АВТОБУС №38: "Алив ээж ээ, дансаа..."
2020-06-05

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Баасан гарагийн мэнд. Улирч буй парламентийн гишүүн Д.Оюунхоролыг “унтамхай” л гээд хочлоод байл уу. Түүний гэнэтхэн сэрээд өргөн мэдүүлсэн төслийн буянаар өнөөдөр бид амарч байна шүү дээ, базардарь минь. Оршлоо орхиж адал явдлаар дүүрэн дахин нэг шинэ өглөөг хамтдаа эхлүүлье.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөх баасан /2020.05.30/ гарагийн орой хотын гудамжаар хайр дүүрэн байсан, харсан уу. Байгууллагаасаа хүүхдийнхээ бэлгийг аваад харьж яваа аав, ээжүүдийн алхаа тун яаруу. Урд алхаж явсан ууттай бэлэгтэй залуу утсаар ярьж байна.

 

-Байна уу, аав нь бэлгийг нь аваад харьж байна

 

-Зөндөө гоё амттай юм байгаа. Чиний дуртай нөгөө гозгор, өндөр савтай чипс байна

 

-Юу гэж тобот байх юм. Аав нь маргааш чамд авч өгье за юу. Энэ чинь аав, ээжийнх нь бэлэг биш. Аавынх нь ажлаас өгч байгаа байхгүй юу. За аав нь одоохон очлоо.

 

Магадгүй энэ баасан гарагт ээж, аав болсон нэг ч хүн зам хазайлгүй зорин зорин гэртээ харьсан байх. Хүүхэдгүй нэгэн нь хэн нэгнээс бэлэг нэхэж “авах ёстой” гэж албаар мэдэн будилж, эрхлээ биз.

 

Автобус Хархорин захын өмнүүр өнгөрлөө. Захын гадна талбайд дахин нэг задгай зах ажиллана. Тэнд хүүхдийн хувцас, тоглоом, томчуудын өмд, гутал бүр дотуур хувцас ч өлгөөстэй. Дундаж насны нэг эгч улаан өнгийн хөхөвч сонирхож зогсоно. Жаахан тод юм уу эгчээ, за яахав улаан өнгө эмэгтэй хүнийг илүү хүчирхэг харагдуулдаг  даа. Эгч хувцасныхаа гаднаас хөхөндөө нэг тохож үзээд болмоор санагдсан уу хөхөвчийг цүнхлээд мөнгөө төлж байна. Худалдагч мөнгөөр бараагаа хэдэнтээ балбаад далд хийлээ.

 

Тэтгэврийн дээж

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас ашиглав

 

Өглөө эртээ /2020.06.02/ ХМК-ОФицерын автобусандаа суугаад ажил руугаа явж байтал ээж хөдөөнөөс утас цохиж байна. Ингэж эрт залгадаггүйсэн гэж санаад бушуухан авбал

 

- Байна уу ээж. За та хоёр минь сайн уу? /аав, ээж/

 

-Өө сайн. Ээжийнх нь тэтгэвэр орсон /тэтгэврийн насанд хүрч анх удаа авч байгаа юм/

 

-Ашгүй дээ. Хэдэн төгрөг орж байх юм?

 

-Хоёр сарын мөнгө гээд 600 гаруй мянган төгрөг орсон байна

 

-Өө болж болж

 

-Аавынх нь бас орсон. Бид хоёр сумын төв ороод буцаж явна. Нараагийн гуанзанд ороод хоол авч идээд...

 

-За ямар хоол идэв, хэхэ

 

-Хоёр, хоёр хуушуур

 

-Өө, мөнгөтэй хүмүүс байна даа. Ахиухан хоол авч идэхгүй яагаа вэ

 

-Өө, сумын гуанзанд хуушуур л байна лээ.

 

Анх удаа тэтгэврийн мөнгөө авч төрд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлсэн ээж минь тун баяртай байна. “Миний хүү мөнгөтэй юу, ээж нь мөнгө явуулах уу” гэнэ. “За хаанаас даа ээж, би оюутан байхаа болиод орлоготой болсон шүү дээ” гэж нэрэлхмээр аядвал  “Ээж нь та нарт бүгдэнд нь тэтгэврийнхээ дээжээс хуваамаар санагдаад” гэхэд нь зангирч байна. Насных биз.

 

Хэдэн жилийн өмнө  “Ээж одоо л мөнгө гялс шилжүүлэхгүй бол, өлсөөд уналаа. Ээж ангийнхан агаарт гарна гэнэ. Би л мөнгөгүй үлдэх гээд байна. Ээж бие даалт гаргуулах гэсэн мөнгө байхгүй. Ээж хавар болоод хөл халууцаад, пүүз авмаар байна. Ээж энэ муу утас бүр эвдэрсэн” гээд л дуусдаггүй хэрэглээ, дураараа хүсэл бүрт дансаа явуулчихаад “Одоо гялс шилжүүлчих” гэж араас нь шавдуулдаг байлаа. Одоо та биш би танаас “Алив ээжээ, дансаа” гэж асуух учиртай...

 

“Амьдрал мэдэхгүй бацаан”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Автобуснаас талбай дээр буугаад урагш гүүр давах санаатай Номын сангийн эсрэг талаас таксинд суулаа. Сараал “Приус-20”-тэй  жолооч өмнө зогсоод “Хаашаа вэ” гэснээ хариулт сонсолгүй “За бушуу суу суу” гэж тушаав. Суусан даруйд яриа өдөж

 

Ах /А/: Дүү нутаг хаана вэ?

 

Түмний нэг /Т/: Төв аймгийнх.

 

А: Аль сум?

 

Т: Баян сумынх

 

А: Аан, чи Анчин Баярааг таних уу?

 

Т: Сайн танихгүй юм байна аа. Би гэхдээ одоо суманд очдоггүй юм аа. Хотод байдаг.

 

А: Аан тэгвэл танихгүй байх. Яагаав антентэй уулан дээр амьдардаг байсан даа. Тэр бид хоёр найзууд. Хэдэн жилийн өмнө тэднийд очиж нэг сайхан тарвага шарж идэж билээ. За дүү ажил төрөл юу хийдэг вэ?

 

Т: Яахав боломжийн ажилтай.

 

А: Яагаад хэлэхгүй байгаа юм. Тийм нууц ажил хийдэг юм уу

 

Т: Үгүй ээ, сэтгүүлч л дээ.

 

А: За сонгууль болох гээд завгүй л байна уу?

 

Т: Өө гайгүй дээ. Та аль дүүргийнх вэ

 

А: Би Сонгинохайрхан дүүргийнх

 

Т: Хэнийг сонгох гэж байна?

 

А: Хмм, олигтой амьтан байгаа юм уу?

 

Т: Сумъяабазар уу?

 

А: Тэрүүгээр яадаг юм

 

Т: Учрал?

 

А: Муу ЖДҮ-чин, яршиг л байна. Муу амьдрал мэдэхгүй бацаан. Ах нь 9 жил хүний нутаг махаа цайгаад ирсэн хүн дээ

 

Т: Өө тийм үү.

 

А: Японд 3 жил, Солонгост 6 жил амьдарсан

 

Т: Олон жил болжээ. Байр савны мөнгө бол өлөгхөн цуглуулаа байлгүй

 

А: Тэгэлгүй яахав. Сансарт байртай. Ах нь дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарсан. Хамгийн бага одоо оюутан. Корона гээд хичээл нь амарчихсан нэг их унтсан л хүн байх юм. Би өглөө их эрт босдог юм. Тэгэхээр “Аав унтуулахгүй, юм түжигнүүллээ” гэнэ. Би тэгэхээр нь муу хогийг загнаж босгоод “Яв, хэрэглээний мөнгөө өөрөө ол” гээд явуулчихдаг юм. Өөрөө нэг “Акуа”-тай. Тэрүүгээрээ хөөрхөн мөнгө олоод бензинээ хийгээд илүү гарвал өөртөө зарцуулаад болдог л юм шиг байна лээ. Ээжтэйгээ бас их шивнэлдэнэ ээ. Би тоодоггүй юм.

 

Т: Та байнга таксинд явдаг уу?

 

А. Үгүй ээ. Ах нь говьд уурхайд ажилладаг юм. Тэнд 14 хоног ажиллаж ирээд 10 хоног энд амарна. Ирээд гэрт хоёр хоног л хэвтдэг юм. Тэгээд л уйдаад, хэвтэхээр нуруу туруу өвдөөд дэмий байхаар гээд таксинд явдаг юм.  За дүү гэр бүлтэй юу?

 

Т: За ахаа ингээд буучихья. Хэд гарч байна

 

А: Хоёр мянга гарчээ

 

Т: Би мөнгийг нь шилжүүлчих үү?

 

А: Бэлэн байхгүй юу. Ээ тэгээд наад мөнгөний чинь таван зууг нь бараг банк татаад аваад явчихдаг юм аа. За чи тэгвэл ахдаа 5000-ыг шилжүүлчих. Би чамд 3000 хариулж өгье

 

-За ахаа, баярлалаа, баяртай.

 

Ийм нэгэн яриа хөөрөө өрнүүн жолоочийн унаанд сууж Энхтайваны гүүр даваад буулаа. Ахын яриа бүр алсарч амьдрал судлах гээд ч байх шиг санагдаж явтал ашгүй хүрэх газраа ирсэнд баярласан гэж. Хээ, шаагүйгээ далимдуулж хэт хүний амьдрал, асуудалд хошуу дүрээд байгаагаа өөрөө ч мэддэггүй ах нар байдаг даа. Ийм хүмүүст хариулаад байх хэцүү, хариулахгүй болохоор "Сүртэй юм" гэх нь жаахан мэдрэмжгүй, тийм ээ.

 

Хүний хувийн орон зайд тун мэдрэмжтэй хандаж байх уриалга дэвшүүлээд энэ удаагийн автобусны тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Бурхан багшийн дүйчин өдрөө үр бүтээл дүүрэн өнгөрүүлээрэй.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
МАН-с нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд л зарна. Сүүгээ заавал зараад ирээрэй гэдэг даалгавар авдаг байлаа.
2020-06-08
Zochin:
Taksiind yavj bui jolooch nar mashinaa ugaagaad tseverllechihgvi baij ali nurag ger bvl ajil eneter geed sudalgaa yavuulchih ni yostoi hetsvv helehgvi bol bvvr zagnana tegej nuuh shaardlagatai yumuu ch geh shig yostoi zovooj uguh yum vvniig yaj zogsooh arga bnaa hvn bvhen iim zovlontoi durakuud baidag gene lee
2020-06-07
Yag goe deeree ireed end buuchihya gedeg bnashdee kkk
2020-06-05