хятадын нэг хэсэг гэж албан ёсоор үзэх болж Хонконгт бүртгэлтэй компаниудын статусыг өөрчилж магадгүйн шинж гэж шинжээчид үзэж байна. 

 

Шинэ хуулийн тухай


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын жил тутмын чуулган цар тахалтай холбоотойгоор хоёр сар саатсаны эцэст тавдугаар сард Бээжин хотноо нээлтээ хийсэн.

 

Энэ хурлын хэлэлцэх гол асуудлуудын нэг нь дээр өгүүлсэн, "Тусгай захиргааны бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах эрхзүйн систем болон эрхзүйн механизмуудыг бий болгох, сайжруулах тухай шийдвэр" нэртэй хууль юм.

 

Хуулийн төслийг Засгийн газраас санал хураалтад оруулсан бөгөөд энэ хууль батлагдах нь гарцаагүй. Учир нь Гүйцэтгэх засаглалын санаачилгыг ардын төлөөлөгчдийн хурал үргэлж дэмждэг уламжлалтай. Одоо энэ хуулийн төслийг Коммунист нам дэмжин, улмаар хууль батлагдсан тохиолдолд есдүгээр сард хүчин төгөлдөр болох гэнэ. 

 

Энэ хууль батлагдсанаар БНХАУ-ын удирдагчдыг шүүмжлэх, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон тохиолдолд эрүүгийн хэрэгт татагдаж, удаан хугацаагаар шоронд хоригдож болзошгүй нөхцөл үүснэ гэж Хонконгийн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

 

Хуулинд дараах төрлийн үйлдэлд эрүүгийн хариуцлага ноогдуулна гэж заажээ. 

 

  • салан тусгаарлах буюу Хятадаас тусгаар тогтноход уриалах 
  • засаглалыг ганхуулах эсвэл төв засгийн газрын нэр хүндэд халдах 
  • терроризм
  • гадны оролцоо 

 

Түүнчлэн энэ хуулиар БНХАУ Хонконгт өөрсдийн тусгай албадыг байгуулах эрхтэй болно. Хуулийг Хонконгийн захиргаа дэмжиж байгаа бөгөөд энэ хууль нь терроризмтой тэмцэхийн тулд батлагдаж байгаа, энгийн иргэд айж эмээх шаардлагагүй хэмээн мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Хонконг 1997 онд Британийн колончлолоос гарсан. Хотын үндсэн хууль нь БНХАУ дахь хотын онцгой статусыг тусгасан байдаг. Энэ хуулиар эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх чөлөө, шүүх засаглалын хараат бус байдал болон эх газрын Хятадад байдаггүй бусад эрх, институтуудыг баталгаажуулсан байдаг аж.

 

Хонконг ба "Хятадын эсрэг" шинэ тэмцэл

БНХАУ: Хонконгийн нөхцөл байдал бол Хятадын дотоод асуудал

Shuud.mn
Сонин хачин